НийгэмЭнэ сардЭх сурвалжФото сурвалжлага

Р.Энхболд: Монголчууд бид үнэ цэнэтэй байх ёстой

Монголчууд бид таван хошуу малынхаа ашиг шимийг хүртэж, хүнсэнд хэрэглэхээс гадна өмсөх хувцас, нөмрөх хөнжил гээд хэрэгтэй бүхнээ хийж чаддаг болсон. Хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцүүлэн бидэнд хэрэгтэй бүхнийг хийж гүйцэтгэдэг үндэсний үйлдвэрлэгчдийн  төлөөлөл “Монгол нэхмэл” ХХК-ийн ерөнхий захирал Р.Энхболдыг www.Newswall.mn сайтынхаа анхны зочноор урьж ярилцлаа. Таалан болгооно уу.

-Байгууллагын үйл ажиллагаатай эхлээд танилцуулсанд баярлалаа. Халуун дулаан, найрсаг харилцаатай, эвсэг хамт олонтой компанийхаа түүхээс хуваалцвал?

-Манай үйлдвэр 1934 онд Монголын анхны аж үйлдвэрийн комбинат байгуулагдах цагаас эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа. Тодруулбал, “Ноосон нэхмэлийн үйлдвэр”-ийн  суурин дээр үндэсний анхдагч компанийн залгамж халаа болон “Монгол нэхмэл” ХХК нэрээр шинэ бүтэц зохион байгуулалтаар ажиллаж байна.

Манай компани тэмээний ноос, сарлагийн хөөвөр, ямааны  ноолуур, хонины ноосыг түүхий эд болгон авч ганц нэхмэл гэлгүй сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Нэхмэл бүтээгдэхүүнээс гаргасан даавуугаараа оёмол бүтээгдэхүүн хийж, техник технологи арга ажиллагаагаа сайжруулж, үйлдвэрлэлээ өргөжүүлж яваа үндэсний үйлдвэрлэгч.

-Хичнээн ажилтантай вэ. Ер нь боловсон хүчний хангалт хэр их байна?

-Манай компани 100 гаруй ажилтантай.  Ер нь боловсон хүчний асуудал маш чухал яригддаг сэдэв. Ялангуяа нэхмэлийн салбарт. Яагаад гэвэл нэхмэлийн салбар нь өөрөө нарийн мэргэжилд тооцогддог. Социализмын үед ЗХУ-д гурван жил ТМС–д төгссөн хүн л машин барьдаг, засварчин хийдэг тогтолцоотой байсан.

Гурван жил онолын түвшинд нэхмэлийн технологийг суралцаж, мэдлэгтэй болоод ирж ажилладаг тэр тогтолцоо алга болсон. Тиймээс энэ чиглэлийн боловсон хүчинг өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан ажлын байран дээрх сургалтаар сургаж байна. Ажилчдын 80 гаруй хувь нь эмэгтэй хүмүүс, МСҮТ коллеж төгссөн залуус, тэтгэвэрт гарсан ахмадууд ч ажиллаж байгаа. Өмнө нь энэ үйлдвэрт ажиллаж байсан ахмадууд маань үргэлжлүүлээд ажиллая гэсэн  хүсэлт гаргасан юм.

Энэ утгаараа туршлагатай, ахмад боловсон хүчин маань шинэ залуу үеэ хүмүүжүүлэх, ажилд сургах тал дээр хамтарч байна. Мэдээж социализмын үеийн 3 жилийн сургалтын хөтөлбөр энэ ажлын местэн дээр байна гэвэл маш хэцүү. Энэ явцад ажилтан маань шантрах, ур чадвар дутах асуудал гарна. Ажлын дундуур сурч яваад ажлаас гарчихдаг тохиолдол бий. Маш их цаг зав, цалин өгөөд сургаж байтал гэнэт хаяад явчихдаг.  Ер нь нэхмэлийн салбар хэцүү л дээ. дуу чимээ ихтэй, дандаа зогсдог орчинд болохоор хүмүүст ажлын нөхцөл хэцүү санагддаг байх. Тэр утгаараа шигшигдээд л үлддэг.

Өмнө нь энэ үйлдвэр жилдээ 1 сая гаруй метр нэхмэл үйлдвэрлэж, 1000 гаруй ажилтантай, нэхмэлийн шар гээд бүхэл бүтэн хотхон, цэцэрлэг сургуультай орчинд ажиллаж амьдарч байсан. Бид тийм хэмжээнд хүргэнэ гэсэн алсын зорилго төлөвлөгөөтэй ажиллаж байна. Тиймээс боловсон хүчнийг бүрдүүлэхэд л их анхаарал хандуулж явна. Хүнээс шалтгаалсан үйл ажиллагааатай манай компанийн гол  нөөц боломж, баялаг болсон ажилчдаа тогтвор суурьшилтай ажлуулахад анхаарах нь бидний хамгийн том шийдэх асуудал.

