Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.4.2 дахь хэсэгт заасан чиг үүргийн хүрээнд “Улс хооронд байнгын ачаа тээврийн “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичиг олгох, ашиглах, хяналт тавих үйл ажиллагаанд баримтлах удирдамж”-ийн төслийг хянан үзэв.
Уг удирдамжийн төслийг хянах явцад улс хооронд байнгын ачаа тээврийн “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичиг олгох үйл ажиллагааг хүнд сурталгүй, ил тод зохион байгуулах, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч талуудын хүлээх үүрэг хариуцлагыг тодорхой болгох асуудлуудыг нарийвчлан тусгаагүй нь авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэх шалтгаан, нөхцөлийг бий болгож болзошгүй байна.
Тиймээс “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичиг олгох үйл ажиллагааг удирдамжаар бус салбарын хэмжээнд нэг мөр журамлан хэрэгжүүлэх, бүртгэлийн үйл ажиллагааны зохицуулалтыг тодорхой тусгах, нэг байгууллагад олноор олгож давуу байдал үүсгэх нөхцөл байдлыг хязгаарлах, зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг цахим хуудсанд ил тод, нээлттэй байршуулах зэрэг чиглэлд анхаарч ажиллах талаарх Зөвлөмжийг Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдод хүргүүллээ.