НийтлэлОнцлох

5+Аялал=Дурсамж+1

Монгол дөрвөн улиралтай, дөрвөн улирал нь дотроо дөрвөн улиралтай. Монголчууд үнэнхүү хошигнож чаддаг ард түмэн шүү. Ийм нэг завсрын улирлаар бөөрөн дээрээ “Улаанбаатар-Эрдэнэт” гэсэн бичигтэй сунагар ногоон галт тэрэгний тасалгаат суудалд хэдүүл цаг хугацаандаа амжиж суув. Хэдүүл гэдэг нь +40 насны хэвлэлийн салбарын шаагилдсан, тоолбол нас чацуу, төөлбөл нуруу ойролцоо, сонирхол дөхүү, авир ойруу таван хүүхэн. Бөөн аяллын хоббинууд, баахан дурны хонгионууд. Монгол хүүхнүүд болсон хойно том том далбагар түрийвчтэй, түрийвчиндээ бүх банкны карттай, картандаа олигтой ч мөнгөгүй, гэхдээ бага мөнгөөр их амьдрал босгодог олон гэрийн эзэгтэй нарын тав нь ийн аялалд гарч байгаа нь тэр.

Бүгд хөлдөө хөнгөн пүүз, биедээ нимгэн хувцас өмссөн, нэг нэг бөндийсөн үүргэвч үүрсэн таван бүсгүй тийм нэг аяллыг яг хорин нэг хоног яс тас ярьж, ахуй амьжиргаагаа нэг тийш болгосны эцэст зорьсон аяллаа эхлүүлэв. Бидний зорьж очих цэг Эрдэнэт. Аяллын зорилго нь алс биш ч газар үзэх, агаар салхи амтлах, амьдралд шинэ өнгө нэмэх ба бусад.  

Галт тэрэг хөдөллөө. Ийм аяллыг би амьдралдаа насныхаа тооноос ч олныг үзжээ. Манай монголын вагон угаас гарааны цэгээс гарахдаа баахан хойрго юм уу гэмээр их биеэ нэгэнтээ урагш хойш угзчуулан байж хөдөлдгийг та бид юу эс андах вэ. Галт тэрэг нэг сайн гудчиж, нэг аялагчийг маань “Ижий минь” хэмээн дуу алдтал цочоож өгөөд урагш хөдлөв. Вагон сайхан унаа. Олон мянган эв энгийн, чармайнгуй хүмүүсийн гар татахгүй додомдлогоор энэ хэртэй яваа нь юухнаас ч мэдрэгдэнэ. Үйлчлэгч бүсгүй цагаан хэрэглэл авчирч өгөв. Дэрний уут, гарын алчуур нь ч цасан цагаан юм. Ор дэрний даавуу заавал цагаан өнгөтэй байх албагүй гэдгийг ойлгох гэж гучин жил өнгөрсөн ч юм шиг. Аль эсвэл дараагийн гучин жил зочид буудал, галт тэргэнд л цагаан даавуу хэрэглэх ёстой юм биш гэдгийг ойлгох ёстой ч юм шиг.

Сүүлийн хэдэн аяллаас би ингэж бодов. Галт тэрэгний амьдрал намжуухан болжээ гэж. Өмнө нь хар хөлс нь цутгасан эр эм, хөгшин залуу хэдэн хүн дуут дохио өгөхөөс арайхийн амжиж тал талаас сүрэн паранхийн суугаад, шар өнгөтэй гялгар уутнаас талх хиам, боов боорцог гарт таарснаа гаргаж дэлгээд, хажуу хавийнхнаа ид уу гэж шахаад, түүнээс төд удалгүй муушиг тоглож нүүр хагараад, жаахан шартай нэгнийх нь дуу тэр хавиар нэг хадаад, хэсэг шуугилдаж шуугилдаж, тэгснээ чилж залхсан уу яасан суудлаасаа уван цуван босох нь завсарлага авч байгаа хэрэг. Арай ширүүндүүхэн нөхдүүд бол ганц шил юм амьтан хүний нүд хариулсхийн сэм задлаад, түүндээ нэлээн халамцаад, вагоны голоор явах цагдаагаас хэрдээ нуугдаж, амаа дарах нь холгүй гэмгүй дүр эсгэн суух бол нялх багачуудтайгаа хамт яваа ээжүүд хүүхдийнхээ босон суухын тоолонд чаргууцалдан хөтлөгдөж явсаар бүр тамираа тасалчихсан аятай, гэр орондоосон бол хамаг хувцсаа тайчаад хөнгөн банзал, хөхөвчтэйгээ сууж байх байсан болов уу гэмээр налмайчихсан, бүр сүүлдээ босож суухаа болиод нүднийхээ үзүүрээр ийш тийш гүйх хэргийн эзнийг харгалзаж суух.

