ЯрилцлагаЗТХЯ

Д.Отгонсүрэн: Эхний ээлжинд найман байршилд хуурай боомт байгуулна

Монгол Улсын Далайн захиргааны дарга Д.Отгонсүрэнтэй ярилцлаа.

-Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Монгол Улсын Далайн захиргаа 2023 онд ямар гол ажлыг хийсэн бэ?

-Монгол Улсын Далайн захиргаа 2023 онд Монгол Улсын нэгдэн орсон гэрээ, конвенцийн хүрээнд Далай ашиглах тухай хуулийн хэрэгжилтийг хангуулж ажилласан. Шинээр 189 хөлөг онгоцыг бүртгэж, хяналт хийсэн. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын далбааг мандуулсан 281 хөлөг онгоц их далайд аялж, олон улсын худалдааны эргэлтэд өөрсдийн хувь нэмрээ оруулан ачаа тээвэрлэж байна.

Монгол Улсад буй томоохон гол нууруудад хөвж  байгаа бага оврын хөлөг онгоц, усан завь, моторт завьны бүртгэл, хяналтыг хийсэн. Монгол Улсын хэмжээнд 230 гаруй усан замын тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна.

Мөн “Хийлдэг завь тоглоом биш”, “Аврах хантааз таны амийг аварна” нөлөөллийн аяныг зохион байгуулж ажиллалаа.

2022 онд усан завиар 38 мянга орчим орчим хүн аялж байсан. Харин 2023 онд 68 мянга гаруй гадаад, дотоодын жуулчид манай улсын усан замын тээврийн хэрэгслээр үйлчлүүлсэн байна.

Мөн манай байгууллага далайн боомт далайн боомтын их газрын гүн дэх шууд үргэлжлэл хуурай боомт буюу Олон Улсын тээвэр логистикийн төвийг Монгол Улсад байгуулах асуудлыг хариуцаж ажилладаг.

Нэгдсэн Үндэстний байгууллагын Ази Номхон далайн нийгэм, эдийн засгийн комисс /АНДНЭЗК/-ын Засгийн  газар хоорондын гэрээ хэлэлцээрт Хөшигийн хөндий, Бичигт, Ховд гэсэн гурван байршлыг нэмж тусгууллаа. Ингээд Монгол Улс цаашдаа нийтдээ найман байршилд хуурай боомт байгуулах бүрэн боломжтой болсон.

Зам, тээврийн хөгжлийн сайдын өгсөн үүргийн дагуу Замын-Үүдэд хуурай боомт байгуулах судалгаа шинжилгээ хийх ажлын хэсэг байгуулагдсан. Ирэх 2024 онд Монгол Улсад анх удаа хуурай боомт Олон Улсын тээвэр, логистикийн төвийг Замын-Үүдэд байгуулна.   

-Хуурай боомт байгуулах байршлын тухайд дэлгэрэнгүй танилцуулбал?

-Хуурай боомт гэдэг нь авто зам, төмөр зам, агаарын тээвэр зэрэг  тээврийн бүхий л төрөл хөгжсөн, ачаа боловсруулах хүчин чадалтай, олон улсын шинж чанартай логистикийн төв юм.

Монгол Улсын импортын ачааны дийлэнх хувь нь БНХАУ-ын Тяньжин боомтоор дамжин Эрээн-Замын-Үүд боомтоор ирдэг.

Зам, тээврийн хөгжлийн яамнаас далайн боомтоос ачаа бараагаа шуурхай авах хоёр, гуравдагч гарцтай болох бодлогыг баримталж, урд хөрштэйгөө яриа хэлэлцээр хийхээр ажиллаж байна.

Хуурай боомтыг эхний ээлжинд Замын-Үүд, Улаанбаатар хот, Хөшигийн хөндий, Алтанбулаг, Сайншанд, Бичигт, Чойбалсан, Ховд гэсэн байршилд байгуулахаар болсон.

Юун түрүүнд Замын-Үүдийн Бүс нутгийн тээвэр логистикийн төв талбайн хүчин чадлыг өргөтгөж, хөрөнгө оруулалтын эх үүсвэрүүдийг бий болгон хуурай боомт байгуулахаар салбар яамнаас ажлын хэсэг гаран ажиллаж байгаа.

2024 онд Замын-Үүдэд хуурай боомт, олон улсын тээвэр логистикийн төв байгуулах ажлыг эхэлнэ.

Түүнээс гадна зүүн бүсийн Бичигт боомт нь хятадын Жинжөү далайн боомттой 866 км зайд байрладаг. Тээвэр логистикийн хувьд ачаалал багатай, ачааг шуурхай тээвэрлэх боломжтой. Чойбалсан-Бичигт чиглэлд зүүн босоо төмөр замтай болсноор ачаа, тээврийн урсгал нэмэгдэж, хуурай боомттой болох юм.

Өнгөрсөн онд Азийн авто замын сүлжээний АН-4 чиглэлийн авто зам ашиглалтад орж, туршилтын тээвэр эхэлсэн. Тэгэхээр баруун бүсэд Ховд аймагт хуурай боомт байгуулж, ачаа тээврийн урсгалыг нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Дээрх байршлуудад Олон Улсын логистикийн төв, хуурай боомт байгуулснаар бүс нутгийн ачааг шуурхай тээвэрлэж, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд Монгол Улс өөрсдийн хувь нэмрээ оруулна.

Мөн манай улсын импортын ачаа эргэлтийг шуурхай татан авч, бүтээн байгуулалтын зардал, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд эзэлж байгаа тээврийн зардал буурна.

Уул уурхайн бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн экспортын ачааг хоёр хөрш рүү шуурхай тээвэрлэж, ачаа тээврийн зардал бууруулахад хуурай боомт том хувь нэмэр оруулна.

-2024 онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил?

-Өнгөрсөн 11 дүгээр сард зохион байгуулагдсан “Тээврийн долоо хоног” Олон Улсын форумын үеэр гаднын зочид, төлөөлөгчид далайд гарцгүй хэдий ч хөлөг онгоцны нээлттэй бүртгэл хийж байгаа Монгол Улсын сайн туршлагаас хуваалцах саналаа хэлсэн. Энэ хүрээнд бусад оронтой харилцан туршлага солилцож, хамтран ажиллана.

Дотоодын усан тээврийг хөгжүүлэхээр Хөвсгөл нуур, Өгий нуур, Буйр нуурт хяналтын постуудыг үе шаттайгаар байгуулж, тээврийн хэрэгсэлтэй болгох ажлыг үе шаттайгаар хийнэ. Мөн хуурай боомтуудын бүтээн байгуулалтыг үе шаттайгаар эхлүүлэхээр төлөвлөж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close