Монголын ард түмэндээ БАЯРЛАЛАА
Өвлийн хүйтэн, зуны халууныг үл ажран өглөө бүр ургах нартай уралдан нийслэл хотын иргэдийг цэвэр цэмцгэр гудамжаар сэтгэл хангалуун, ая тухтай алхах боломжийг олгодог “ХОТ ТОХИЖИЛТЫНХОН”-ы хичээл зүтгэлийг төр өндрөөр үнэлэв. Түмэн олон хайраар бялхуулав. 7-хон хоногийн өмнө Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган “Монгол улсын иргэний үүргээ ёсчлон биелүүлж, өөрийн ажиллаж буй салбартаа бусдыгаа манлайлан хошуучилж, өндөр үр бүтээлтэй ажилласан хүнийг алтан гадас одонгоор шагнана” гэж заасны дагуу олон хүндтэй эрхмүүдэд төрийн дээд одон, медаль гардуулан өгсөн. Тэдний дунд Нийслэлийн “Хот тохижилтын газар” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газраас гурван ажилтан алтангадас одонгоор шагнуулсан нь “Нүдээ олсон шагнал” гэдэг үгийн утгыг ойлгуулах шиг.
774 ажилтан албан хаагчтай тус байгууллага нийслэлийн 6 дүүргийн 111 гудамжны 183,6 км зам ногоон байгууламжийн арчилгаа нөхөн сэргээлтийн ажлын хүрээнд 48 гудамжны 50.4 га-д цэцэрлэгжүүлэлтийн ажлыг хийж гүйцэтгэдэг. Нийслэл хотын өнгө төрхийг хариуцан ажилладаг тэдний дундаас 1-р бригадын зам талбайн үйлчилгээний ажилтан Ховд аймгийн Булган сумын харьяат Ноосонгийн Батмөнх, Тохижилт үйлчилгээний албаны Зам талбайн мастер Архангай аймгийн Төвшрүүлэх сумын харъяат Самбуугийн Жаргалсайхан, Авто баазын ачигч Увс аймгийн Зүүнхангай сумын харъяат Гялааны Бямбадорж нар төрийн одонгоор энгэрээ мялаасан нь нийслэлчүүдийн төдийгүй Монголын ард түмний хайр хүндлэлийг хүлээсэн билээ. Тиймдээ ч Алтангадас одон хүртсэн гурван эрхэмийг шагнаж, сэтгэлийн дэм, урам зориг хайрласан ард түмний шагнал үргэлжилсээр өчигдөр “Буган Халиун” ресторанд хүндэтгэлийн цайллага нь боллоо.
Хүндэтгэлийн цайллагыг санаачилсан “Эмоци” хамтлагийн жүжигчин С.Тэмүүжин, “Х ТҮЦ” продакшны жүжигчин С.Батзориг, “Парадо” хамтлагийн жүжигчин Т.Анхбаяр нар хөтлөгчөөр, “Буган халиун” цогцолборын Захирал уртын дуучин Б.Тунгалаг амалсан ёсоор 200 гаруй зочинтой тус цайллагыг бүрэн хариуцаж, “Хот тохижилтын газар”-ын хамт олонд мартагдашгүй нэгэн өдрийг бэлэглэлээ.
Хүндэтгэлийн цайллагын эхэнд МУГЖ Г.Хонгорзул “Уртын дуу шиг урт настай, уул шиг өндөр хийморьтой яваарай” гээд морин хуурч Б.Өсөхбаярын хамт “Уяхан замбуу тивийн наран” дуугаар эгшигэн цэнхэр хадаг өргөсөн юм.
НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг “Энэ сайхан дурсамж дүүрэн өдөр хүрэлцэн ирсэн нийт ажилтан албан хаагчиддаа, бидний баярт мөчийг тэмдэглэж буй Буган халиун компанийн хамт олондоо, чин сэтгэлийн халуун мэндийг хүргэж байгаа Монголын ард түмэндээ баярлалаа. Нийслэлийн хот тохижилтын газрын хамт олны ажлыг өндрөөр үнэлж, төрийн дээд шагнал Алтангадас одонгоор гурван эрхэм хүнийг шагнасан нь манай хамт олныг шагнасан шагнал гэж болно. Бид Улаанбаатар хотын иргэдийг цэвэр цэмцгэр, эрүүл аюулгүй орчинд амьдруулах үүргээ биелүүлж ирсэн. Цаашид хүлээсэн үүргээ нэр төртэй, илүү чанартай сайн хийхийн төлөө өгч байгаа шагнал хэмээн хүлээн авсан. Алтангадас одонгийн эзэд болсон гурван эрхэмд минь анхаарал хандуулж буй бүх хүмүүүст талархал илэрхийлж байна” хэмээн ёслолын арга хэмжээг албан ёсоор нээсэн юм.