-Ажилтныг тогтвор суурьшилтай ажиллуулахад нийгмийн асуудлыг нь  тодорхой хэмжээгээр шийдвэрлэвэл зүгээр санагддаг. Энэ тал дээр хэрхэн анхаарч ажилладаг вэ?

-Ер нь хүн ганцхан цалин аваад тэрэндээ сэтгэл ханаад явах биш. Ажлын хамт олон орчин нөхцөл тогтвортой, өндөр үр бүтээлтэй ажиллахад их нөлөөлдөг. Цалингийн хувьд мэргэжлийн зэрэглэлээр ангилж байна. Хуучин нийгмийн үед тийм л байсан. Зах зээлд шилжиж, тэр тогтолцоо алга болсон ч бид өөрсдийн онцлог, хуучны уламжлалыг даган ажилчдаа ур чадвар, мэдлэгээр нь  үнэлдэг.

Хэн илүү хөдөлмөрлөж, сурч хөгжсөн нь цалин ахиу авдаг, боломжууд эдэлдэг байхад анхаардаг. Түүнчлэн ар гэрийн нийгмийн асуудлууд болох хүүхдийн сургалтын төлбөр, өвөлд нүүрс түлээ гэх мэтээр тусалж дэмжиж байна. Мөн хамт олон дундаас шалгарсан болон нийт багаар нь уралдуулж шагнаж урамшуулдаг.

Нөгөө талаасаа манай компанийн бодлого, үнэт зүйл бол байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах, хүмүүсийн амьдралын чанарыг дээшлүүлэх. Нүүдлийн мал аж ахуй гэдэг дэлхийд цор ганц үлдсэн ахуй соёлоо хадгалж, түүнийгээ олон нийтэд түгээх гэсэн үнэт зүйлүүддээ анхаарч, ажлын орчин нөхцөлдөө нийцүүлж явна. Бид чинь их сайхан уламжлалтай ард түмэн юм шүү дээ.

Орчин үеийн бизнесийн орчинд нийцүүлж, өндөр технологиор уламжлагдсан соёлоо таниулж, хэрэглэгчдэд үнэ цэнэтэй бүтээгдэхүүн хийж өгөх гэсэн хүсэлтэй явна.

-Оффисын өрөөнүүдийн тохижилт их гоё юм. Зорилго нь?

-Миний ханийн санал, санаачлага л даа. Бид хамтдаа энэ ажлыг хийж  өнөөдрийг хүрсэн. Мэдээж онолын хувьд, ер нь хүний амьдралын туршлагаас ч харахад хүн гэдэг ер нь хэн юм. Хүний хэрэгцээ ямар байдаг юм. Хүн юунаас таашаал авдаг юм. Ямар орчинд ямар сэдэлжүүлэлт байж хүн урам зориг авч, эрч хүчтэй ажилладаг юм гэдгийг олон талаас нь судалж мэдэж, ажлын орчинд тааруулж ая тухтай байх талаас нь харуулахыг зорьсон.

Ерөнхий энэ тохижилтоос гадна бид ажилтан нэг бүртэй тулж ажилладаг. Манайхан хүмүүсийнхээ давуу тал, сул талыг бичүүлж авдаг. Сул тал байгаа бол яаж тэрнийг арилгах вэ гэж хувь хүний хөгжилд нь нөлөөлөх ажил хийдэг. Хүн өөрийгөө мэддэггүй. “Энэ миний сул тал” гээд эхэндээ бичиж чаддагүй байсан. Шударга байх хэрэгтэй. “Өглөө эрт  босч чаддаг уу”, “Ном уншдаг уу”,  “Илүү цаг хөдөлмөрлөдөг үү” гэх зэргээр энэ бизнесийн орчинд шаардлагатай асуудлаар асуугаад эхлэхээр тэр нь тодорч гарч ирдэг.

Тэгээд “Би чинь ном уншдаггүй юм байна”, “Цагаа төлөвлөдөггүй юм байна” гэх зэргээр гарч ирдэг. Гарч ирэхээс ч өөр аргагүй. Яагаад гэвэл бид бизнесийн орчинд амьдарч байна. Энэ өрсөлдөөнтэй нийгэмд дасан зохицож ажиллахын тулд хүний нөөцийн ур чадвар, мэдлэг, сэтгэл, хандлага энэ бүгд  компанийн амжилтын үндэс. Хүмүүс маань сул талгүй байх ёстой.

Компанийн сул тал, давуу тал гэж их ярьдаг ч сфот шинжилгээг ажилчиддаа хийх ёстой. Тэгж байж  компанийн сул тал ажиллана. Сул талыг арилгах арга хэмжээ авч байх ёстой. Хүмүүс рүүгээ тулж ажиллах, сургах гээд олон асуудлууд байна. Энэ нь эргээд л ажилчдын нийгмийн болон гэр бүлийн байдлын асуудал руу ордог.

