Энэ сардЭрүүл мэндFood&Health

Өглөөний цай уух таван шалтгаан буюу гайхамшигт давуу тал

Эрч хүчтэй өдрийн эхлэл

Хүн бүхэн өглөө боломжтой хэмжээгээрээ витамин, шим тэжээлүүд авч байх хэрэгтэй. Өглөөний цайны нэг ид шид үүнд бий. Өглөөдөө нэг өндөг идэх нь танд уураг амин хүчил өгч, витамин Д болон ясанд тань хэрэгтэй кальцийн эх үүсвэр болж өгдөг. Мөн бүхэл үрийн талх, жүрж, усан үзэм зэрэг нь өглөөг эрч хүчтэй эхлүүлэх боломж өгнө.

“Өглөөний цай уух нь биед сайн” гэдгийг та хангалттай сонссон байх. Үүнтэй холбоотой янз бүрийн л заавар, зөвлөмжүүд байдаг. Аль нь яг үнэн юм бэ. Үнэхээр өглөөний цай тийм чухал гэж үү? гэсэн асуултууд эргэлзүүлж байгаа бол та шинжлэх ухааны үндэслэлтэй доорх таван шалтгаантай танилцаарай.

1. Өглөөний цайгаа тогтмол уух нь биеийн эрүүл мэндэд жигд сайн
Өглөөний цайгаа тогтмол уух нь эрүүл мэндэд ашигтай гэсэн судалгаа маш олон бий.
Жишээ нь Харвардын их сургуулиас 16 жилийн турш явуулсан нэгэн судалгаанд АНУ-ын 45-82 насны 26 мянга гаруй эрчүүдийг оролцуулахад өглөөний цай уудаггүй эрчүүдийн зүрхний өвчнөөр өвдөх магадлал бусдаасаа 27 хувиар илүү байжээ.
Тодруулбал эдгээр эрчүүдийн цусан дахь сахарын хэмжээтэй холбоотойгоор зүрхний титэм судасны өвчин үүсч улмаар зүрхний шигдээсд хүргэдэг байна.
Мөн өглөөний цайгаа ууснаар эмэгтэйчүүдийн чихрийн шижин өвчнөөр өвчлөх магадлал, хэт таргалалт буурдаг гэсэн судалгаа бий.
Гэхдээ өглөө хөнгөн зууш, эрүүл хүнс хэрэглэж байгаа тохиолдолд шүү. Хэрэв босоод шууд шарсан төмс, бургер зэрэг эрүүл бус хоол идэх юм бол танд сайнаар нөлөөлөхгүй.

2. Өглөөний цайгаа тогтмол уух нь ой тогтоолтыг сайжруулна
Богино хугацааны ой тогтоолт, өглөөний цайны уялдаа холбооны талаар хийсэн судалгаанууд бас байна.
13-20 настай өсвөр насныхны дунд хийсэн судалгаанаас харахад өглөөний цайнаас бий болж буй их хэмжээний эрч хүч нь богино хугацааны ой тогтоолтын чадварыг сайжруулдаг гэжээ. Мөн өглөөгүүр овъёос болон түүний төрлийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэг бага ангийн сурагчдын богино хугацааны ой тогтоолт сайжирсны зэрэгцээ оюун ухаан нь тэлжээ.
Судалгаануудаас үзэхэд бага болон өсвөр насны хүүхдүүдэд өглөөний цай сайнаар нөлөөлж байгаа шиг насанд хүрэгчдэд ч мөн адил ажээ.

3. Өглөөний цай бол энергийн ундарга
Нүүрс ус бага, эслэг өндөртэй хүнс өглөөний цагаар хэрэглэвэл бага ядарсан мэт сэтгэгдэл төрүүлдэг гэж 1999 онд гаргасан нэгэн сэтгүүлд дурдсан байна.
Хэрэв өглөөний цайндаа бүхэл үрийн талх, амуу тариа хэрэглэдэг бол биеийн бүхий л булчин, шөрмөсөнд дэмжлэг үзүүлж, эрч хүчтэй болгох болно. Мөн та кафейн их хэмжээгээр хэрэглэдэг бол өглөөдөө уураг агуулсан хүнс хэрэглэж бай. Тэгвэл урд өмнөхөөсөө ч илүү энергиэр цэнэглэгдэх болно.

4. Өглөөний цай таныг сайхан ааштай болгоно
150 орчим сайн дурынхны орсон судалгаагаар амуу тарианы төрлийн хүнс өглөөний цайндаа хэрэглэсэн хүмүүс хэрэглээгүй хүмүүсийг бодвол тэр өдөртөө аливаад илүү тайван байдлаар хандаж байсан байна.
Товчоор хэлбэл өглөөний цайгаа ууж гарах нь таныг илүү өөдрөг болгож, аливаад эерэг хандахад туслах юм. Та хэдэн ч настай байсан уур бухимдал, сөрөг сэтгэгдлээс хол байхыг хүсвэл өглөөний цайгаа тогтмол уух хэрэгтэй.

5. Өглөөний цай таныг тураана
Хэрэв та хоолны дэглэм бариад байдаггүй ч илүүдэл жинг хүсэхгүй байгаа бол өглөөний цайнд найдаж болох нь.
Өглөөний цагаар багахан хэмжээний хоол идэх нь бодисын солилцоог сайжруулдаг.
Харвардын судлаачдын явуулсан судалгаанд нийт 17000 эрчүүд оролцсон бөгөөд өглөөний цайгаа тогтмол уудаг эрчүүд хааяадаа эсвэл огт уудаггүй эрчүүдээс илүүдэл жин багатай байсан нь тогтоогджээ.

2 1 vote
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close