
Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4802
Эрчим хүчний сайд Б.Найдалаа, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Энхтүвшин нар өнөөдөр (2026.11.23) Кувейтийн сангийн инженерийн асуудал хариуцсан ахлах зөвлөх Мохаммэд Садэөй, Хууль зүйн ахлах зөвлөх Мохаммад Ал Дабноус нарын төлөөлөгчидтэй уулзлаа.
Энэхүү уулзалтаар Баянхонгор аймгийн Бөмбөгөр, Бууцагаан сумын заагт байрлах Байдраг гол дээр барихаар төлөвлөж буй 30 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай “Байдрагийн усан цахилгаан станц” төслийн хэрэгжилт, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлыг хэлэлцлээ.
Төслийн нийт хөрөнгө оруулалт 53.3 сая ам.доллар бөгөөд барилга угсралтын ажлыг таван жилийн дотор хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд усан цахилгаан станц нь 5 МВт-ын хоёр, 20 МВт-ын нэг нийт гурван турбинтэй байхаар төлөвлөгджээ.
Төсөл хэрэгжсэнээр Баянхонгор, Өвөрхангай аймгийн төв болон сумдын цахилгаан эрчим хүчний хангамжийг сайжруулах, Төвийн бүсийн эрчим хүчний системд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр нэмэгдүүлэх, оргил ачаалал болон аваарын үед горим тохируулга хийх, импортын эрчим хүчний хамаарлыг бууруулах ач холбогдолтой юм. Мөн усан цогцолборыг түшиглэн усалгаатай газар тариалан, загас агнуур, аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж бүрдэнэ.
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 202 дугаар тогтоолоор төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах ажиллагааг эхлүүлсэн. Сонгон шалгаруулалтын баримт бичгийг нийт есөн компани худалдан авсан боловч 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн эцсийн хугацаанд оролцогч компаниудаас материал ирүүлээгүй тул сонгон шалгаруулалт амжилтгүй болсон юм.
Харин Кувейтийн сангаас тус төслийн санхүүжилтэд оролцохоо илэрхийлж, 15 сая кувейт динар буюу 48.1 сая ам.долларын зээлийн санхүүжилт санал болгосон байна. Зээлийн хүү жилийн 2.5 хувь, захиргааны хураамж 0.5 хувь буюу нийт 3 хувийн нөхцөлтэй бөгөөд зургаан жилийн хөнгөлөлтийн хугацааг оролцуулан нийт 20 жилийн хугацаанд эргэн төлөхөөр санал болгожээ.
Энэ хүрээнд Кувейтийн сангийн инженер, хууль зүй, эдийн засаг, зээлийн асуудал хариуцсан дөрвөн төлөөлөгчөөс бүрдсэн дүгнэлтийн баг 2026 оны 11 дүгээр сарын 23-наас 12 дугаар сарын 5-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллах бөгөөд Байдрагийн усан цахилгаан станцын барилга угсралтын талбайд газар дээрх үзлэг хийхээр төлөвлөн ажиллаж байна.
Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн зүгээс Байдрагийн усан цахилгаан станцын төслийг бодлогын түвшинд нэн чухал болохыг онцлоод Кувейтийн сангийн төлөөлөгчдийн саналыг нарийвчлан судалсны үндсэн дээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
Тус төсөл нь баруун бүсийн эрчим хүчний хангангамжийг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ Баянхонгор аймгийн нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжих стратегийн ач холбогдолтой юм.
Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4802