Үр дүнд нь ар гэртээ нөлөөлж, стрессдэхгүй тайван байх, баяр хөөртэй байх талаар сургаж байна. Гаднаас сэтгэл зүйн багш нар авчирч байна. Цаашлаад ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэнгээ нийгэмд тулгамдаад байгаа хөрсний бохирдол, агаарын бохирдол зэргийг бууруулахыг зорьж байна. Тухайлбал, нүүрс түлдэг бол шалны халаалт тавих зэргээр орчин үеийн ямар шийдэл байна тэр бүгдийг хийнэ. Нойлын асуудлыг ч шийдэж өгөх боломжтой.

Тэр бүхнийг шийдэхэд мэдээж мөнгө хэрэгтэй тул банктай холбоод өгөх боломж байгаа. Хамгийн гол нь тогтвортой, тууштай ажилла. Тогтвортой, сэтгэлтэй ажиллавал бүх юм болно гэж харьцдаг маань бүх талаасаа үр өгөөжөө өгч байна. Ажилтан хүн тогтвортой сайхан ажиллаж, амьдрах орчноо сайжруулснаар агаар хөрсөө бохирдуулахгүй болно.

Хамт олноороо ярьж байгаад хашааг нь тохижуулж өгөхөд хамтарч болно. Энэ тохиолдолд мөнгөн хуримтлал зэрэг янз бүрийн аргууд байж болно. Судалгаа хийгдэж байгаа. Хашаа хороог нь хүртэл тохижуулж өгөхөд ойр хавийн болон зөрсөн нэгэн нь сонирхоно. “Энэ хэнийх вэ” гээд сонирхвол манай ажилтан байх юм. “Ажилтан бүр маркетер байна” гэдэг чинь энийг л хэлээд байгаа юм. Хамгийн гол нь ажилтан маань өөрийн хийж байгаа ажлаараа бахархал дүүрэн байвал маш сайхан үр дүнг авчирна. Энэ л миний, манай хамт олны зорилго.

-Үйлдвэрийн хананд ажилчдынхаа хүүхдүүдийн зургийг байршуулсан нь их сайхан санагдлаа?

-Ажлын орчин гэдэг хүний амьдралын хоёр дахь гэр. Хүн хоногийн 24 цагийн 8 цагийг ажил дээрээ өнгөрүүлдэг. Амьдралынхаа хамгийн эрч хүчтэй өнгөрүүлдэг цагаа ажил дээрээ өнгөрүүлдэг учраас хамт олноосоо суралцах, гэртээ байгаа мэт мэдрэмж төрөх, сэтгэл санаагаа хуваалцах, сурч боловсрох бүх боломж нээлттэй байвал хүн ажилдаа яарч ирнэ.

Ажлын байрны ханыг хүүхдүүдийнх нь гоё чургаар чимсэн нь нэг талаараа сэтгэл ханамж, нөгөө талаар үр хүүхдийнхөө төлөө хүн илүү их хичээдэг. .

-Ноос ноолуурын салбарт өрсөлдөгч цөөнгүй бий. Та бүхний ялгарах гол давуу талууд юу вэ?

-Нэхмэлийн яг энэ салбар, үйлдвэрлэл нь өөрөө дэлхийн түүхэнд олон жил уламжлагдаж, нэг л зарчим технологитой явж байгаа. Аль болохоор бүтээмж өндөртэй, хүний оролцоог багасгах чиглэлд явж байгаа ч нэг л зарчимтай. Өнөөдөр бизнесийн орчинд аль болох бүтээмж сайтай, зардал багатай ажиллаж, хямд үнэ болон ялгаралаараа өрсөлддөг болсон.

Үүний хажуугаар “Хөх тэнгис” гэдэг менежмент байдаг. Тодруулбал, энэ нь хэн ч ороогүй, сэдээгүй зах зээлийг олж харах юм. Сүүлийн үеийн старт апп компаниудын нэг “Iphone” байна.  Тэд өрсөлдөгч нарын олж хараагүй зах зээлийг олж харсан. Бид тийм хэмжээнд байх талаар бодож зорьж явна.

Орчин үед энэ салбарын техник технологи өндөр хөгжсөн байна. Аль болох хүний оролцоогүй мэдрэгчтэй, хиймэл оюун ухаан, программ техникийн шийдлээр урагшилж байна. Италид гэхэд ээрэх үйлдвэрийг нэг л хүн хариуцахаар техникийг сайжруулж байна. Техник сайжрахаар технологи сайжирна. Машинууд өөрөө мэдрээд нэхээсний алдааг олчихож байна.

Байгальд хоргүй технологи ашигладаг ч үйлдвэрлэлд саван, тогтворжуулагч зэрэг химийн найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэдэг. Тэрнийг байгаль орчинд халгүй аль болох ус бага хэрэглэдэг технологи нэвтрүүлж байна. Нано технологи нэвтрүүлж байна. Харин бид хүний хүчийг ашиглаж, тэр бүхний хойно бид явж байгаа ч аль болох тэр хөгжил рүү тэмүүлж явна.

