Тамирчдын амжилтЧөлөөт цаг

Эрдэнэтчүүд спорт цогцолбортоо 23 секц, дугуйланд хичээллэдэг

“Ковид” цар тахлын хүнд үе ард хоцорч, соёл спорт, олон нийтийн үйл ажиллагаа сэргээд багагүй хугацаа өнгөрлөө. Бид Эрдэнэт үйлдвэрийн Спорт цогцолборт үйл явдал хэрхэн өрнөж буйг сурвалжиллаа. Цогцолборын үүдний хэсгийн цэлгэр танхимд хэсэг бүлгээрээ яваа бололтой багачууд, бэлтгэлийн үүргэвчтэй томчууд ч цөөнгүй, хөл хөдөлгөөнтэй байв. Тэд дасгалдаа, бассейндаа яарч яваа бололтой. 

Эхлээд бид, Спорт цогцолборын орлогч дарга М.ОТГОНБАЯР-тай уулзлаа

-Манай цогцолбор Эрдэнэт үйлдвэрийн ажилчид болон Орхон аймгийн иргэдийн бие бялдрыг чийрэгжүүлэх, их спортын төрлөөр тамирчин бэлтгэх үндсэн үйл ажиллагаатай. Цар тахлын хөл хорионы үе өнгөрч, бид гуравдугаар сарын нэгнээс үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байна.  Хөл хориотой байх үеийг ашиглан бид сагс, волейболын зааландаа засвар хийж, бассейнаа шинэчилсэн. Бассейнд жаахан доголдол гарсныг шийдээд явж байна. Манайд нийтийн биеийн тамир чийрэгжүүлэлтийн 18, их спортын тав, нийт 23 секц дугуйлан хичээллэж байна. Энэ жилээс спинингийн секц шинээр хичээллэж эхэлсэн. Бадминтоны дасгалжуулагчтай болсонтой холбоотой энэ секц эрчимжиж байна. Бассейнд Эрдэнэт үйлдвэрийн ажилчдаа туршилтын журмаар явуулж байгаа. Доголдол шийдэгдсэний дараа Орхон аймгийн хичээллэгчдээ хүлээж авна.

Манай секц дугуйлангуудад 7 хоногт давхардсан тоогоор 1500 орчим хүн хамрагдаж байгаа нь хөл хорионы өмнөх үеэс 500 шахам хүнээр нэмэгдсэн тооцоо гарсан. Спортоор хичээллэгчид маань эрүүл мэнддээ ихээхэн анхаарч, бие бялдраа чийрэгжүүлэхээр зорьж байгаагийн илрэл. Бидэнд цаашид заал танхимаа нэмэгдүүлэх, ажилчдынхаа эрүүл ахуйг хангахын тулд стандарт нормыг хангаж ажиллах шаардлага тулгарч байна. Манайхан ч  илүү цагаар ихээхэн ажиллаж байгаа. Үйлдвэрийн ажилчдын болон аймаг орон нутгийн хамтын ажиллагааны хүрээнд тэмцээн уралдаан олноороо явагдаж байна. Манай бассейн 06:30 цагаас үйл ажиллагаа эхэлж байгаа бол Нийтийн биеийн тамир чийрэгжүүлэлтийн хэсгээс “Эрүүл мэнд-Эрхэм баян” уриатайгаар дөрөвдүгээр сарын 12-ноос зургадугаар сарын 12 хүртэл бадминтон, сагсан бөмбөг, волейбол, фитнес, иог, ширээний теннис, аэробикийн секц өглөөгүүр ч хичээллэх боллоо. Үйлдвэрийнхээ ажилчдыг урин цагт өглөө эртлэн босож спортоор хичээллээрэй гэж уриалж байна. Түүнчлэн, хөл бөмбөгийн талбайгаа тохижуулан тавдугаар сарын нэгнээс олон нийтийг хамарсан гимнастик,  хийн дасгалыг өглөө эрт хийлгэхээр төлөвлөж байна.   

Бүтцийн нэгжүүдийн дунд Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын 42-р спартакиадын волейболын тэмцээн боллоо. Удахгүй, сагсан бөмбөг, хөл бөмбөг, бадминтоны тэмцээн явагдана. Цехүүд 7 хоног бүр тэмцээн зохион байгуулж байгаа. Мөн Уул уурхайн салбарын 100 жилийн ойд зориулсан тэмцээн уралдааныг Эрдэнэт үйлдвэр зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа орсон.  Энэ хүрээнд сагс, волейбол, ширээний теннис, дартс, олс таталт, шатар, шагайн харваан тэмцээн явагдана. Иймээс манай хамт олон ажил, ачаалал ихтэй байна.  

