Нийтлэлаялал жуулчлалОнцлох

5+Аялал=Дурсамж+2

Өглөө болж, галт тэрэг Эрдэнэтэд ирлээ. Галт тэрэгнээс буусан хэдэн хүн цементэн тавцангаас уруудаж, хөл дүүжлэх унаанд суух зуурт Улаанбаатараас чирж ирсэн шүргэлцдэг, түлхэгдэн түрэгдэж, түүндээ унтууцаж уурладаг зэрэглээ адил амьдралын хэв маяг огт мөргүй ууршин алга болж, түүний оронд амьсгалах агаар, эзлэх талбайн хэмжээ огцом томорч, тэлсэн мэт мэдрэмжид автав. Улаанбаатарынхан байраа зарахдаа “Буудалдаа ойрхон, цэцэрлэгтээ ойрхон, сургуульдаа ойрхон, дэлгүүртээ ойрхон, хороондоо ойрхон, өрхийн эмнэлэгтээ ойрхон” гэсэн зар тавьдаг. Үнэндээ хотынхон юм юмандаа ойр ч бие биеэсээ хол амьдардаг улс. Магад энэ хотынхон юм юмнаасаа хол амьдардаг ч бие биетэйгээ ойр амьдардаг ч юм бил үү хэмээн бодогдох нь гаажтай.

Угтах хүнээ хүлээхийн зуур орчмын газрыг шинжиж харлаа. Монголын өөр бусад ган замын өртөө улааны газрын нэгэн адил социализмын үеийн өнгө төрхийг агуулсан уламжлалт хэв шинж бүхий ганц хоёр барилга. Хайс хашаа, таримал модод харагдана. Тэр хооронд +50 орчим насны эрчүүд голдуу таксины жолооч нар унаа авахыг санал болгож бид тав дээр хэдэн удаа ч хүрч ирэв. Тэнгэр цэлмэг ч сэвэлзүүр, газар дээр нар унах яагаа ч үгүй, хаврын хуйсгануур өдрүүдийн нэгд бид тав очжээ. Хэд сайхан амьсгаллаа. Тоос тортогонд дарлуулсан уушги зүрх огцом, өглөөний сэрүүн тунгалаг агаарыг андахгүй танив. Эрдэнэтэд одоогоос хориод жилийн өмнө ирж байж. Юу нь хамгийн их өөрчлөгдсөн юм бол, харьцуулъя гэвч тэр удаагийн албан ажлын чигтэй цахилгаан аяллаас “Ирж л байсан даа” гэхээс өөрөөр тоймтой дурсамж үлдээгүй байх юм.

Тоссон унаандаа суугаад, хоттой танилцах аялалдаа орлоо. Хамгийн түрүүнд “Эрдэнэт” цэцэрлэгт хүрээлэнгээр зочиллоо. Амралтын өдрийн хагас унтаа хот шиг бидний зочилсон цэцэрлэгт хүрээлэн ч тэр зун цаг, зугаалах зочдоо хүлээн хагас унтаагаараа байх шиг сэв сэлүүхэн, баахан саарал өнгөөр оршин байв. Өөдтэйхэн ч барилгажиж амжаагүй атлаа шигүү цемент харахаараа бөөлжис нь цутгадаг болсон монголчуудын хувьд ийм нэг сатаарах, ажил амьдралаа зааглах бичил орон зай байгааг олж харах хэчнээн сайхан. Монголын зунд байхгүй юм байхгүй биш, нэг л өглөө сэрээд харахад гудамжны модод ид шидийн гэмээр ногоорч, эл цэцэрлэгт хүрээлэн шамбааралдсан хүмүүсээр дүүрнэ дээ хэмээн төсөөллөө.