Буган халиун компанийн Гүйцэтгэх захирал, уртын дуучин Б.Тунгалаг “Төрийн шагналын үнэлэмжийг өндөрт өргөсөн ажил болж байна. Миний мэдэхээр Тохижилт үйлчилгээний салбараас төрийн дээд одон медаль хүртсэн хүнийг харж байгаагүй. Тиймдээ ч жүжигчин Тэмкагийн санаачлага, урлаг соёлынхоны дэмжлэг, Дуучин Нара болон Монголын ард түмний хайр асгарсан сэтгэлийн бэлгийг хараад “Би ч бас энэ 3 ахдаа бэлэг баръя” гэж бодсон. Миний хань ч их сайхан дэмжсэн. Бидний урилгыг хүлээн авч, дуу хуур, уран бүтээлийнхээ дээжээс толилуулж байгаа урлагынхандаа баярлалаа. Хамт олноосоо тулгын гурван чулуу шиг эрхэм хүндтэй ах нарыг зөв сайн тодорхойлж гаргаж ирэн, нийгэмд маш сайхан эерэг таатай мэдрэмжийг бэлэглэсэнд талархаж байна. Энэ сайхан арга хэмжээг зохион байгуулж, санаж сэдсэн бүх хүнд урт удаан аз жаргал дүүрэн амьдрахын ерөөл өргөе” гээд Төрийн соёрхолт Урлагийн гавъяат зүтгэлтэн Д.Бадарчийн хөгжим Төрийн соёрхолт Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн шүлэг “Хөх даалимбан тэрлэг” дууны “Бүүвэйн дуу”-гаар ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн билээ.
Энэхүү арга хэмжээнд МУГЖ “эстрад” Ж.Уранчимэг, МУГЖ М.Баярмагнай, “Шинэ үе” продакшны жүжигчин Л.Сөрөлт, дуучин А.Түмэн-өлзий, “Цэцэг” хамтлагийн дуучин Ч.Батболд, Мотив хамтлаг, “Dance Chance” энтертайнмент, циркийн үзүүлбэр зэрэг олон уран бүтээлчид өөрсдийн урын сангаасаа толилуулсан юм. Мөн хүүхдийн амьд хөгжмийн “Ивээл кидс клуб”-ын багачууд “Хот тохижилтын ах эгч нарынхаа ажил хөдөлмөрийг хүндэлдэг” учраас Алтангадас одонгийн найранд нь оролцож, бэлэг барина хэмээн ирсэн юм. Түүнчлэн A&M Mongolia компанийн зүгээс Алтангадас одонгийн эздэд Үндэсний дээл урлан бэлэг барьсан бол Lady First эмнэлгийн зүгээс биеийн алжаал ядаргааг нь тайлж дархлаа сэргээх озон эмчилгээнд 10 удаа орох эрхийн бичиг гардуулсан билээ.
Дуучин Нара буюу М.Нарантуяа хүндэтгэлийн ёслолын үеэр ирж, “Алтангадас одон хүртсэн гурван ахдаа ажилд нь, амьдралд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гээд ая дуугаараа бэлэг барьсан юм. Мөн энэ үеэр “Миний санаачлагыг дэмжиж үнэхээр сайхан хүлээн авсан бүх хүмүүст талархал илэрхийлье. Хүмүүс баяр хөөртэй, аз жаргалтай байвал амьдрах итгэл, урам зориг хөглөгдөж, гайхамшигтай сайхан ирээдүйг бүтээх эрч хүчийг бий болгодог. Хүн ер нь сэтгэлийн амьтан. Тиймээс урмаар тэтгэгдэж, хийж бүтээх асар их эрч хүчийг мэдэрдэг учраас би хүмүүст тустай, хэрэгтэй ажил хийх дуртай” хэмээн онцолсон юм.
Ингээд Алтангадас одон хүртсэн эрхмүүдийн сэтгэдлийг хүргэж байна.
