
Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4802
Чингис хаан Үндэсний музей Монголын түүх, төрт ёсны уламжлал, соёлын өвийг судалж, эх орондоо болон дэлхий дахинд таниулахыг зорьж, дэлхийн урлагийн сор бүтээлийг Монголын үзэгчид эх орондоо үзэж, танин мэдэх боломжийг бүрдүүлсээр ирлээ. Өнөөдөр тус музейгээс Италийн Дорно Дахины Урлагийн музейтэй хамтран “Монголчуудын ертөнц:Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээж, Европын улс орнуудад хадгалагдаж байгаа Монголын эзэнт улс, түүний бүрэлдэхүүн улс болох Ил Хаант улсын өв соёлтой холбоотой ховор нандин дурсгалуудыг эх нутагтаа үзэх боломжийг Чингис хаан Үндэсний музейгээс үзэгчдэдээ (2026.11.23) олголоо.
Тус үзэсгэлэнгээр дамжуулан Чингис хаан болон Монголын эзэнт улсын хаадын ивээл дор Өрнө дорнын соёл урлаг, уран баримал, шаазан эдлэлийн урлал, барилга архитектур хэрхэн хөгжсөн, мөн монгол хаад өөрсдийн нүүдэлчдийн соёл, уламжлал, хэв маягийг хадгалан авч үлдсэнийг харуулж буй юм. Их эзэн Чингис хаан болон түүнийг залгамжлагч их хаадын түүх соёлд хамаарах дурсгалуудыг хадгалж буй Итали улсын Турин хотын Дорно дахины Урлагийн музейтэй хамтран 13 дэсийн 13 үзмэрийг тусгай үзэсгэлэнгийн танхимд дэлгэн үзүүлж байна.

Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Соёл, спорт, аялал, жуулчлал залуучуудын сайдын мэндчилгээг Соёл, урлагийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Наранцэцэг уншиж танилцуулсан бөгөөд, мэндчилгээнд “Өнөөдөр бид найман зууны тэртээх Монголын их хаадын үндэслэн тогтоосон их түүхийн зурваст бүтээгдсэн аугаа их өв соёлын нэгэн хэсэг болох Ил хаант улсын үеийн Персийн урлалын дурсгалуудыг эх төрхөөр нь Монгол түмэндээ толилуулж байна. Энэхүү тусгай үзэсгэлэн нь Монгол Италийн соёлын хамтын ажиллагаа идэвхжиж байгаагийн илэрхийлэл бөгөөд хоёр тал орон зайн хол ойр, саад бэрхшээлээс үл хамааран хамтран ажиллах хүсэл эрмэлзлийг нотолж буйн жишээ болж” гэдгийг тодотголоо.

Нээлтийн үеэр Чингис хаан Үндэсний музейн дэд захирал, доктор Д.Эрдмаа “XIII зуунд Чингис хаан болон түүний залгамжлагчдын байгуулсан эзэнт гүрэн Евроазийн өргөн уудам нутгийг хамарч, өрнө, дорнын соёлын харилцааг тэлсэн билээ.Тэр үеийн өөрчлөлт исламын ертөнцөд ч гүн ул мөрөө үлдээсэн юм. Үзэсгэлэнд дэлгэсэн Персийн шаазан эдлэлийн хээ угалз, уран барилгын шавар чимэглэлийн нарийн хийцэд тэр цагийн урчуудын ур чадвар, гоо зүйн мэдрэмж шингэжээ. Эдгээр эх үзмэрээр дамжуулан бид Ил хаант улсын үеийн урлагтай танилцаж, Монголын түүхийг Евроазийн соёлын харилцааны өргөн хүрээнд эргэцүүлэн харах боломжийг олгож буй” гэлээ.

Мөн үзэсгэлэнг нээж Итали Улсын Турин хотын Дорно Дахины Урлагийн музейн захирал, орчин үеийн урлагийн куратор Давиде Куадрио хэлэхдээ “Хоёр музейн хамтын ажиллагааны хүрээнд Занабазарын хоёр шилдэг бүтээлийг манай музейд хүлээн авч Боргезейгийн галерейд дамжин үзүүлсний дараа бид МАО-ийн цуглуулгаас сонгосон керамик эдлэлийн чухал цуглуулгыг Монголын үзэгчдэд хүргэж байна. Манай үзмэрүүдийн 3 бүтээл нь XII-XIV зууны хооронд Персийн керамикийн онцлог байсан хэлбэр, техник чимэглэлийн хэл найруулгын олон талт байдлыг харуулж байна.Үзэсгэлэн нь түншүүдийн харилцааг гүнзгийрүүлж цаашид улам хөгжих боломжит бат бөх суурийг тавилаа хэмээн онцоллоо.

Тус үзэсгэлэн Монголын эзэнт улс, Монголын соёлыг дэлхийд сурталчлах том үүд болох бөгөөд, тус музейд олон улсын өндөр түвшний үзэсгэлэнг эх нутагтаа зохион байгуулж, дэлхийн шилдэг өвүүд, Монгол өв соёлын тусгай үзэсгэлэнг цаашид зохион байгуулах үүдийг нээсээр байгаа бөгөөд, нийгмийг соён гэгээрүүлэх, соёлын аялал жуулчлалын хөгжилд чухал хөшүүрэг болох эдийн засгийн хувьд өндөр ач холбогдолтой.

“Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэн нь Чингис хаан Үндэсний музейн зургаадугаар давхарт ирэх сарын 20-ны өдрийг хүртэл үзэгчдийн хүртээл болгох юм.

Дашрамд мэдээлэхэд, МАО нь Итали улсын Турин хот дахь Дорно Дахины урлагийн музей (Museo d’Arte Orientale) бөгөөд Европ дахь Азийн урлагт зориулсан томоохон музейн нэг бөгөөд 2008 онд хотын төвд орших түүхэн Палаццо Маццонис ордонд нээгдсэн байна.

Музейн цуглуулгууд нь Өмнөд Ази, Хятад, Япон, Гималайн бүс нутаг болон Исламын ертөнцийг хамардаг. МАО нь Торино музейн сангийн (Fondazione Torino Musei) бүрэлдэхүүнд багтдаг, уг сан нь Чингис хаан Үндэсний музейтэй хамтран өнгөрсөн хоёрдугаар сард Турин хотод “Занабазар: Тал нутгийн мэлмий” үзэсгэлэн зохион байгуулсан бол, одоо Улаанбаатарт “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” үзэсгэлэнг ийнхүү дэлгэлээ.

Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4802



