“Мэдээллийн аюулгүй байдлын менежмент” сэдэвт сургалт боллоо
Цахим техник, дижитал технологи нь өнөөгийн завгүй амьдралын салшгүй нэгэн хэсэг болсон энэ үед цахим мэдээллийн аюулгүй байдал, нууцлал, бүрэн бүтэн байдал, хүртээмжтэй байдлыг хангах нь улс орон, байгууллага, хувь хүний хувьд ч чухал сорилт болсоор байна. Иймд Зам тээврийн яамнаас мэдээллийн аюулгүй байдал, кибер халдлагаас урьдчилан сэргийлэх үүднээс “Мэдээллийн аюулгүй байдлын менежмент” сэдэвт сургалт, семинарыг (2025.01.23) зохион байгуулав. Сургалтад Зам тээврийн яамны газар, хэлтсийн төлөөлөл, харъяа байгууллагуудын мэдээллийн технологийн дарга, холбогдох 40 орчим албан хаагч оролцлоо.
Сургалтын эхэнд МУИС, Мэдээллийн технологи, электроникийн сургуулийн дэд профессор Б.Өсөхбаяр “Кибер халдлага, кибер аюулгүй байдлыг хангах техник, технолги” сэдвээр илтгэл тавьсан юм. Тэрбээр тус илтгэлдээ “Кибер халдлага нь ихэвчлэн төр болон хувийн хэвшлийн байгууллагууд руу чиглэсэн байдаг. Төрийн өмчит хуулийн этгээд болон төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдсон байгууллагын мэдээллийн системд чиглэсэн кибер халдлага, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох нь тун чухал” гэдгийг онцлоод кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүд дутмаг байгааг хэлсэн юм.