Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулахаар хэрэгжүүлж буй төслүүдтэй танилцав
Зам тээврийн яам болон Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж хамтран “Нийслэлд хэрэгжүүлж байгаа зам, тээврийн салбарын томоохон бүтээн байгуулалтын төслүүдийн төлөвлөгөөн дээр бодлогын санал, зөвлөмж авах хэлэлцүүлэг” зохион байгуулав.
Хэлэлцүүлэгт ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Артур тэргүүтэй албаныхан оролцож, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахаар хэрэгжүүлж буй төслүүдийн талаар хэлэлцэв.
Энэ талаар тус нэгжийн төслийн удирдлагын албаны дарга Б.Мөнхбаатар хэлэхдээ “Бид дэвшилтэт технологид суурилсан, олон улсын туршлагад нийцсэн олон төрөлт нийтийн тээврийн үйлчилгээг хөгжүүлэх замаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахаар метро, BRT, LRT, нүхэн гарц, дүүжин замын тээврийн төслүүдийг хэрэгжүүлж байна.
Эдгээр төсөл хэрэгжсэнээр нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээвэр төрөлжин олон сонголттой болохын зэрэгцээ хүртээмж нэмэгдэнэ. Олон төрлийн нийтийн тээврийн хэрэгслийг уялдуулсан нэгдсэн сүлжээ бий болж, авто замын сүлжээг өргөтгөснөөр авто замын түгжрэлийг дорвитой бууруулах зорилт биелэх ач холбогдолтой. Өнөөдрийн хэлэлцүүлгээр бид мэдээлэл солилцож, бодлогын түвшинд уялдуулахаар ярилцлаа. Энэ бол бидний хамтын ажиллагааны эхлэл юм” гэлээ.