“Кадри” хөтөлбөрийн үнэлгээний баг Монголд ажиллалаа
НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас улс орнуудыг гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааны дунд хугацааны тайлан боловсруулах заавар гаргасан бөгөөд тус зааврын дагуу Онцгой байдлын ерөнхий газраас тус баримт бичгийн дунд хугацааны Монгол улсын тайланг холбогдох талуудтай хамтран боловсруулсан билээ.
Энэхүү тайланд 2015-2022 онд гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр Монгол Улсад хэрэгжүүлсэн арга хэмжээ, ололт амжилт, тулгарч байгаа хүндрэл бэрхшээл зэргийг тодорхойлсноос гадна үндэсний болон орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр цаашид анхаарах шаардлагатай зарим асуудлыг тодорхойлсон.
Ийнхүү тодорхойлсон асуудалд дүн шинжилгээг илүү нарийвчлан хийх, цаашид гамшгийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд салбаруудын чадавхыг үнэлэх, улмаар шаардлагатай арга хэмжээ, хөрөнгө оруулалтыг эрэмбэлэх зорилгоор НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах чадавхыг бэхжүүлэх “Кадри” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болллоо.
Тус хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэх, чадахын үнэлгээ хийх цар хүрээг тодорхойлох зорилгоор үнэлгээний багийн гишүүд энэ сарын 26-29-ний өдрүүдэд ажиллаж, энэ үеэр ШСАА, ГХЯ, ЭЗХЯ, БОАЖЯ, ХНХЯ, ХХААХҮЯ болон МҮХАҮТ зэрэг байгууллагатай мэдээлэл солилцох уулзалтыг зохион байгууллаа.
Түүнчлэн Кадри үнэлгээний баг нь ирэх есдүгээр сард өргөн бүрэлдэхүүнтэйгээр Монгол Улсад дахин айлчилж чадавхын үнэлгээг тодорхойлох дасгал сургуулийг зохион байгуулна.
Кадри хөтөлбөр нь НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэг болон бусад байгууллагуудыг нэгтгэсэн түншлэл бөгөөд нийгэм, эдийн засгийн олон салбарын давуу тал, чадавхын ялгаатай байдлыг үнэлэх замаар улс орнуудын гамшгийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох асуудалд тэргүүлэх ач холбогдол өгөхөд дэмжлэг үзүүлэх, туршлага хуваалцах механизм юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.