Мөр зэрэгцээд явахын тулд мэдээж санхүүгийн чадавхи сайн байх ёстой. Сайн дизайнер, шинжлэх ухааны  судалгаа шинжилгээ үндэслэлтэй технологиудыг нэвтрүүлж нутагшуулах ажил бидний өмнө байна. Хүссэн хөгжилдөө хүрэхийн тулд санхүү, хүний нөөцийн талаасаа тэр хэмжээнд очиж байж л бид дэлхийн брэнд болно.

Guichi, Burberry гээд л гадны брэндүүдийг шүтээд байна. Бид тийм брэнд гаргах бүрэн боломжтой. Монголчууд бид үнэ цэнэтэй байх ёстой. Ийм сайхан байгаль, эко орчинд амьдардаг ард түмэн бид ийм замаар ингэж бүтээгдэхүүнээ бэлдээд, ингэж хийсэн гэсэн танилцуулга өөрөө аль ч улс оронд ховорхон байдаг үнэ цэнэтэй зүйл. Тэрийгээ л бид шигтгэж гаргаад ирвэл бид дэлхийд өрсөлдөөн багатай “Хөх тэнгис” менежментийг хийх юм.

-Ширээн дээр нь байгаа энэ гуталны түүхийг ярьж өгөөч. Шинэ брэнд үү?

-Энэ нилээн өмнө нь хийсэн загвар. Энэ брэндийг бид Монголдоо хийе гэж зорьсон юм. Даавууг нь бид хийчихэж байна. Гутал хийдэг хүмүүс нь байна.  Гутал яагаад заавал бүхлээрээ арьс байх ёстой юм. Ийм болчихвол хөнгөн шингэн, хөлрүүлэхгүй “амьсгалдаг” гутал гэсэн үг.

Гутал маань дангаараа биш. Бүс, цүнх, хослолтой иж бүрдэл байх юм. Энэ гутал тэр иж бүрдэлийн зөвхөн нэг хэсэг нь. Монголчууд бид өнөөдөр кластараар ажиллах нөхцөл бололцоо бий болсон. Өөрийнхөө чаддаггүй зүйлийг чаддаг хүнээр нь хийлгээд зах зээлд хамтарсан бүтээгдэхүүн гаргах юм. Бид гутлаа заавал өөрсдөө хийнэ гээд байх шаардлагагүй, цаг хугацаа ч алдах хэрэггүй.

-Хэрэглэгчдийн гар дээр очоод эхэлвэл Монголын цоо шинэ брэнд болон гарах нь ээ?

-Тийм. Ирэх наймдугаар сард “Хан” нэрээр худалдаанд гарна. Эрт дээр үед жижиг омгуудыг захирч байсан хүмүүсийг Хан гэдэг. Олон “Хан”-ыг захирахаар ХААН болдог байсан гэдэг.  Бид энэ брэндийг “Хан хэнтий шиг”, “Хан тэнгэр шиг” гэж дээдэлдэг тэнгэрлэг сайхан эрчүүддээ зориулж байгаа. Тэр болтол бид бэлтгэлээ хийж байна. Хэрэглэгчдийн эрэлт нэмэгдээд ирвэл өргөжүүлэх амархан шүү дээ.

Загварыг мэдээж хамгийн сүүлийн үеийнх байхаар шийднэ. Гэхдээ загварын өөрчлөлт гэдэг үндсэн классик хувцаснууд өнгөний чиг хандлагаар солигдоод л явдаг. Деталиуд өөрчлөгдөнө. Энэ бол ямар ч хувцасны 80 хувьд байдаг. 20 хувьд нь жинхэнэ загварлаг байдаг.

-Монголын бараа бүтээгдэхүүн чанар муу, үнэ ихтэй гэсэн яриа байдаг?

-Үндэсний оёдлын үйлдвэрүүд гээд яриад байдаг ч бүгд импортын бүтээгдэхүүн ашиглаж байгаа. Хамгийн хямд утас материал авчирдаг. Маш сайн чанартай утас, материалыг гадаадаас хүссэнээрээ захиалж авчруулдаг ганцхан компани бий. Тэдний хийсэн хувцас 1 сая 500 мянгаас дээш байгаа. Чанартай юм ийм л байх ёстой.

Гол нь өнөөдрийн төр засгийн байдал, ард түмний амьжиргаанд тааруулж хэзээ болтол явах юм. Аливаа юм дээшээ хөгжиж, чанаржих ёстой. Зоригтой алхам хийх ёстой. Дандаа л ингээд яваад байвал бид хөгжихгүй. Хараат болно. Хэн нэгний  хараат болж, тэрнээсээ хямд юм авдаг байж болохгүй. Хямд байна гэдэг чанаргүй муу гэсэн үг. Үнэ цэнэтэй юм чанартай гэсэн үг. Хямдхан юм чанар муутай  материалаар хийгдэж байгаа гэдгийг л ойлгох ёстой.