Иогийн багш Ц.АРИУНЖАРГАЛ:  

-Бид  гуравдугаар сарын нэгнээс  энгийн хуваариар анги дүүргэлтээ бүрэн хэмжээнд аваад секц дугуйлан маань эхэлсэн. Иогийн хичээллэгчид маань заал танхимаа, дасгал хөдөлгөөнөө их санажээ. Хичээллэгчдийн тоо ч  өмнөхөөсөө нэмэгдэх хандлагатай.  Манайх ээлжийн ажилчдын, ахмадын, өдрийн ээлжийн ажилчдын цагуудтай. Мөн хүүхдийн иог давхар хичээллэж байгаа. Эдгээр цагуудад 12-15 хүн хамрагдаж байна. Аливаа дасгал хөдөлгөөн бүлэг булчингуудыг хөгжүүлдэг. Тэгвэл иог хийхэд биеийн бүх үе, холбоос булчин, шөрмөс ажиллагаанд орж,  эсийн тунгалгийн түвшинд хүртэл үйлчилдэг. Иог хийснээр зөв амьсгалж сурна. Ингэснээр хүчилтөрөгчийн хэмжээ нэмэгдэж, цусны эргэлт эрчимжиж бие эрүүлждэг. Иймээс би Эрдэнэт үйлдвэрийн ажилчин болгоныг нэг удаа ч гэсэн иог хийлгэх юм сан гэж зорьдог. Эрдэнэт үйлдвэрийнхээ ажилчид болон Орхон аймгийн иргэдэд иог, дасгал хөдөлгөөнийг тууштай хийж, амьдралын зөв хэв маягийг хэвшүүлээрэй гэж уриалъя. 

Гуравдугаар давхарт байрлах спорт заал засвар хийгдэн цэмбийж, “NBA”-ийн жишигт хүрсэн агч модон шалтай болжээ.  

Волейболын багш Э.СҮЛД-ЭРДЭНЭ: 

-Цар тахлын хөл хорионы үе бараг хоёр жил үргэлжилж, заал танхим нээгдсэнгүй. Эрдэнэт хотын хүүхдүүд, Эрдэнэт үйлдвэрийн ажилчид цар тахлын үед спортоор үйлчлэх байгууллага байсангүй. Хөл хориотой үед хөдөлгөөний дутагдалд орсон хүүхдүүд маань заал нээгдэж, хичээл эхлэхэд их баяртай байна. Манай секцэнд 100 гаруй хүүхэд, залуучууд хичээллэж байгаа. Волейбол сонирхогч хүүхдийн тоо улам нэмэгдэж байна. Хөл хорионы үед засвар хийж, олон улсын стандартад нийцсэн заал танхимтай болсонд хичээллэгчид ч урамтай байгаа. Волейболын спорт хүнийг багаар ажиллах чадварт сургадаг, нийтэч, хамт олонч, хөдөлгөөний эвсэлтэй болгон төлөвшүүлдэг.

Бодибилдинг, фитнесийн  багш, дасгалжуулагч  Б.МӨНХБАТ:

-Манай секц хүн ихтэй, бүтэн өдрийн турш ачаалалтай байна. Хичээллэгчдийн ихэнх нь үйлдвэрийн ажилчид. Мөн Орхон аймгийн иргэд ч бас бий. Чөлөөт, жүдо, байт харваа, хөл бөмбөг, хоккей, боксын шигшээ багийн тамирчид энд хүчний бэлтгэлээ бас хийдэг. Хүчний бэлтгэлгүйгээр спортод амжилт гаргахад хэцүү. Тийм болохоор хүчний бэлтгэл сургуулилт манай зааланд төвлөрч хийгддэг. Манай заалны багтаамж, стандарт хэмжээ нь 16 хүнтэй байх ёстой ч заримдаа 40 хүрэх нь ч бий. Оргил ачааллын үе 16:40 цагийн автобусаар бууж ирснээс хойш 20:30 цаг хүртэл “оволзоно” шүү. Хөл хорионоос шалтгаалан хүмүүс хөдөлгөөний дутагдалд их оржээ. Энд ирж, хөлсөө гаргаж, кайф авна. Ажлын ачаалал, стрессээ тайлна, эмх цэгцгүй олон бодлоос ангижирна. Манайд гүйлтийн зам, бусад тоног төхөөрөмж ашиглан хэнд ч саад болохгүйгээр дасгал сургуулилт хийх боломжтой. Спорт тоглоом бол дор хаяж 5-6 уулаа ирэхгүй бол баг бүрдэхгүй. Хэн нэгнийхээ цаг завыг харна, хүлээнэ. Харин манай зааланд ганцаараа дуртай үедээ ирж болно. Нийт уурхайчид, Орхон аймгийн иргэддээ  фитнес бодибилдинг, пауэрлифтингийн спортоор хичээллээрэй. Хүүхэд багачууддаа энэ спортыг таниулахын төлөө хичээгээрэй, гэж хэлье.

Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн хянах хэмжих хэрэгслийн засварчин  Э.ЭНХБАТ: 

-Би аавынхаа оронд ажилд ороод найман жил болж байна. Бодибилдингийн спортоор сүүлийн нэг жил хичээллэж байна. Эрүүл байхын гол үндэс нь хөдөлгөөн. Суугаа ажилтай болохоор хөдөлгөөн дутагдаж, нуруу бөөр өвдөх зэрэг шаналгаатай байсан. Фитнесээр хичээллэснээр энэ зовуурь үгүй болсон. Хөдөлгөөний дутагдлаас ангижирч, бие бялдрын хувьд ч сайхан болдог. Бас зорилго тэмүүлэлтэй, түүнийгээ биелүүлэх эрч хүчтэй болдог. Заал ажилд ороод сайхан байна. Эрдэнэт үйлдвэр спортоор хичээллэх, чөлөөт цагаа зөв өнгөрөөх боломжоор сайн хангадаг. Үйлдвэрийнхээ ажилчдад хандаж, энэ боломжийг дүүрэн ашиглаж, спортоор хичээллэж, дасгал хөдөлгөөнийг тогтмол хийж, эрүүл мэнддээ анхаараарай, гэж хэлье.  

Боксын зааланд шигшээгийн тамирчид бэлтгэлээ базааж байна. Боксын дасгалжуулагч ОУХМ С.БАТТУЛГА:

-Бид цар тахлын үед ч боломжоо ашиглан, дасгал сургуулилтаа Улаанбаатарт голдуу төвлөрч хийж байлаа. Ойрын үед насанд хүрэгчдийн УАШ тэмцээн дуусаад бид бүхэн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бэлтгэж байна. Саяхан болсон УАШТ-д Спорт цогцолборын “Хангарьд” спорт клубийн боксчид багийн дүнгээр хоёрдугаар байр эзэлсэн. Баг тамирчид маань зургаан алт, нэг мөнгө, хоёр хүрэл медальтай өндөр амжилт үзүүлсэн. Тавдугаар сард Туркийн Станбул хотод болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд албан ёсоор дөрвөн эрх авсан. Шилдэг наймын тэмцээнээр хоёр эрх авахаар зорьж байна. Монгол Улсаас оролцох тамирчдын зургаан жинд Эрдэнэт үйлдвэрийн тамирчид оролцоно гэсэн зорилготой. Бид эндээ бэлтгэлээ хийж байгаад бусад хамтрагчид болон ОХУ-ын Улан-Удэ хотын боксын тамирчид “Сэлэнгэ” амралтын баазад хамтарсан бэлтгэл хийнэ. Багш хүн уяач лугаа адил бүх л тамирчдаа эх орныхоо алтан соёмбот далбааг мандуулаад дэлхийн аварга олноор төрөөсэй гэж л хүсэж байна даа. 

Жүдо бөхийн дасгалжуулагч Д.АЛТАНСҮХ:

-Жүдо бөхийн холбоо дотоодын чансаа олгох цуврал тэмцээн явуулдаг. Сар бүр оноо аваад, түүгээрээ Монголын рейтинг тогтоогоод, тэргүүлсэн тамирчдаа олон улсын тэмцээнд оруулах зорилготой. Манай шигшээ багийнхан Хангай констракшны нэрэмжит гуравдугаар сарын чансаа олгох тэмцээнээс хоёр алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль авлаа. Зургадугаар сарын 24-26-нд Улаанбаатар хотод болох жүдо бөхийн Дэлхийн “Их дуулга” тэмцээнд 5-аас 7 тамирчин оролцуулах зорилготой бэлтгэлээ хангаж байна. 

Чөлөөт бөхийн дасгалжуулагч Г.ЦЭРЭНПУНЦАГ:

-Манай чөлөөт бөхийн секцэд үйлдвэрийн ажилтнууд, тэдний хүүхдүүд хичээллэдэг. Азийн аварга шалгаруулах насанд хүрэгчдийн тэмцээн энэ жил Монголд болно. Эрдэнэт үйлдвэрээс гурван тамирчин оролцоно. Энэ тэмцээний дараа Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн болно. Эндээс медаль авах зорилго тавин ажиллаж байна. Түүнчлэн “чөлөөт”-ийн тамирчид энэ оны зургадугаар сард болох бүх ард түмний спартакиадад оролцохоор бэлтгэлээ хангаж байна.  Эрдэнэт үйлдвэр  маань  спортыг  ихээхэн дэмждэг учраас тамирчид  амжилт гаргахад түлхэц болдог.  2021 онд манай 43, 46 кг-ийн жингийн охид Өсвөрийн Улсын аваргаас мөнгөн медаль, 73 кг-ийн жинд хүрэл медаль авсан.  Эрдэнэт үйлдвэрээс Эрдэнэтийн унаган хүүхдүүдийг спортод амжилт гаргахад дэмжиж байгаа. Энэ хүрээнд манай тамирчин Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс шагналт тавдугаар байрт орсон. Манай тамирчид боломжийн амжилттай яваа. Цаашид амжилтаа ахиулахаар бэлтгэл сургуулилтдаа анхааран ажиллаж байна. 

Ийнхүү спорт цогцолборт үйл ажиллагаа эрчимжиж, ажил өрнүүн байна.

Эх сурвалж: Эрдэнэт

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close