Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал /2022.12.27/ боллоо. Энэ үеэр Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга байгууламж барих үйл ажиллагааны журмын төслийг Нийслэлийн Ерөнхий архитектор Н.Нацагдорж танилцуулав. Тодруулбал, 2014 онд НИТХ-ын тогтоолоор баталсан Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих, газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журмыг шинэчлэн боловсруулж, одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд нийцүүлэн журмын төслийг найман зүйлтэйгээр боловсруулсан байна.
Шинэ журамд архитектур төлөвлөлтийн даалгавар олгохоос эхлээд барилга ашиглалтад оруулах хүртэлх үйл ажиллагааг нарийвчлан зааж тусгасан бөгөөд Газрын тухай болон бусад хуульд багтсан заалтуудыг хассан. Түүнчлэн барилга байгууламжийг ашиглалтад оруулах үйл ажиллагааг Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолд, хориглох зүйл, хариуцлагыг Зөрчлийн тухай хуульд нийцүүлэн шинэчилсэн байна. Зөвлөлийн гишүүд журмыг төслийг хэлэлцэж, гаргасан санал, зөвлөмжийг тусган НИТХ-д өргөн барьж, хэлэлцүүлэхээр боллоо.
Мөн Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын балансад бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Татах дэд” станцыг хувийн хэвшлийн хөрөнгөөр буулган, шинээр барьж хүлээлгэн өгөх асуудлыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу гэрээ байгуулж, хяналт тавьж ажиллах талаар хэлэлцэж шийдвэрлэв.
Түүнчлэн “Иргэн төвтэй жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх ажлын 2022 оны биелэлт, Нийслэлийн Хүний нөөцийн хөгжлийн төвийн үйл ажиллагааг дэмжих төслийг зөвлөлийн хурлын гишүүд, холбогдох албан тушаалтнуудад танилцууллаа.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР