У.Хүрэлсүх: Кино, урлагийг дэмжих Үндэсний хороо байгуулах тухай хуульчлах нь зүйтэй
Хэлэлцүүлэгт киноны уран бүтээлчдийн мэргэжлийн холбоод, кино бүтээгч студи, продакшний найруулагч, зохиолч, жүжигчид гээд 150 орчим төлөөлөл оролцож, саналаа хэлж, хуулийн төсөлд оруулах нэгтгэсэн саналаа Ерөнхий сайд болон хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагчид бичгээр өгөв.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Монгол хүнийг бий болгох суурь бол соёл урлаг, боловсрол, түүний дотор кино урлагийн хүч нөлөө үлэмж их юм. Кино урлагийн хөгжил нь монгол хүний сэтгэхүй болоод техник технологийн хөгжлийг авчрах нэг гарц, киногоор дамжуулж бид дэлхийд танигдах боломжтой.
Иймд төрөөс кино урлагийн салбарыг хөгжүүлэхэд нэн тэргүүнд Кино урлагийг дэмжих тухай хууль батлуулах, Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд Кино урлагийн зөвлөл байгуулах, Кино үйлдвэр барих, Кино урлагийг дэмжих сан байгуулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөж, зарим ажлыг эхлүүлээд байна гэв.
Энэ хүрээнд “Кино урлагийг дэмжих тухай” зургаан бүлэг 15 зүйлтэй хуулийн төслийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг УИХ-ын даргад өргөн мэдүүлснийг ажлын хэсгийн гишүүд танилцуулж, хуулийн төслийн талаар оролцогчдын санал шүүмжлэлийг сонсож, хэлэлцүүлэг явуулав.
Хэлэлцүүлэгт оролцогчид кино, урлагийн салбарын харилцааг зохицуулах анхны хууль батлагдах нь зүйтэй гэдэгт санал нэгтэй байсан ч тодорхой хэд хэдэн асуудал дээр байр суурь зөрөлдсөн. Иймд тус тусын саналыг судалгаанд тулгуурлан боловсруулж, бичгээр хуулийн төслийн ажлын хэсэгт өгч идэвхитэй оролцоог хангаж ажиллахын зэрэгцээ үр дүнд нь амьдралд ойр “амьд хууль”-тай болох нь чухал гэдгийг Ерөнхий сайд зөвлөв. Мөн УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос байгуулагдах Кино, урлагийг дэмжих тухай хуулийн төслийн ажлын хэсэгт мэргэжлийн уран бүтээлчдийнхээ саналыг тусгаж ажиллахад идэвхитэй оролцохыг уриалсан.
Хэлэлцүүлгийн төгсгөлд Монгол Улсын Ерөнхий сайд хэлэхдээ Монгол Улсын Засгийн газар Кино, урлагийн салбарыг хөгжүүлэх, хөл дээр нь босгоход онцгой анхаарч байгаа. Кино уран бүтээлчидтэй хоёр дахь удаа уулзаж хэлэлцүүлэг өрнүүллээ. Та бүхний идэвхитэй оролцоо, олон ургалч санал, хэлэлцүүлгийн дүнд Кино урлагийн салбарт нэгдсэн удирдлага хэрэгтэй байна гэдэг нь харагдаж байна. Иймд Кино урлагийг дэмжих Үндэсний хороо байгуулах талаар хуульчилж өгөх нь зүйтэй гэж үзэж байна гэсэн юм. Түүний саналыг уран бүтээлчид дэмжиж, ажлын хэсэгт уламжлахаар тогтов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.