ОнцлохНийслэл

Иргэд цахилгаан хангамж, орон сууцны асуудлаа шийдүүлэх хүсэлтээ илэрхийлэв

Нийслэлийн удирдлагуудын иргэдтэй хийх уулзалт үргэлжилж байна. Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” салбарт өнөөдөр болсон уулзалтад Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны орлогч дарга Х.Хишигбадрах, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Ц.Нямцэвээн, тус хэлтсийн ахлах мэргэжилтэн Т.Анхбаяр, Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Б.Азжаргал нар оролцлоо.

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Ш.Энхтүвшин нарын гурван иргэн тус хорооны Чулуутын гүүрний орчимд аж төрж буй 30 орчим өрх цахилгаан хангамжид холбогдоогүйгээс бэрхшээл учирч байгаа талаар ярилаа. Тэдгээр айл тухайн газартаа амьдраад 10 орчим жил болж байгаа бөгөөд газар эзэмших гэрчилгээтэй аж. Төвлөрсөн цахилгаан хангамжгүйн улмаас “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн эх үүсвэрээс цахилгаан авч хэрэглэдэг. Анх цахилгаан авахад 500 мянгаас нэг сая төгрөгийн төлбөр төлдөг, сард хэрэглэсэн цахилгааны төлбөр 170-175 мянган төгрөг гардаг тул зарим айл нь гэрэл  цахилгаангүй өнөөдрийг хүрсэн гэж иргэн Ш.Энхтүвшин хэллээ.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга эдгээр өрхийг төвлөрсөн цахилгаан хангамжид холбох боломж хараахан бүрдээгүй гэдгийг тайлбарласан. Учир нь Улаанбаатар хотын гэр хорооллын цахилгаан эрчим хүчинд холбогдоогүй, хүчдэлийн уналттай айл өрхүүдийн цахилгааны хангамжийг сайжруулах төслийн тендерийг Эрчим хүчний яамнаас зарласан байна. Уг тендерт тухайн байршил багтаагүй аж. Тиймээс холбогдох байгууллагууд болон “Улаанбаатар төмөр зам” ХНН-тэй ярилцаж, тусдаа тоолуур тавиулан  цахилгаан залгуулах, айл өрхийн тарифаар хямд төлбөр төлөх боломж байгааг иргэдэд хандан тайлбарласан юм. Мөн газрын маргаантай иргэний хувьд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хандан, асуудлаа шийдвэрлүүлэхийг зөвлөлөө.

Уулзалтад оролцсон удаах иргэн бол Баянзүрх дүүргийн II хорооны иргэн Н.Гүрбадам. Одоогоос 20 жилийн өмнө буюу 2002 онд Дарь эхийн нэгдүгээр гудамжинд байрших тухайн иргэний эзэмшил хашаа, байшинг Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй хэрэгжих нөхцөл сайжруулах төслийн хүрээнд буулгаж, орон сууцаар хангахаар батламж гардуулсан ч өнөөг хүртэл орон сууцтай болж чадаагүй хэмээн өгүүлсэн юм. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд албан тушаалтнуудад удаа дараа хандсан ч шийдвэрлэж өгөөгүй тул энэ удаад нааштай шийдвэр гаргаж, эзэмшиж байсан газрыг нь орон сууцны урьдчилгаанд тооцож, байртай болгож өгөхийг хүссэн юм.

Асуудал хариуцсан албаны хүмүүс иргэний хүсэлтийг дахин нарийвчлан судалж, боломжит гарц, гаргалгааг гаргая гэсэн шийдэлд хүрэв. Тухайн үед иргэн энэхүү асуудлаа шүүхэд гомдол гаргаж шийдүүлэх боломж байсан бөгөөд одоо ч хандахад оройтоогүй гэдгийг мөн хэлж байлаа.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close