Нийслэлд үүссэн үерийн нөхцөл байдалтай холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга долоодугаар сарын 5-8-ны хооронд төвийн зургаан дүүргийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх захирамж гаргасан.
Тэгвэл өдгөө эрсдэл төдий л буураагүй тул Нийслэлийн Засаг дарга дахин захирамж гаргаж, төвийн зургаан дүүрэг дэх өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгалаа. Тодруулбал, нийслэлийн нутаг дэвсгэрт орсон их хэмжээний борооны улмаас үүссэн үерийн аюул, гамшгийн нөхцөл байдалтай холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг долоодугаар сарын 11-ний 00:00 цаг хүртэл сунгасан юм.
Захирамжаар дараах үүрэг даалгаврыг холбогдох албаныханд өглөө. Тодруулбал,
- Иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах, үерийн хор уршгийг арилгах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулах,
- Халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор бохир ус цуглуулах, татан зайлуулах, цэвэрлэх зориулалт бүхий шугам сүлжээ, барилга байгууламж, унд, ахуйн хэрэглээний усны аюулгүй байдлыг хангах, эрсдэлтэй орчныг халдваргүйжүүлэх,
- Гамшгаас хамгаалах үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар олон нийтэд үнэн, зөв мэдээллийг шуурхай хүргэх,
- Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг үүрэг болгов.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС