НийтлэлНогоон АзиВидеоОнцлохФото сурвалжлагаFocus

Хонхор тосгон дахь Монгол Олле явган аяллын эхлэх цэг дээрх ханын зургийн нээлт боллоо

Байгальд хайртай, байгалийн сайханд явганаар аялж, нэг дор бүгдийг үзэж, сонсч, харж, мэдэрч, үнэрлэж чаддагаараа бусад аялалын төрлүүдээс хамгийн идэвхитэй аялалд тооцогддог бөгөөд маш сайхан амралт, бясалгал болдог гэж үздэг байна. Тиймээс Нийслэлийн Аялал жуулчлалын газар, БНСУ-ын Чэжү хотын Аялал жуулчлалын газар, “Чэжү Олле” нийгэмлэгтэй хамтран Улаанбаатар хот орчимд олле стандартын дагуу явган аяллын чиглэл тогтоон, тэмдэгжүүлэх ажлыг 2016 оноос эхлүүлсэн юм.

Энэ хүрээнд Баянзүрх дүүрэг 11-р хороо, Хонхор тосгон дахь явган аялалын 1-р маршрутын эхлэх цэг дээр байрлах Мэдээллийн төв болон төгсгөлийн цэгийн зааврыг танилцуулж, Мэдээллийн төвийн ханын зургийн нээлтийн арга хэмжээ /2025.05.15/ боллоо. Тус арга хэмжээнд “Чэжү Олле” нийгэмлэгийн Монгол дахь салбарын захирал Хун Кёг И тэргүүтэй “Монгол Оллэ” төвийн сайн дурынхан, КОЙКА ТББ-ын сайн дурын бүлгийн цаг уурын орчны багийн гишүүд, “Ногоон Ази сүлжээ” Олон улсын ТББ-ын сан дурынхан, зураач уран бүтээлч Л.Батжаргал, Хонхор тосгоны оршин суугчид, Ерөнхий боловсролын 88 дугаар сургуулийн багш сурагчид оролцов.

“Чэжү Олле” нийгэмлэгийн Монгол дахь салбарын захирал Хун Кёг И “Монгол Олле мэдээллийн төвийн ханын зургийг Солонгосоос ирсэн сайн дурын ажилчид маань хамтран бүтээлцсэн. Цаг уур, уур амьсгалын өөрчөлттэй холбоотой асуудалд тулгуурлан байгалийн өөрчлөлт ямар сөрөг нөлөө үзүүлдэгийг харуулах мэдээлэл хүргэх зорилго агуулсан. Бидний ажлыг Хонхорт амьдарч байгаа иргэд маш сайхан дэмжсэн. Мэдээллийн төв маань байгаль орчны сайхан үзэсгэлэнтэй байдлыг харуулахыг зорьсон бөгөөд энэ байгууллагын үйл ажиллагааг цаашид дэмжиж ажиллахыг хүсэж байна.”

“Sncf” байгууллагын сайн дурын ажилтан Чүй Сүл “Байгаль цаг уурын хямрал, өөрчлөлтөөс хамгаалах зорилгоор Койка байгууллагаас ирсэн сайн дурын ажилтан байна. Бид Хонхор тосгоны эко орчинг хамгаалах зорилго тавин ажиллаж ирлээ. Койка нь байгаль орчныг хамгаалах чиглэлд анхаарал тавин ажилладаг. Энэ ажлын жишиг болгож Монголд энэхүү ханын зураг хийгдлээ. Зөвхөн ханын зураг мэт боловч үзэсгэлэнтэй байгаль орчноо хамгаалах, энд амьдарч байгаа нутгийн иргэдийн аж амьдралыг энэ ханын зурагт шингээхийг хүссэн. Мөн Хонхор орчмын газрын зураг, “Койка” ТББ, “Монгол Олле” төвийн талаарх мэдээллийг багтаасан. Монголын зураач уран бүтээлч Батжаргал маань байгальд ээлтэй будгийг ашиглаж зурсан. Түүнчлэн Ерөнхий боловсролын 88 дугаар сургуулийн сурагчид, Бидний байгаль орчныг хамгаалах энэхүү үйл ажиллагаанд оролцсон сурагчдын зурсан зургийг Мэдээллийн төвийн эхлэх цэгтээ оруулсан. Энэ ажлуудыг хийхэд нутгийн иргэд идэвхитэй оролцож, дэмжсэнд баярлалаа. Хойшид илүү их өөрчлөлт хийхийн төлөөх эхний алхамаа хийлээ гэж бодож байна. Энд ирсэн та бүхэндээ маш их баярлалаа.”

“Монгол Олле” төвийн сайн дурын ажилтан Ким Ён Жү “Чежү Олле нийгэмлэг нь алхалтын замыг тодорхой болгож, Солонгостоо хамгийн номер 1 явган аялал, алхалт зохион байгуулдаг байгууллага юм. Бид “Монгол Олле” төвийг байгуулж, нэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн. Энэ удаагийн үйл ажиллагаанд “Чежү Олле”-гийн сайн дурынхан, “Монгол Олле” төвийнхөн болон “Хамтдаа алхацгаая” багийн 30 гаруй гишүүд оролцож байна. “Монгол Олеэ” төв байгуулагдсан цагаас алхагчдыг аюулгүй сайн алхах замыг бий болгодог. Бид Хонхор, Улаанбаатар, Тэрэлжид “Монгол Олле” замын хөтөч, Мэдээлийн төвийн ажилтнууд болон аялалын замыг засдаг хүмүүс ажлуулдаг. Мөн бүтээгдэхүүн гаргаж, нутгийн иргэдийг орлогожуулахад анхаардаг ажилтан бий. Тиймээс нутгийн иргэд өөрсдийн гэсэн орлоготой, орлогоос гадна байгаль орчинтойгоо зохицож амьдрах чадвартай хүмүүсийг бий болгоход чиглэсэн ажлуудыг хичээнгүйлэн хийж байна. Алхах бол маш сайхан зүйл. Хамтран ажиллаж биднийг дэмжээрэй.”

Зураач уран бүтээлч Л.Батжаргал “Би 2009 онд ДУДС-ийг төгссөн, зураач мэргэжилтэй. Хонхор тосгонд 4 сараас эхлэн 3-4 хүний бүрэлдэхүүнтэй барилгын ажлыг хийж, явган аялалын эхлэх болон төгсөх цэгийн нийт 6 хананд 60 гаруй метр квадрат талбайд ханын зураг зурж дуусгалаа. Бидэнд тусалсан сайн дурын ажилчид болон энэ төслийг санаачлагч “Монгол Олле” төвийн сайн дурын ажилтан Ким Ён Жү багшдаа баярлалаа. Монголоор бид “Туяа” гэж дууддаг. Багш маань дизайнер мэргэжилтэй урлагийн хүн болохоор өдөр бүр шахам Туул зөрлөг дэх төгсөх цэг дээр ирж, зөвлөгөө өгдөг байсанд баярлалаа. Зургуудаа товч тайлбарлая. Урд талын хэсэгт “Монгол Олле”-ийн лого морийг дүрсэлсэн байгаа. Монголчуудын хувьд ч морь нь өндөр утга агуулагатай. Морин дотроо Монгол зургийн хэв шинжийг агуулсан үүлэн хээ, амьдрал ахуйг харуулсан усанд явж байгаа хүүхдүүд үхэр тэрэг, цэцэг навч зэргийг багтаасан. Ар талын хэсэгт нь бидний амьдарч байгаа дэлхийгээ хайрлаж, энхрийлж байгааг харуулсан. Зураг бүрт нэг холбогдож байгаа дүрслэл нь солонго байгаа. Учир нь борооны дараа гардаг солонго хүмүүст гэрэл гэгээ өнгө бэлэглэж, гайхамшиг гэж эерэгээр хүлээж авдаг.  Хүүхдүүдийн зурагт ч солонго ихээр дүрслэгддэг тул энэ замаар явах нь амьдралд тодорхой хэмжээнд өнгө нэмж байгаа хэмээн солонгоор холбож өгсөн. Миний хувьд энэ төсөл рүү орсон шалтгаан маань зургаараа өнгө нэмж, энэ зургийг бүтээлцсэн хүүхдүүд бүтээгч болоосой, бүтээлч болоосой, ингээд урам зориг аваасай гэж зорьсон. Хонхор тосгоны хүүхдүүдийн ирээдүйд өнгө нэмсэн энэхүү төслийг дэмжиж хамтран оролцсондоо баяртай байна.”

Дашрамд дуулгахад, Олле гэдэг нь Чэжүгийн эртний аялгаар “гудамж талбайгаас гэрийн хашаа хүртэлх нарийхан зам” гэсэн утгатай үг бөгөөд тус улсад 2006 оноос хойш Чэжу арлыг тойрсон 26 курс, 425 км явган аяллын чиглэлийг тэмдэгжүүлсэн байдаг аж. Олле явган аяллын чиглэл Солонгост хурдан хөгжиж, олон хүний алхах дуртай зам болж, зам дагуух тэмдэг, тэмдэглэгээг байгаль орчинд сөрөг нөлөөгүй материалуудаар хийдэг байна. Олле стандартын дагуу тэмдэглэхдээ зам дагуу шар, цэнхэр өнгийн тууз бүхий нарийн шон хатгаж, тэмдэглэгээ тавина. Зөвхөн эхлэл, төгсгөл цэг дээр мэдээллийн самбар, төв байрлаж, Оллегийн үндсэн бэлгэ тэмдэг болох морь хэлбэртэй кансейг чиглэл заасан тэмдэг болгон ашигладаг байна. Олле явган аяллын замд байгалийн өнгө үзэмжийг өөрчлөх сандал, амрах цэгүүд байхгүй. Аялагч хүмүүс алхахдаа байгальд ямар нэгэн ул мөр үлдээх ёсгүй бөгөөд явган аяллын замаар алхаж байгаа хүн орон нутгийн иргэдийн аж амьдралтай танилцаж, иргэдийн амьдралд бодит хувь нэмэр оруулах шаардлагатай гэж үздэг нь Олле стандартын гол онцлог юм. Тухайлбал, Богд ууланд алхах хүмүүс аялалд гарахаас өмнө Хонхорт байрлах дэлгүүрүүдээс тодорхой хэмжээний худалдан авалт хийж, орон нутагт орлого оруулдаг бөгөөд Чэжү Оллегийн зүгээс орон нутгийн иргэдэд зориулан нэмэлт орлоготой болоход чиглэсэн гар урлалын олон төрлийн сургалтууд явуулж иржээ. Энэ нь аялагчид зөвхөн гоё байгальтай газраар алхах дуртай гэсэн дэлхий нийтийн нийтлэг хандлагыг өөрчилж, Япон улсын дараа Монгол олле явган аяллын стандарт замтай гурав дахь орон болоод байна.  

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close