соёл урлаг

Венецийн 60 дахь удаагийн биеннальд А.Очирболд оролцоно

60 дахь удаагийн олон улсын дүрслэх урлагийн Венецийн Биенналь дахь Монголын павильоны уран бүтээлчээр УГЗ А.Очирболд сонгогдож, Монголын павильоны комиссараар Монгол Улсын Соёлын Сайд Ч.Номин, куратороор ХБНГУ дахь Монгол Улсын Соёлын Элч CTA О.Оюунтуяа томилогдон, ко-куратороор ХБНГУ-ын Күнстхалле Дюссельдорф музейн захирал Др. Грегор Янзэн уригдан хамтран ажиллаж байна.

Монголын павильоны үзэсгэлэн нь “Ирээдүйгээс өнөөдрийг дахин нээхүй” сэдэвтэй бөгөөд уран барималч А.Очирболд бүтээлээрээ дамжуулан ухамсрын гүн түвшин лүү үзэгчдийг хөтлөх болно. Уран бүтээлч шинэ бүтээлээ Буддын шашны догшин сахиус Ситипати буюу төвөдөөр Дүртэддагва шүтээний дүрслэлээс санаа авсан бөгөөд тэр дундаа гурван нүдтэй гавлын яс нь амьдралын мөнх бусыг сануулж, сүнслэг ертөнцийн тухай ойлголт, түүний шилжилт, дээд ухамсар, гэгээрлийн эрэлхийллийг бэлгэддэг.

Түүний уран бүтээлийн концепт нь нийгмийн болон хүмүүний хөгжил, харилцааны өөрчлөлт, түүнчлэн хүн төрөлхтний ухамсрын даяарчлалын бодит дүр төрхийг ажигласан судалгаан дээр тулгуурласан байдаг. Кураторын баг нь уран бүтээлчийн “Ирээдүйгээс өнөөдрийг дахин нээхүй” шинэ өрөг орон зайн баримлыг түүхэн Ситипатийн дүрслэлтэй харьцуулан, улмаар “Ухамсраа дахин нээхүй” уран баримлын цуврал бүтээлээр үзэсгэлэнгийн дэглэлтийг баяжуулж үзэгчдийн мэлмийг баясгана.

Венецийн Биенналь ирэх сарын 20-ноос 11-р сарын 24-ний өдрүүдэд “Харийнхан хаа сайгүй” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах бөгөөд Ерөнхий куратор Адриано Педроса Венецийн Арсенал болон Жиардинид байрлах үндсэн үзэсгэлэнд олон улсын 330 уран бүтээлчийг урин оролцуулах юм. Энэ удаагийн Биеннальд нийт 88 улс өөрийн бие даасан павильоноо үзэгчдийн хүртээл болгоно. Биенналийн албан ёсны нээлтийн ажиллагаа 4-р сарын 20-нд болно. Монголын павильоны хэвлэлийн бага хурал, албан ёсны нээлтийн ажиллагаа мөн сарын 18-нд 16 цагт эхэлнэ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close