Б.Мөнх-Оргил: Азийн аварга бол тамирчдын шат ахих хамгийн том талбар

Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
Таеквон-догийн Азийн аварга шалгаруулах XI тэмцээн Монгол Улсад зохион байгуулагдаж байна. Энэ хүрээнд удирдах зөвлөлийн хурал болон техникийн /2026.08.04/ зөвлөгөөн боллоо. Энэ үеэр Олон улсын таэквондогийн Монголын холбооны ЕНБД Б.Мөнх-Оргилтой ярилцлаа.
-Таеквондогийн Азийн аварга шалгаруулах XI тэмцээн манай улсад болж байна. Энэ удаагийн тэмцээнд хэчнээн орны хэдэн тамирчин оролцож байгаа вэ?
-Олон улсын таеквондогийн Ази тивийн аварга шалтгаруулах XI тэмцээн Монгол Улсад зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн тэмцээнд 32 орны тамирчид, шүүгч, дасгалжуулагч, Азийн болон Дэлхийн таэквондогийн холбооны удирдлагууд гээд 1283 оролцогч байна.
Ази тивийн аварга шалгаруулах энэ удаагийн тэмцээний онцлог нь Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж байна. Энэ манай улс таэквондогийн спортод хэрхэн анхаарал хандуулж байгаагийн илэрхийлэл. Манай улс таэквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг гурав дахь удаагаа зохион байгуулж байгаа. Энэ удаагийн тэмцээний оролцогч өнгөрсөн 2018 оныхтой харьцуулахад хоёр дахин өссөн. Өөрөөр хэлбэл, манай улсын таеквондогийн хөгжил олон улсын тамирчдын анхаарлыг татаж байна гэж болно.
Нөгөөтээгүүр энэ удаагийн тэмцээнд Азийн болон дэлхийн холбооны ерөнхийлөгчид, удирдлагууд оролцож байгаа. Мөн Европын холбооны ерөнхийлөгч тэмцээйг үзэж сонирхохоор манай улсад зочлоод байна. Тиймээс л энэ удаагийн тэмцээн нэлээд өргөн цар хүрээтэй, нарийн зохион байгуулалттай, томоохон арга хэмжээ болж байгаа юм.
-Энэ удаагийн тэмцээнд Азийн шилдэг тамирчдын гол өрсөлдөх талбар гэж харж болох уу. Магадгүй дэлхийн тэмцээнд орох “түлхүүр” байх ч юм билүү?
-Тэгэлгүй яах вэ. Ер нь бол хоёр жилд нэг удаа Ази тивийн аваргын тэмцээн болдог Мөн хоёр жилд нэг удаа дэлхийн аварга болдог. Тэгэхээр тамирчид энэ тэмцээнд өндөр ач холбогдол өгч оролцож байгаа. Хэн бүхэнд л тив, дэлхийн аварга, медалийн эзэн байх чин хүсэл, зорилго байгаа шүү дээ.
Түүнчлэн манай тамирчид ч гэсэн тивийнхээ аварга тивийнхээ медальтан болохын төлөө бэлтгэлээ базаан тэмцээнээ хоног тоолон хүлээж байгаа. Тийм учраас тамирчдын хувьд маш их хүлээлт үүсгэдэг. Үүний төлөө өөрийгөө чадваржуулж, өндөр түвшинд бэлтгэл хангаж ажилладаг учраас Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн бол шат ахих хамгийн том талбар байгаа юм.
-Өнөөдөр зохион байгуулагдсан хурал, зөвлөгөөнөөс харж байхад тэмцээнийг зохион байгуулна гэдэг асар өрсөлдөөнтэй юм байна шүү дээ. Монгол Улс энэ тэмцээнийг гурав дахь удаагаа зохион байгуулах эрх авчээ. Тэгвэл ингэж итгэл хүлээлгэхэд нөлөөлсөн хүчин зүйл юу байсан бэ?
-2018 оны тэмцээнийг зохион байгуулах эрхийг Непаль Улсад болсон тэмцээний үеэр болсон Их хурлаас гаргасан л даа. Мэдээж бид бусад орнуудтай өрсөлдөн сонгон шалгаруулалтад оролцсон. Яг л энэ зарчмаар 2024 онд Энэтхэг улсад болсон тэмцээний үеэр Непаль, ОХУ-ын Улаан-Үдэ хоттой өрсөлдөн энэ удаагийн эрхийг олж авсан юм.