-Үнэ цэнтэйгээр өөрийгөө үнэлнэ гэдэг  их чухал. Тэр хирээр нийгэмд үнэ цэнтэйгээр хандана гэсэн үг, тийм үү?

-Мэдээж. Энэ бүтээгдэхүүн ямар хүч хөдөлмөр орж, ямар дамжлагаар яаж бүтсэн юм бэ гэдгийг мэддэг хүн аливаа юманд тийм л үнэлэмжтэй ханддаг.  Үнэтэй юманд яах аргагүй хүч хөдөлмөр, цаг хугацаа ордог. Юмыг дандаа хямдаар боддог хүмүүс олон бий. Мэдээж санхүүгийн боломж, чадамжаас шалтгаалдаг хүмүүсийн хувьд өөр асуудал. Гэхдээ л хямдхан байж болохгүй зүйл гэж бий. Энэ бүхнийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй л дээ.

-Зарим ноос ноолуурын компаниуд олон улсад бүтээгдэхүүнүүдээ гаргаж байна. Танай компанийн хувьд ийм ажлыг хийж эхэлсэн үү?

-Бидний хамгийн том зах зээл бол экспорт буюу гадны зах зээл. Тэр чиглэлд гол анхаарлаа хандуулдаг. Гол нь бид чадвартай байж, экспортод бэлэн байх ёстой. Чанаргүй, хийсэн юм маань хугацаандаа нийлүүлэгдэхгүй зэрэг асуудлуудаа шийдэж чадахгүй байж экспортлоно гэж болохгүй. Бүхэл компаниараа тэр ажилд бэлтгэгдсэн байх ёстой.

Бүх юм яг цав таарсан, чанартай түүхий эдээр үйлдвэрлэлээ эрхлээд яг хугацаанд нь хийж чаддаг, хэрэглэгчийн хүсээд байгаа хэмжээнд бүтээгдэхүүнийг хийж өгч чаддаг байх нь чухал. Бид тийм хэмжээний хүчин чадалтай, хүний нөөцтэй, бэлтгэн нийлүүлэгч түүхий эдээ хугацаандаа өгч чадаж байна уу гэдэг их чухал. Тогтолцооны асуудал л даа.

Тэгэхгүй захиалга аваад хийх гэхээр түүхий эд нь байхгүй. Бүгд Хятад руу гараад явчихсан. Монголд түүхий эдтэй компани ч байхгүй. Манайд тийм асуудал гарч, гадаадаас ирсэн захиалгаа алдаж л байсан. Тиймээс энэ мэт мэдэгдээд байгаа мөртлөө мэдэгддэггүй бүхнээ шийдэж, ямар ч асуудалгүй тогтвортой байлгасан цагт гадаад зах зээл  тэлэх юм.

-Хамгийн чухал нь түүхий эд, түүхийн эдийн хангамж  юм байна тийм үү.  Урд хөршийн иргэд хамаг түүхий эд авчихдаг гэж байна. Энэ асуудлыг салбарынхан нь яаж зохицуулдаг вэ?

-Энд асуудлыг олон талаас нь харах хэрэгтэй. Мэдээж үндэсний үйлдвэрлэгч бид нэмүү өртөгтэй бүтээгдэхүүн хийж явна гээд бид дуугарна. Нөгөө талаас малчдын орлого амьжиргаа ямар байх вэ гэдгийг аль  аль талаас нь бодож зохицуулах юмнууд бий. Чөлөөт эдийн засаг, чөлөөт өрсөлдөөний нийгэмд амьдарч байгаа л гэдэг. Гэхдээ чөлөөт өрсөлдөөн гээд хаяж болохгүй төр засаг зохицуулах ёстой салбар.

Тиймээс бодлогынхоо хүрээнд талуудын эрх ашгийг тэнцвэржүүлээд энэ асуудлыг зөв зүйтэй шийдээд өгөөч. Гадны ченж нарыг аль болох оруулж ирэхгүйгээр, тэднээс хамгаалсан байдлаар зохицуулалт хийх ёстой. Гол нь малчдын орлого буурахгүй, үндэсний үйлдвэрлэгчид түүхий эдээр дутахгүй байх гэсэн бодлогоор явах ёстой.

Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэлээ дэмжье гэж байгаа бол татвараа цаг тухайн үед нь тавих ёстой. Түүхий эдийг түүхийгээр гаргахгүй гээд татвар тавих, дараа нь угаасан дээр нь татвар тавьж болно. Дараа нь самнах дээр татвар тавих зэргээр шат дараатайгаар үйлдвэрлэлээ дэмжсэн, дотоодын зах зээлээ хамгаалсан бодлого явуулахгүй бол чөлөөт өрсөлдөөн гээд хэн ялсан нь түүхий эдээ авна гэж болохгүй.

