Нийслэл

Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэг хүртэлх замыг шинэчилнэ

Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд байрлах Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэг рүү явдаг авто замыг энэ онд багтаан засварлаж, шинэчлэхээр ажиллаж байна. Тодруулбал Улаанбаатар хот анх удаа дотоодын зах зээлээс бонд босгож, түүнээсээ 150 тэрбум төгрөгийг хотын гол болон туслах замуудыг засварлаж шинэчлэхэд зарцуулахаар болсон. Энэ хүрээнд дээрх замыг засварлаж, шинэчлэх юм.

Тус замын урт 2.8 км бөгөөд 2007 онд ашиглалтад оруулж, 2012 онд урсгал засвар хийж байжээ. Тэгвэл өнөөдөр тус байршилд Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн П.Сайнзориг болон Нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Б.Хуягбаатар, Нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Ганбат нар ажиллалаа.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр: Хот энэ жил авто замын хөгжлийн сангийн хөрөнгөөс гадна дотоод зах зээлээс босгосон бондын эх үүсвэрээс хотын гол болон туслах замуудыг засварлах ажлыг хийхээр төлөвлөөд ажиллаж байна. Түүний нэг нь Нарангийн энгэрийн хогийн цэг хүртэлх энэ зам.

Нийслэлийн Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй дүүргийн айл өрх, иргэд, аж ахуйн нэгжүүдийн хог хаягдал 100 хувь, Сүхбаатар дүүргийн айл өрх, иргэд, аж ахуйн нэгжүүдийн хог хаягдлын 50 хувь нь энэ хогийн цэгт төвлөрдөг. Байнга даац ихтэй том оврын авто машинууд зорчдог зам тул яаралтай засварлаж, шинэчлэх зайлшгүй шаардлага үүссэн гэдгийг тодотгосон юм.

Харин Нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Ганбатын хувьд “Замын ажлын зураг төсөв батлагдаад, гүйцэтгэгч шалгарсны дараа хог тээврийн байгууллагуудын ажлыг тасалдуулахгүй явуулах мөн оршин суугч, иргэдийн зорчих нөхцөлийг хангах үүднээс түр зам гаргах, хэдий хугацаанд замыг гүйцэтгэж дуусах зэрэг нарийн мэдээллүүдийг тухай бүрд нь өгнө гэдгийг онцоллоо.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close