Тэндээсээ Эрдэнэтийн овооны орд газарт байгуулсан, төрийн гурван том одонт Эрдэнэт үйлдвэрийн музейг үзлээ. Үүднийхээ хэсэгт угтсан тайлбарлагч бүсгүй цаг хүрэхтэй үгүйтэй хугацаанд тус үйлдвэрийн гурван цагийн үүх түүхийг ярьж, танхим бүрээр хөтөлж явах. Бид ч анхааралтай нь аргагүй тайлбарлагчийн яриаг сонсож, хөтлөгдөн дагах. Шинэ юм дуулж, мэдэж, таньж авна гэдэг богцондоо хийх боломжийн олз юм. Шинэ орчинд орж, юу ч бодохгүй, юунд ч хойш чангаалдахгүй, тархи толгойгоо амраана гэдэг амьдралаас авах цухасхийсэн таашаал юм. Тэгж явсаар бид тэг дөрвөлжин тавцан суурилуулсан өөр нэг танхимд орж ирэв. Тэрхүү тавцангийн дөрвөн талд дөрөв нь гарч зогсоод, нүдний шил шиг төхөөрөмжөөр үйлдвэрийн ерөнхий бүтцийг цогцоор нь хараадахав. Өнөө яриад байсан олон салангид түүх нүдний өмнө бүрэн бүтнээрээ амилаад ирэх нь тэр.

Би хувьдаа хаа газрын музейн барилгын зай талбайд бага зэрэг голонгуй ханддаг муу зантай. Ямар ч музей үзсэн одоо байгаагаасаа илүү багтаамжтай, илүү дэглэлттэй байж болмоор юм шиг даврангуй бодолд эзлэгдээд байдаг сул талтай. Ирээдүйн музей, түүх соёлын газрууд, бидний зорин очих олон газар орон бүгдээр хойшид тэгж л харагдах нь. Магад бидний үхэн үхтлээ зүрх сэтгэлдээ дуулгавартайгаар дуугүй тээн, нөхцөл тавилгүй хайрласаар байх, энэ хорвоогоос буцан буцталаа хальтхан болов ч уулзахыг хүсдэг ч уулзаж чаддаггүй, хальж одсон дотнын нэгэнтэйгээ уулзах орон зай тэр байж мэдэх нь.  

Музейгээс гарч ирээд манай нэг аялагч хэлж байна. Музей маш их таалагдлаа гэнэ. Харин надад бол эл үйлдвэрээс сурвалжилга бэлдвэл баахан орос үгэнд булуулаад гарч ирэх юм шиг мэргэжлийн ажлын төсөөлөлд автаж байгаа юм. Өглөөхөн буусан ногоон вагон гэхэд зорчигч надаас вокзал орж, кассан дээр очиж билетээ бичүүлнэ. Купей, плацкарт, хатуу, алийг нь ч захиалсан болно. Билетийг чинь проводник шалгаж оруулна. Дараа нь кассир ирж шалгана. За тэгээд тормос, тамбор, машинист гэх зэргээр орос хэлний мэдлэг шаарддаг байхад энэ үйлдвэрийг анхнаас нь өдийг хүртэл хөдөлгөх гэж хэд хэчнээн орос үг энэ хөндийд хэлэгдэж, хэдий хэмжээний бичиг цаас хөтлөгдсөнийг хэн ч хэмжүүрт тооцооллоор хэлж үл чадах биз ээ.

Музейгээ үзээд гарч ирлээ. Хажуугийн зааланд бүжгийн наадам болж байна. Тоглолтын хувцастай хүүхдүүд бужигналдаж, тэднийг эмх журманд оруулах гэсэн хэдэн багш хуруу гараараа дохиж зангаж харагдана. Галт тэргэнд таарсан манай хөрш, Хөвсгөлийн залуу тэрхүү бүжгийн тэмцээнд оролцохоор яваагаа хэлж байсан. Бид түүнийг тэмцээндээ амжилттай оролцоосой хэмээн, алсаас амжилт ерөөв. Зорилготой хүнд амьдрал зохиронгуй байдаг даа.

Тэндээсээ бид тав Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төвөөр орлоо. Үүдэндээ харуултай, зааландаа үзвэртэй энэ төв нь монгол орны ургамлын ген фондыг цуглуулж, өсгөвөрлөж, үржүүлж, тарьж ургуулах улсад нь тараан түгээх гэнэ. Товхийсэн байртай, подхийтэл тохижуулсан өрөө тасалгаануудаар нэгэнтээ тойрч, аяга кофегоор дайлууллаа. Нэгжийн дарга нь Я.Ариунзул гэх яриа хөөр нийлэмжтэй, ажлын төлөө төрчихсөн юм шиг, хэрэв монгол орныг ногоон хучлагаар хучих өнөөгийн санал санаачилга төөрөгдөж будилчихгүй бол хэдхэн жилийн дараа баатрын одонг энгэртээ зүүхээр дайчин эмэгтэй байж билээ. Дарга бүсгүй ярьж байна. “Манай ажил дээр удахгүй “National Geographic”-ийнхан ирнэ гэсэн. Бид гайхаад “Та нар бидний тухай мэдээллийг хаанаас аваав” гэтэл МОНЦАМЭ агентлагийн мэдээнээс олж мэдсэн” хэмээв.

