ОБЕГ

С.Даваацэрэн: Хүний төлөө гэсэн сэтгэлтэй хүн л Онцгой байдлын албанд ажилладаг

Арын албаны чимээгүй баатар, цагаан нөмрөгт бүсгүйг Nematimes “Цагаан сар”-ын дугаартаа онцлов. Тэрээр эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндээс гадна эх орныхоо төлөө хос тангарагтай нэгэн билээ. Хувь хүний зан чанар нь ч бусдын төлөө төрсөн юм уу гэлтэй. “Энэ хэдэн аврагч, гал сөнөөгч нараа эрүүл байлгах сан” гэж байн байн чин сэтгэлээсээ ярих.

Ерөөс түүний эргэн тойрныхон, гэр бүлээрээ “Монгол Улсын төлөө зүтгэе” тангарагтнууд. Эр нөхөр нь Зэвсэгт хүчний жанжин штабын хурандаа, том хүү Зэвсэгт хүчний ..дугаар ангид зэвсгийн инженер, удаах нь цэргийн нисэхийн сургуулийн сонсогч. Охин нь ч цэргийн хүн болох мөрөөдөлтэй аж. Гэр дүүрэн мөрдэстнүүдийн “генерал” ОБЕГ-ын Санхүү ар талын газрын ар тал хангалтын хэлтсийн эрүүл мэндийн тасгийн хөдөлмөрийн эрүүл ахуй хариуцсан мэргэжилтэн, ахмад С.Даваацэрэнтэй танилцана уу.

-Самбуудоржийн Даваацэрэн. “Оточ манарамба” сургуулийг уламжлалт анагаах ухааны эмч мэргэжлээр 2006 онд төгссөн. Онцгой байдлын албанд 2016 онд анх ажилд орж байв. Давтан  сургалт, сэргээн засах төв буюу 113 дугаар анги Жаргалант сувилалын уламжлалтын их эмчээр ажлын гараагаа эхэлсэн. Аав Архангай аймгийн харьяат, ээж харин Төв аймгийн гаралтай. Архангайн Гомбо-Очир маарамбын үр сад. Миний өвөө Гомбо-Очир гэж нутгийнхан андахгүй сайн таньдаг, шидтэй маарамба байсан. Өвөөгийн минь эрдэм ухаан надад уламжлагдсан байх гэж боддог. Хоёр хүү, нэг охинтой. Бэр охин, ач охиноор бүл нэмж өнөр болж байна. 

-Нөхөр, цэргийн атташегээр БНТУ-д томилогдоход гэр бүлээрээ тус улсад хоёр жил ажиллаад буцаж ирээд ОБЕГ-ын дэргэдэх Үндэсний аврах бригадын эмнэлгийн албаны даргаар ажилласан. Манай алба зургаан алба хаагчтай, коронавирусний халдварын хүнд үед маш сайн ажилласан гэж боддог. Үндэсний аврах бригадын эмнэлгийн алба нь нийтдээ алба хаагч болон тэдний гэр бүл, энгийн иргэдээс 10 мянга гаруй коронавирусний шинжилгээ авсан. Алба хаагчдаа урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ үзлэгт сайн хамруулж, хүндрэхээс сэргийлж дархлаажуулалт сайн хийж байсны хүчинд алба хаагчдаас маань эндэгдэл гараагүй гэж боддог. Онцгой байдлын алба хаагчид маань үнэхээр хүнд нөхцөлд, өвчний голомтод ажилласан.  Тусгаарлалтад нийт 400-500 хоног ажилласан алба хаагчид ч бий.  

-Онцгой байдлын албанд хүнд туслах чин хүсэл, хүний төлөө гэсэн сэтгэлтэй хүн л тэсэж үлдэж ажилладаг. Хүний төлөө тангараг өргөж, амь насаа өгөхөөс буцахгүй ажилладаг энэ хэдэн алба хаагчдаа эрүүл байлгана гэдэг нь эмч бидний гол үүрэг байдаг. Ард иргэдийнхээ төлөө хүйтэнд хөрч, халуунд халж ажилладаг хэрнээ манай алба хаагчид өөрсдөө эмнэлэгт хандаад байдаггүй хүмүүс. Тиймээс манай эмнэлгийн баг Монгол орноо тойрч орон нутгийн бүх салбар, нэгжээрээ орж алба хаагчдаа бүрэн шинжилгээ, үзлэг оношилгоонд хамруулсан. Хамгийн сүүлд зүүн бүсийн гурван аймаг, найман суманд ажиллаад ирсэн. 

-Уламжлалт анагаах ухаанд судсаар, хэл болон шээс харах гэсэн гурван аргаар оношилдог. Мөн бариа засал, зүү төөнүүр гээд гар дор эмчилгээ хийгээд өгчихнө. Гараар хийдэг засал эмчилгээ их тул уламжлалтын эмчийн давуу тал байна. Орон нутгаар явахдаа өвчлөл маш их залуужсанд сэтгэл үнэхээр эмзэглэсэн. Дөнгөж 18-19 настай хүүхдийн цусны даралт 180 байх жишээтэй. Манай алба хаагчид дийлэнх нь эрчүүд, тэгээд ачаалал өндөр ажилладгаас даралт өндөр байх нь түгээмэл. Мөн зохисгүй хооллолтоос ходоод, хоол боловсруулах замын өвчлөл, цөс өтгөрөл, нойр булчирхай, зүрх судасны өвчлөл их байна. 

-Алба хаагчид минь өөртөө хайртай байгаарай. Оношлоод өгсөн учраас эмчилгээгээ заавал хийлгээрэй. Дараа очиход эрүүл болсон байгаарай. Та нар эрүүл байж авран туслах ажил чанартай болно. Өөрөө бие муутай хүн яаж бусдыг аврах билээ. Өөрийнхөө төлөө эмнэлэгт үзүүлж, буруу зуршлаа хаяж, зөв зохистой хооллож байгаарай. Өвчлөлийн хамгийн гол шалтгаан тамхидалт. Усан, утаат аль ч тамхи цус өтгөрүүлэх гол шалтгаан болдог учраас тамхинаас гарахыг залуустаа уриалж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close