Харин тэр хооронд өнөөх хүүхдийн нүүр, цамцных нь энгэр, ханцуй түрүүхэн уусан ундаа, идсэн чихэр, долоосон зайрмагт нь халтардаж, халууцаж халсан хацар нь аз жаргалын улаан өнгөөр бутарч байдаг сан. Жаал тоглож, далан чавганцын ажил хийсэн эс бөгөөс бузгай чанга дуугаар чарлаж байсан жаахнууд зуны халуун, дотор бүгчимд нам цохиулаад дугхийж эхлүүт хүүхдийн орилоон уйлаан, ийм тийм юм авч өг гэх дураар аашнаас нь залхсан авгай нарын тархи толгой тэрхэн зуур амарч, уужуу амьсгаа авахын зуур хажуугийн хэн нэгэнтэй таван үг солихтойгоо болох. Зам хурдлуулсан өндөр дуутай тоглоомчид хэд хэдэн өртөөний дараа л сая “Чи тэгж дуудах байсан, тэр гараан дээр ингэж гарах байсан” гэхчлэн хожил хожигдолдоо дүн шинжилгээ хийгээд, эцэст нь ёндооныхоо мөнгөө халааслах. Оюутан болов уу гэмээр ам бөхтэй, давсаг чангатай залуус суудлаасаа босохгүй нам суусаар, тэгсгээд толгой дэрэн дээр тавингуут давсанд явах. Ингэж өртөө өртөө газрыг туучин өнгөрүүлсэн улс эцэстээ ах дүү, амраг садан болцгоож, олон жил уулзаагүй нэгнийхээ сургийг гаргаж аваад, биелэх эсэх нь бүү мэд ч биелнэ гэсэн монгол хүний дэлгэр зангаар хожим уулзана, учирна гэсэн аман тангараг өргөөд бууж одно. Түрүүний буусан хүний суудалд дараагийн хүн шинээр орж ирж сууна. Бууж суусан энэхүү бичил амьдрал хөвөгч цагийн урсгал  ч юм шиг, нүүдэл суудлын түрлэг ч юм шиг, уулзалт учралын цэг ч юм шиг.

Нийтээрээ тог тасартал гар утсаа барьцгааж байсан гэр бүлийн гишүүд өөр хоорондоо ярилцаад “Манайд чинь аятайхан хүмүүс амьдардаг юм байна ш дээ” гэсэн гэдэг шиг манай вагонд нээрэнгээсээ аятайхан зорчигчид таарчээ. Бид тав ч юу дутах вэ, аядуухан зорчигчид явлаа. Үнэн үү гэж үү. Юу үнэн, тэр үнэн. Аяллынхны жишгээр зэргэлдээ суудлынхаа зорчигчийг аяны хүнсээрээ дайлж, өөрсдөө ч нэг сайн цайлж аваад таван гар тоглов оо. Нэг харсан тооцоон дээр нэг гар тоглолгүй 5-6 өнжчихөж. Энэ хэн бэ, юу болов оо л боллоо. Хөзрийн бурхан тэнгэр тэр булангийн тоглогчийг мартсан байсныг бид анзаарсангүй. Бөөн инээдэм.  

Галт тэрэгний цонхны жижигхэн хөшгийг ярж, гараараа тогтоон барих зуураа зам зуурын үзэгдэл юмсыг шимтэнгүй харж “Аан чи нэг юм завтай болов уу” гэх шиг дотор сэтгэлд зурсхийн орж ирэх он жилүүдийн дурсамжаа сөхнө гэсэн даший шог. Галт тэрэгний займчсан хэмнэл дундуур хэд сайн тоглож аваад, нэг босоод ирэх зуур манай суудалд зочин ирсэн байв. Манай хэд монгол, англи холиод ганц зочинтойгоо хэзээ язааны танилууд шиг нүүрэмгий гэгч нь буу халж байна аа. Тэд нэр усаа хэлээд танилцчихсан байв. Тиймээс би түүний нэрийг мэдэлгүй өнгөрсөн байдаг юм.

-Өөрөө хаанаас ирсэн юм?

-АНУ-ын Хойд Вержинагаас.

-Монголд юу хийж яваа юм?

-Англи хэл заахаар Монголд ирсэн. Дунд сургуульд багшилдаг.

-Одоо хаачиж яваа юм?

-Амралтын өдрүүдийг тааруулж Эрдэнэт дэх найзындаа зочлохоор явж байна.

-Дандаа ингэж явдаг уу?

-Тийм. Өмнөх долоо хоногт сакура явж үзсэн.

-Монгол хоол таалагдаж байна уу. Ямар хоолонд дуртай вэ?

-Буу…з, хуушуу…р, банш сайн. Айраг гоёёё.

-Өмнө нь аль улсаар аялж байсан бэ?

-Гондурас, Хятадад очиж байсан.

-Монгол хэл сайн сурсан байна шүү дээ?

-Бид ирээд сургалтад хамрагдсан.

-Чиний ирээдүйн зорилго юу вэ?

-Дипломатч болох. Магистр хамгаалчихсан байгаа.

-Одоо хэдэн настай вэ?

-24 настай. 

Чи 24-тэй гэдэг чинь үнэн үү… Бидний хооронд нэг иймэрхүү яриа болсон юм.

Тэнгэрийн өнгө хэдийнэ бүүдийж, гадаа харанхуй болжээ. Замын турш тэнгэрт зоогдсон мэт үл хөдлөх саран. Орой дээрээ модтой, сэрмэн үзүүртэй уулсын бүрэг бараг дүрс. Гол ус бүрэн гэсээгүй бололтой, гялтайн үзэгдэх хэсэгхэн гялтгар мөс. Аялалд мөнгөтэй, завтай, зоригтой байж гардаг гэсэн ойлголтоо халах гэж хэдэн жил хүлээсэн ч юм шиг. Аль эсвэл гадаад явж, галуу шувууны мах идвэл аялсан болдог гэх бодлоо солих гэж өнөөг хүрсэн ч юм шиг. Галт тэрэг Дарханд хүрч ирлээ. Удаан зогсдог юм байна. Хэдэн зураг гар утсаараа авч хадгаллаа. Юмыг яаж мэдэх вэ, хэдэн өгүүлбэр хэлхвэл хэрэг болоо бил үү гэж бодсоных.

Үргэлжлэл бий…

Б.Туул

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close