Урлаг спортФото сурвалжлага

“Лувсанвандан сан”-гаас судлаачдад зориулсан ботиуд гаргалаа

XX зууны нэрт сэхээтэн, соён гэгээрүүлэгч, доктор, профессор Сономын Лувсанвандангийн баримт бичгийн эмхэтгэл гурван боть номын нээлт өнөөдөр боллоо. Түүний нэрэмжит Арт галлерейн байранд болсон номын нээлтэд их эрдэмтний үр хүүхдүүдийн төлөөлөл УИХ-ын гишүүн Л.Болд, “Бодь” группийн Ерөнхийлөгч Л.Болдхуяг болон “Лувсанвандан сан”-гийн Гүйцэтгэх захирал Ш.Сүхбаатар,  нарын хүмүүс оролцлоо.

УИХ-ын гишүүн Л.Болд “Номын буян хурсан энэ сайхан өдөр аавын маань гурван боть ном нээлтээ хийж байгаад маш их баяртай байна. Өмнө нь аавын маань бүтээлийн есөн боть цуврал хэвлэгдэн гарсан. Харин энэ удаагийн ботиуд нь тухайн үед хийж бүтээж байсан ажил, үйлстэй нь холбоотой түүхэн баримтуудыг цуглуулан эмхэтгэсэнд оршиж байна. Өнөөдрийн соёл, урлаг судлаачид, залуу судлаачдад XX зууны Монголын соёл урлагийн сэргэн мандлын үеийн тэрхүү агуу их уран бүтээлчид, сэтгэгчдийн бүтээлийг баримт, эх сурвалж дээр тулгуурлаж харуулсан, судалгааны эргэлтэд оруулсан ийм сайхан бүтээл болсонд баяртай байна” хэмээсэн юм.

СУИС-ын Соёл урлаг судлалын хүрээлэнгийн С.Лувсанвандангийн нэрэмжит судалгааны баримтын сангийн эрхлэгч, соёл судлаач, доктурант О.Алтанзаяа “С.Лувсанвандан гуай анх 1975 онд Хэл зохиолын хүрээлэнгийн Урлаг судлалын секторыг байгуулсан. Энэ сектор маань өргөжөөд 1989 онд Соёл урлаг судлалын хүрээлэн болсон. Харин 2015 оноос эхлэн СУИС-ийн харъяа хүрээлэн болсон. Манай хүрээлэнгээс 85 жилийн ойн хүрээнд С.Лувсанвандангийн нэрэмжит судалгааний баримтын санг байгуулсан.

Миний судалгааны ажлын гол сэдэв маань С.Лувсанвандан судлал. Энэ судвийнхээ хүрээнд “Сономын Лувсанвандан-I, II, III” баримт бичгийн эмхэтгэл болох судлаачдад нэн чухал баримт, эх сурвалжуудыг боть болголоо.  Энэ эмхэтгэлүүд нь Монголын төр нийгмийн зүтгэлтэн, шинжлэх ухааны ноён оргил, сүмбэр уул болсон эрдэмтний ажил амьдралын замналыг харуулах төдийгүй өнгөрсөн зууны монголчуудын түүхийг илтгэхүйц олон зуун баримт, эх сурвалж, захидлууд, хурлын илтгэлүүд, хүмүүсийн дурдатгал, ярилцлагууд багтсан” гэлээ.

Номын нээлтийн үеэр “Лувсанвандан Арт галлерей”-н авьяаслаг залуу зураач Б.Содномдаржаагийн “Хүмүүн, Тэнгэр, Газар” уран зургийн үзэсгэлэнд тавигдсан зургууд хүрэлцэн ирэгсдийн оюуны мэлмийг мялааж байлаа. Тэрбээр хэлэхдээ “Миний бие Монголын  нэрт соён гэгээрүүлэгч С.Лувсанвандан гуайн нэрэмжит галерейн зураач болсондоо маш их баярлаж явдаг. Миний “Хүмүүн, тэнгэр, газар” уран зургийн үзэсгэлэн маань та бүхний өмнө дэлгэгдээд байна. Миний дараагийн үзэсгэлэн болох “Агула” төсөл амжилттай хэрэгжиж байгаа. Үзэгч та бүхэндээ удахгүй бүтээлээ толилуулна. Баярлалаа” хэмээн талархалаа илэрхийлсэн юм.

П.Нарандэлгэр

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close