Урд хөршийн хувьд нэг намын тогтолцоотой, зах зээлээ  хамгаалах бодлого нь жаахан түрэмгий байдаг. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэгч нартаа хүүгүй мөнгө  зээлүүлдэг. Тэдэнд Монголын ноолуурыг аваад л бай, тэгээд үйлдвэрүүд нь унаад ирэх үед хэдээр ч хамаагүй чөлөөтэй тоглолт хийх бүрэн боломжтой гэдэг. Тийм тоглолтыг арьс ширний салбарт хийснээс болоод энэ салбар тодорхой хэмжээнд уначихсан байна.

Бид тэгж унахгүйн тулд төрийн бодлого шийдвэр, хамгаалалт зохицуулалтыг  их хүсэж байна. Түүхий эдээ ирээдүйд авч үлдэхийн тулд өрсөлдөөнт нөхцөлтэй ч зохицуулалттай авч явах хэрэгтэй. Тэгэхийн тулд угаасан ноос ноолуур гаргавал татвартай гэхэд л улсад мөнгө нь орж ирнэ. Гэтэл тийм бодлого байхгүй. Угаасан ч хамаагүй гараад явчихаж байгаа нь улсад хохиролтой юм. Тэгвэл угаасан нь татвартай, самнаад гаргавал татваргүй гэчихвэл угаагаад гаргах нэг хэсэг бий болно.

Захиалагчийн хэрэгцээ шаардлагаар самнах хэрэгтэй гэчихвэл самнах үйлдвэрүүд ажиллаад эхэлнэ. Дараагийн ээлжинд самнасан ноос ноолуур дээр татвартай, ээрэх үйлдвэрт татварүй гэчихвэл ээрэх үйлдвэрүүд хөгжөөд ирнэ. Ингээд шат дамжлагатайгаар дэмжээд өгвөл үйлдвэрүүд ч хөгжинө, татвараа ч авна. Малчдын орлого хэвээрээ үлдэж болчих асуудал. Тийм л юм хийчихвэл болох гээд байгаа юм.

-Хуулийн зохицуулалт хэрэгтэй гэж үү?

-Тийм. УИХ-ын гишүүдийн талаас илүү нь хөдөө орон нутгаас сонгогдчихсон учраас малчдынхаа орлогыг бууруулахгүй гэдэг байдлаар асуудалд хандаж,  өрөөсгөл шийдвэр гаргаад байна. Түүний оронд малчидтайгаа хэлэлцэж ярилцаад ханшийг унагахгүйн тулд ийм бодлого явуулаад ингэчихвэл гээд хамтын шийдвэрээр хийх ёстой ажил юм. Тэгэхгүй нэг талын шийдвэрийг бариад нөгөө талаа унагаад байж болохгүй л дээ. Улс төрч гэдэг чинь дипломатч хүн байх ёстой.

Аль аль талдаа ижил харилцаатай, тэнцвэртэй, зохицуулж чаддаг байх ёстой. Малчдаа төлөөлж байгаа ч гэсэн  улс эх орныхоо ирээдүй, эдийн засгийг бодож  байгаа улсууд. Улсын эдийн засгийг тэтгэж, нэмүү өртөг шингээж яваа нь хэн билээ. Малчид, үндэсний үйлдвэрлэгчид яаж ажиллаж байгаа билээ, энэ хоёрыг холбоод яаж зөв шийдвэр гаргаад аль аль нь унахгүй хөгжих ёстой юм бэ гэж  бодох ёстой.

Тэгэхгүй татвар тавьчихвал үнэ уначихна. Ноолуурын үнэ уначихвал малчид орлогогүй болчихно гэж бодоод байна. Үгүй шүү дээ, шийдвэр гаргагчид тэр асуудлыг зохицуулах ёстой. Малчдын орлогыг бууруулахгүйгээр яаж зөв зохицуулах вэ. Гадныхан эрэлттэй түүхий эдийг угаагаад, самнаад ч авна шүү дээ. Татвар нь улсдаа орно. Үйлдвэрүүд дэлхийн түвшинд үйлдвэрлэлээ явуулдаг болтлоо хөгжинө.

Өнөөдөр гаднаас хэдэн мянгаар захиалга ороод ирвэл бидний хүчин чадал хүрэхгүй. Нэг л брэнд. Дэлхийн 1 брэнд захиалга өгөхөд л бид таг суудаг. Гэтэл үйлдвэрлэлээ өргөжүүлэх боломж бололцоо бидэнд байгаа. Гол нь төр засаг дэмжээд, бодлогоо зөв чиглүүлээд өгчих л хэрэгтэй байна. Үйлдвэрүүд зөндөө бий болсон. Үйлдвэрүүд олон болчихвол ажлын байрууд нэмэгдээд улс хөгжинө.

-Монголчуудын өмсдөг хувцас нь ихэвчлэн үндэсний үйлдвэрлэгч нарынх. Гол нь тэр нь чанартай байх хэрэгтэй тийм үү?

-Хүн худалдан авах чадвартай болоод ирэхээрээ “чанар” луу анхаардаг. Хүн орлого багатай учраас л хямд юм хараад байдаг. Мэдээж орлого сайн бол хэн ч гэсэн идэж уухаас эхлээд аль болох хамгийн чанартайг хэрэглэхийг бодно. Нөгөө талаар хөнгөн үйлдвэрийн салбар маш их ажлын байр бий болгодог онцлогтой.

Газар ухдаггүй, бүх талаараа давуу байнгын ундарч байдаг баялаг. Дундардаг, нүх үлдээдэггүй, үржиж ундардаг баялагтай монголчууд бид азтай. Ийм баялагаа манай төр засаг олж харах ёстой. Энэ салбарыг яаж зөв, зүй зохистой хөгжүүлэх вэ гэдгийг бодох ёстой. Гэтэл нэг талаа л хараад яваад байна.

-Танай компани саяхан Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоотой хамтран ажиллахаар гэрээ байгуулсан шүү дээ. Хамтын ажиллагааны хүрээнд малчдад чиглэсэн ажлууд хийх боломжтой гэж байсан. Энэ талаар тодруулж өгвөл?

-Бидний эрхэлж байгаа бизнес яах арагагүй малчин, мал, газар дэлхий, хөрс бэлчээртэй холбогддог. Энэ бүхнийг бид хайрлан хамгаалж, бэлчээрийг тэтгэж байх ёстой. Та бидний өвөг дээдсийг хэдэн зуун жилээр тэжээж тэтгэж ирсэн энэ сайхан уламжлалт мал аж ахуйгаа цаашид хэрхэн өвлүүлж үлдээх нь өнөөгийн бидний хийж байгаа үйлдэл, бодол санаанаас шалтгаалах учиртай. Тиймээс л бид компанийнхаа хамт олонтой ярилцаад шийдсэн асуудал.

Дэлхийн хэмжээнд энэ асуудалд санаа тавьдаг “Тогтвортой ширхэгт” нэртэй холбоо байдаг. “Дэлхийн томоохон байгууллагууд яаж өөрийнхөө бараа бүтээгдэхүүн, түүхий эдээ тогтвортой байлгах вэ” гэдэгт санаа тавьдаг. Тиймээс малчдынхаа ажил үйлсэд тус дэмтэй ажил хйиж, малынхаа үйлдвэр угсаа, чанарыг сайжруулах дээр анхаарахгүй бол болохгүй. Ингээд бодвол тэр бүхэн оршин тогтнож байгаа газар нутаг, бэлчээр яалт ч үгүй нэн  тэргүүнд тавигдана.

Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоотой олон ажилд янз бүрийн байдлаар хамтарч байна. Энэ холбоотой хамтарсанаар эргээд малчдынхаа орлогын эх үүсвэр болсон түүхий эдээ борлуулахад нь дэмжиж ажиллах ёстой гэж үзээд хамтдаа хийж бүтээе гэсэн зорилго тавьсан.

Цаашид зүгээр л нэг ноос, ноолуур, хөөвөр гэхээс илүү аймаг, сум, малчнаар нь тодотгож ийм малын түүхий эд гэж ангилаад тэрийгээ шошгин дээрээ тусгаж өгөх юм. Энэ бүтээгдэхүнийг авсанаараа тэр аймаг сум, орон  нутгийг дэмжиж байна. Ийм утга учиртай шүү гээд бүтээгдэхүүнээ үнэ цэнэтэй болгох хэрэгтэй. Тодорхой нэг аймаг, сум орон нутгийн тодотголтой бүтээгдэхүүнийг авах сонирхолтой хүн цөөнгүй байдаг шүү дээ.

Нөгөө талаар малчид маань маш олон бэрхшээлтэй асуудлуудтай тулгардаг. Тиймээс нүүдлийн мал аж ахуйгаа эрхлээд явахдаа орчин нөхцөлтэйгээ таарсан шийдлүүдийг хийвэл зүгээр юм болов уу. Тухайлбал, намар, өвөл, хаврын улиралд малчид ихэнхдээ малаа дагаад гэртэйгээ нүүгээд явдаг. Гэр маань үнэхээр сайхан өргөө. Гэвч усан бороо шаагийсан намрын сэрүүн, цасан шуургатай өвлийн хүйтэн, хаврын хахирган хавсаргатайд хэдэн малаа дагаад, даарч хөрөөд гэртээ орно. Гэр нь хүв хүйтэн дулаацуулах гээд гал түлэх зэргээр олон бэрхшээл гардаг.

Хэдийгээр манай малчид энэ бүгдийг бэрхшээл гэж боддоггүй ч гэлээ гэртээ байгаагаа мэдрэх тав тухтай орчинг бүрдүүлсэн тохилог сууц гэрийнх нь хажууд байж болно шүү дээ. Тэр нь байгальд ээлтэй, янз бүрийн түлш хэрэглэхгүй, нарны инергээр дулаан, цахилгаанаа шийдчихдэг. Даараад ороод ирэхэд халуун дулаан орчин угтдаг бол ямар сайхан байх бол. Зундаа ойр зуурын ногоо тариад, өвлийн идэшээ хадгалахдаа ногоогоо хамт хадгалчихдаг.

