Монгол, Азербайжаны улс төрийн зөвлөлдөх уулзалт боллоо
Монгол Улс, Бүгд Найрамдах Азербайжан Улсын Гадаад харилцааны яамд хоорондын улс төрийн хоёрдугаар зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатар хотноо /2025.02.03/ зохион байгууллаа. Уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг, азербайжаны талаас Гадаад хэргийн дэд сайд Элнур Маммадов нар тус тус тэргүүлж ажиллав.
Зөвлөлдөх уулзалтаар талууд хоёр улсын орны улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, Засгийн газрын бодлого, зорилтыг харилцан танилцуулж, Монгол, Азербайжаны харилцаа хамтын ажиллагааг эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, зам, тээвэр, эрчим хүч, соёл, боловсрол зэрэг харилцан сонирхсон олон салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо.
Мөн бүс нутаг, олон талт хамтын ажиллагааны асуудлаар болон энэ онд дээд, өндөр түвшний айлчлал, уулзалт, арга хэмжээ зохион байгуулах, хоёр орны харилцааг бэхжүүлэн тэлэх талаар дэлгэрэнгүй ярилцлаа.
Бүгд Найрамдах Азербайжан Улсын Гадаад хэргийн дэд сайд Элнур Маммадов болон дагалдан яваа төлөөлөгчид Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам, Батлан хамгаалах яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Зам, тээврийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Эрчим хүчний яамны төлөөлөлтэй хоёр талын уулзалт хийж, манай улсын жижиг дунд үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцах юм.