“Эрч” спорт хорооны тамирчин Ц.Батцэцэг олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцлоо
БНСУ-ын Чонжу хотод 2019 оны 11 дүгээр сарын 7-10-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Самбо бөхийн 2019 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын баг тамирчид амжилттай оролцож 2 алт, 1 мөнгө, 8 хүрэл медаль хүртэж, багийн амжилтаар 2 дугаар байрт шалгарсан билээ.
Тус тэмцээнд Тагнуулын ерөнхий газрын харьяа “Эрч” спорт хорооны тамирчин Цог-Очирын Батцэцэг 68 кг-ийн жинд оролцож, хүрэл медаль хүртлээ.
Түүнчлэн “Монголын Таеквондогийн холбоо” ГҮТББ-аас зохион байгуулж буй насанд хүрэгч, мастер ангилал, улсын аварга шалгаруулах тэмцээн 2019 оны 11 дүгээр сарын 14-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж өндөрлөсөн бөгөөд тэмцээнд ТЕГ-ын “Эрч” спорт хорооны 14 тамирчин, дасгалжуулагч Д.Батнасангийн удирдлага дор оролцож, дараах амжилт үзүүллээ:
Эрэгтэй тамирчдаас
1. 54кг-ийн жинд П.Пүрэвсайхан оролцож алтан медаль,
2. 54кг-ийн жинд Г. Энхбаяр оролцож мөнгөн медаль,
3. 58кг-ийн жинд П.Дүүрэнжаргал оролцож мөнгөн медаль,
4. 63кг-ийн жинд Э.Батмөнх оролцож хүрэл медаль,
5. +87кг-ийн жинд П. Золжаргал оролцож алтан медаль
6. Мастер ангилалд Д.Батнасан оролцож мөнгөн медалиар шагнагдаж, багийн дүнгээр 2 байрт шалгарч цом, мөнгөн медаль хүртсэн бол багийн тулааны УАШТ-нд П.Пүрэвсайхан, П.Дүүрэнжаргал, Б.Чинзориг, Г.Энхбаяр нар оролцож мөнгөн медаль тус тус хүртсэн.
Эмэгтэй тамирчдаас
1. 46кг-ийн жинд Б.Оюунтүлхүүр оролцож алтан медаль,
2. 46кг-ийн жинд М.Бүжинлхам оролцож мөнгөн медаль,
3. 53кг-ийн жинд Б.Намуун оролцож алтан медаль
4. 57кг-ийн жинд Д.Бямбажаргал оролцож хүрэл медаль
5. 67кг-ийн жинд Р.Алтантуяа оролцож алтан медаль тус тус хүртсэнээр багийн амжилтаар тэргүүн байранд шалгарч, цом, алтан медалиар шагнагдав.
Ийнхүү дэлхийн болон улсын хэмжээний тэмцээнүүдэд амжилттай оролцож, бахдам амжилт үзүүлсэн нийт тамирчиддаа баяр хүргэж, амьдралд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!