Энэ яриа мөрөөдөл мэт боловч уг нь хүсвэл бүрэн боломжтой. Хөдөө орон нутагт зарим ажилтай, амьжиргаатай айлууд ийм орчинг бүрдүүлсэн байна. Яагаад бусад нь тийм байж болдоггүй юм. Энийг ажил хэрэг болгоод хаваржаа, өвөлжөө, намаржаан дээрээ нэг, нэгийг барьчих бүрэн боломжтой. Зундаа  харин гэрээ бариад зүлэг ногоон  дээрээ тайван сайхан, тааваараа малаа маллаад байж болно.

Энэ тохь тухгүй орчин цаад утгаараа залуу малчдыг бэлдэх гэхээр хөдөө орон нутгаас зугтаагаад байгаагийн гол шалтгаануудын нэг шүү дээ. Хөдөө очиход хөгшчүүд голдуу хэдэн малтайгаа угтдаг. Хүүхдүүд нь хаа байна гэхээр хот явсан л гэдэг. Хотод сурч байгаа, ажиллаж байгаа, ажилгүй гэдэг. Хичнээн сая төгрөгөөр хотод сургуульд сурчихаад үр шимийг нь гаргаж чадахгүй хамгаалагч хийнэ гэдэг үнэхээр  эмгэнэлтэй асуудал.

Гэтэл тэр хүмүүс малаа малаад явбал илүү тансаг сайхан амьдрах боломж байгаагаа мэдрэхгүй байна. Тийм боломж байгааг нь харуулж, дэмжиж туслан, асуудлыг нь шийдээд өгөх юм бол хүн бүр хот, суурин газар руу зүтгээд байхгүй шүү дээ. Ийм байдлаар л бие биенээ дэмжиж асуудлаа шийдэж, хөдөөний малчдынхаа мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлж, сургалт хөгжлийн асуудлыг шийдэж өгөх хэрэгтэй байна.

Мэдээллээс тасарч болохгүй. Мэдлэг мэдээллээс хоцорч болохгүй  цаг үед амьдарч байна, бид. Австралийн хоньчид орчин үеийн жишгээр тансаг хэмжээнд амьдарч, хувийн онгоцтой байна. Онгоцоо байг гэхэд яагаад сайхан тохилог сууцтай байж болохгүй гэж. Орчин үеийн  нүүдэлчин монголчууд арай өөр шатанд хүрч ажиллаж амьдрах хэрэгтэй санагдана. Нүүдэллэхээ болихгүй, сууц нь л сайжирна. Ингэснээр цаагуураа бэлчээр ус нь сайжраад соргог шим тэжээлтэй өвсөө идээд мал эрүүлжинэ.

-Ямар ч хүн гэртээ тав тухтай байхыг хүсдэг шүү дээ?

-Тийм. Нүүдлийн мал аж ахуйд тодорхой хэмжээнд менежментэд оруулж цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах ёстой. Тэгэхгүй малчин гээд л цаг үеээсээ хоцрох хэрэггүй. Дээр үеийнх шигээ л байгаад байж болохгүй. Үндсэн дээл хувцас, гэр нүүдэл хэвээрээ  гэхдээ яг амьдардаг гэр нь өөр, олж авч байгаа мэдлэг нь өөр,  малынхаа үр шимийг хүртдэг арга нь өөр, боловсон нүүдэлчин болмоор байна.

Гадны жуулчин ирэхэд улс төр, дэлхийн байдал ярьчихдаг, мэдлэгтэй боловсролтой малчин баймаар байна. Тэгээд өөрт байгаа баялагаараа  гайхуулчихдаг байх хэрэгтэй. Малчдад маш том бахархал байгаа. Тэрийгээ мэдрэх хэрэгтэй. Жирийн үзэгдэл шиг биш. Барууны ертөнцөд бол малчин хүн, малчны амьдрал өөрөө гайхамшиг. Гэр гэдэг эко орчин. Газар, хөрс, нар гээд агаар сэлгэлт, инергийн солилцоо маш сайн. Энэ сайхан бүхнээ бид үнэлэхгүй, ойшоохгүй байна. Зүгээр л гоё сайхан гээд байна.

Үүнийгээ шинжлэх ухааны үндэслэлтэй судлаад яагаад гэдгийг нь харуулах хэрэгтэй. Эрт дээр үеэс өвөг дээдсээс өвлөн ирсэн сургааль  үгнүүд нь угаасаа энэ филисофийг хэлчихсэн байдаг. Тэр бүхнээ өвлөн авч үлдээд, орчин үетэй хөл нийлүүлэн алхахын тулд бидэнд хийж төлөвлөж байгаа маш олон ажил байна даа.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Та бүхний цаашдын төлөвлсөсөн ажилд өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

П.Нарандэлгэр

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close