Тэндээсээ бид суурин амьдралаас холдож, “Сэлэнгэ” амралтын газрыг чиглэв. Туулах зам 60 км аж. Зам гэж най алга. Гэхдээ л гоё. Ийм зам мөдхөн моодноос гарна. Том том дугуйн мөр гаргаад, дур дураараа салхи татуулан давхидаг, хойно яваа хэд нь сэгсэргээний ая даадаг, ая даахынх нь хэрээр жолоогоо чадал мэдэн мушгидаг монгол жолооч. Донсолгоо дарж давхисаар аль аятай, уул ус түшсэн боломжийн гэсэн газраа буудалладаг, буудалласан газраа гал ноцоодог, гал дээрээ хонины махтай лавшаа хийж идээд, хойноос нь дөрөө чангалдаг, балгасандаа баахан сэтгэл нь хөдөлж дуулсан, дуулсан дуундаа уяраад нулимсаа барьж дийлэлгүй цийлэгнэсэн, агаарын сайхан, градусны халуунд цохиулаад өглөө нь майхандаа сэрдэг, хэн ч тэндээс нь хөөдөггүй, хөөнө гэсэн айдасгүй, шумуулаас өөр сэтгэгдэл унтраах зүйлгүй монгол аялал. Ийм л нэг монгол аяллуудын отоглох цэг байж болохуйц уул устай, тэгш талтай буувал буучихаар, суувал суучихаар газрыг жигд хурдаар туулсаар зорьсон газраа ирэв ээ.

Бид амралтын газрынхаа үйлчилгээг түрүүлж захиалсан гэдгээ хэлэх хэрэгтэй. Аялал жуулчлалынхны хэлдгээр бол, төлөвлөсөн бол аялал, төлөвлөгөөгүй бол зугаалга болдог гэх. Богино зайн тулгуу аяллыг төлөвлөхийн ач тусаар бид тийн хэртэй аялсан хэрэг. Угтах хаалгатай, хаалган дээр “Сэлэнгэ” гэсэн бичигтэй, ойн чөлөөн дэх амралтын газарт нэг хоноглов оо. Жолоо барьсан бүсгүйтэйгээ нийлээд зургаан хүүхэн, өрөө өрөөндөө гурав гурваараа хуваагдчихав. Маргааш нь өглөөний цайгаа савлаж аваад, замд гарцгаасан. Өнөө дэржигнүүртэй замаараа давхисаар хотод буцаж ирэв. Бусгаа салхитай өдөр таарч, агаарт цагаан хөшиг татсан байв. Нөгөө ойн генетик нөөцийн төвийнхний хийж буй ажил тэрхүү цагаан тоосыг намжаахад тустай байх юм гэсэн. Хот орж ирээд “Эрдэнэт” хивсний үйлдвэрийн дэлгүүр орлоо. Дэлгүүрээс гарсаар байтал буцах цаг дөхсөн тул үдийн хоолоо идээд, автобусандаа сууцгааж билээ. Бид тав ингэж л аялсан юм, бас болоогүй дараагийнхаа аяллын маршрутыг ярьсан шиг, баавгай чихрээ хувааж идсээр Улаанбаатарт яг зургаан цагийн дараа Драгоны авто буудал дээр хэргээ бүтээсэн хэдэн хүн буусан даа.

Аялалд гарахаас хэдхэн хоногийн өмнө би Габриель Гарсиа Маркесийн “Хэсүүлчин арван гурван өгүүллэг” түүврийн номыг уншсан юм. Чамин гэж юу гэх вэ. Тэр номд “Хорлогдсон арван гурван англи” гэсэн өгүүллэг бий. Тэр өгүүллэгт “Бурхан хүртэл наймдугаар сард амралтаа авдаг” гэж бичсэн байна лээ. Мань зохиолч арай л дутуудуулж гэж бодсон. Хөрсөн дээрээ бол, Монголд зургаа, долоо, наймдугаар сард бурхан амралтаа авдаг юм шүү.

Б.Туул

Өмнөх нийтлэл

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close