Энэ удаагийн тэмцээнд оролцох тамирчид, зочид төлөөлөгчдийг угтах үеэр тэд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байсан. Тэгэхээр бид нэлээд нарийн төлөвлөж ажилласны үр дүн гэж харж байна.
Өнөөдөр бол тэмцээн эхлэхийн өмнө зохион байгуулдаг удирдах зөвлөлийн хурал, техникийн зөвлөгөөн, Их хурлыг уламжлал ёсоор хийж байна. Энэ үеэр Таэквондогийн Азийн холбооны үйл ажиллагааг дүгнэдэг. Мөн зочид төлөөлөгчид нэгдэж таеквондогийн ирээдүйн хөгжил ямар байх вэ. Цаашид хэрхэн хамтран ажиллах вэ. Тэмцээн, уралдаанууд хаана, хаана болох вэ гэх мэтчилэн олон асуудлыг хэлэлцэн, санал солилцож байна. Мөн дүрэм журамд өөрчлөлт оруулах эсэх хийгээд дараагийн удирдлагын багийн томилгоог хийгээд явдаг. Тэгэхлээр энэ хоёр жил тутам болдог томоохон арга хэмжээ. Ази тивийн аварга шалгаруулах таеквондогийн тэмцээн маргааш /2026.08.05/ эхэлнэ.

-Тамирчдыг тосож байхад бага насны хүүхдүүд ирж байсан. Таеквондогийн онцлог нь юу вэ?
-Таеквондогийн спортод насны хязгаар тавьдаггүйгээрээ онцлогтой. Монголчууд найман настай балчираас 80 настай буурай хүртэл гэдэг шүү дээ. Яг л энэ зарчим. Тухайн хүн хүсэж бас чадаж байвал бэлтгэл сургуулилтаа хийгээд энэ спортоор хичээллээд явах бүрэн боломж бий. Өөрөөр хэлбэл, бүх насныхан өөрийгөө сорьж өрсөлдөж, биеийн эрүүл мэндийг хамгаалж түүгээрээ бусдад үлгэр дуурайлал болох ёстой гэж боддог. Энэ бол таэквондогийн спортын философи, үзэл санаа нь юм.
Азийн болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд насны ангилалаар оролцдог. Бид энэ удаагийн тэмцээнд бага насны хүүхдийг оролцуулах хүсэлтийг Азийн холбооны удирдах зөвлөлд гаргасан. Холбооноос энэ саналыг маань дэмжээд хүүхдүүд орж байгаа.
-Олон улсын тэмцээнийг эх орондоо зохион байгуулсны гол үр дүнг та юу гэж хэлэх вэ. Магадгүй спортыг дагасан аялал жуулчлалаар дамжуулан эдийн засгийн хөгжлийг бий болгох гарц байж болох уу?
-Мэдээж энэ бол улсын эдийн засагт мөнгөний эргэлтийг нэмэгдүүлэх боломж. Ингэснээр тэмцээнийг зохион байгуулсан хамгийн том нөлөө бас үр дүн нь харагдах болно. Ер нь зөвхөн таэквондо төдийгүй олон улсын чанартай бүхий л уралдаан тэмцээн тухайн улс орны эдийн засагт нэлээдгүй дэмжлэг болдог.
Тэгэхээр тэмцээн зохион байгуулснаар нэгдүгээрт тухайн спортын хөгжилд дорвитой хувь нэмэр оруулах боломж бүрдэнэ. Бусад улс орны тамирчдын туршлагаас суралцахын зэрэгцээ ямар нөөц боломжийг дайчилж амжилтад хүрэх вэ гэдгээ илүү мэдрэх юм.
Түүнчлэнэ олон улсын тэмцээний нөлөөгөөр тоног төхөөрөмж, худалдаа, үйлчилгээ, тээвэр гээд олон салбарыг хамарсан худалдаа, үйлчилгээний эргэлтийг нэмэгдүүлнэ. Тодруулбал, Монголын аялал жуулчлалын салбарт маш том хөрөнгө оруулалт хийж байгаа. Тийм учраас тэмцээн зохион байгуулагдсанаар хэдий хэмжээний орлогыг эдийн засагт төвлөрүүлэх вэ гэдгийг тооцоолоход ойролцоогоор 3-4 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх боломжтой нь харагдсан. Тэгэхлээр энэ удаагийн тэмцээнээр спортын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж байгааг харуулж байна.
Т.АНУ
Эх сурвалж: epress.mn
Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724