Нийслэлийн “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын Зам, талбайн мастер Самбуугийн Жаргалсайхан “Бидний Алтангадас одонгийн найрыг хариуцан баяр хөөр дүүрэн энэ сайхан өдрийг бэлэглэсэн Буган халиун цогцолборын хамт олонд юуны өмнө баярласан талархсанаа илэрхийлж байна. Цахим орчинд хүмүүсийн олон сайхан чин сэтгэлийн үг, мэндчилгээ талархалыг уншсан. Ажил хөдөлмөрөө илүү сайн хичээж хийх урам зориг, итгэл бэлэглэсэнд баярлаж байна. Биднийг дэмжсэн Дуучин Нара-даа маш их баярлалаа. МБ брэнд хувцасны дэлгүүр гэр бүлийнхэнтэй минь хамт хувцасласан. Дүнжингарав худалдааны төвийн 88 дугаар лангууны худалдагч, Увс нутгийн бүсгүй бидэнд дээл бэлэглэсэн. Дөнгөж сая бидэнд дээл бэлэглэж байна. Амралтанд амрах эхийн бичгээр шагнууллаа. Монголчууддаа маш их баярлалаа. Хогоо хогийн саванд хийж, цэвэрхэн хотын төлөө хичээх нь таны бидэнд барьж буй хамгийн том бэлэг юм шүү.”
Авто баазын ачигч Гялааны Бямбадорж “Бидний шагналыг ийм том хэмжээнд хүлээн авч талархал илэрхийлж байгаа бүх хүнд баярлалаа. Буган халиун компанийнхандаа маш их баярлалаа. Би өглөө бүр чин сэтгэлээ шингээж хичээж ажилладаг. Бид нийслэл хотоо цэвэр цэмцгэр байлгахын төлөө хичээж ирсэн. Иргэд та бүхэн хогоо хогийн саванд хийж, жолооч нар тамхины ишээ зориулалтын саванд нь хийвэл бид их баярлана шүү. Энэ бол маш том талархал, хүндлэл болно. Гэхдээ одооны залуучууд ухамсартай болсон шүү. Монголын ард түмэндээ, нийслэл хотын иргэддээ баярлалаа.”
1-р бригадын зам талбайн үйлчилгээний ажилтан Ноосонгийн Батмөнх “Хамт олондоо энэ сайхан өдрийн баярын мэндийг хүргэж, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье. Төрийн тэргүүнээсээ авсан шагналд минь чин сэтгэлээсээ талархал илэрхийлсэн Монголын ард түмэндээ баярлалаа. Хайртай бүхэндээ баярлалаа. Түмэн олондоо баярлалаа. Мөн Ховд аймгийн Булган суманд суугаа ах дүүстэ өнөөдрийн энэ өдрийн мэндийг хүргэж байна” хэмээн сэтгэгдэлээ илэрхийлсэн юм.
Түүний зээ охин Б.Золзаяа “Миний өвөө бол миний БААТАР” гээд “Миний ээж хол байдаг болохоор эгч бид хоёр өвөө, эмээтэйгээ амьдардаг. Миний өвөө амьдралын төлөө, үр хүүхэд ач зээ, өөрийн гэсэн бүхнийхээ төлөө маш их хичээж ирсэн. Улсад 43 жил ажиллахдаа өвөө минь ихийг хийж бүтээсэн. Сүүлийн 7 хоногт үнэхээр гайхамшигтай ШОК-нд оруулах үйл явдлууд өрнөж байна. Миний өвөө хүн бүрийн төлөө сэтгэлээ зориулдаг, хамт олондоо хүндтэй гавъяатай хүн. Үнэхээр энэ шагналыг авах ёстой гэж боддог байсан юм. Үүрийн гэгээнээр гэрээс гарч, Улаанбаатар хотоо цэвэр цэмцгэр болгоод үдшийн бүрийнээр ирдэг “Хот тохижилтынхон” үнэхээр бахархам хүмүүс. Тиймдээ ч “Өвөө миний хамгийн шилдэг баатар минь”. Би өвөө, эмээ хоёртоо үнэхээр их хайртай. Миний өвөөд сэтгэлийн дэм өгч, хамт олонтой нь ингэж сайхан баярлуулж байгаад баярлалаа. Монголын ард түмэндээ чин сэтгэлээсээ баярлалаа” гэж Золзаяа хэлэхдээ баярын нулимсаа нуугаагүй юм.
Монгол төрийн шагнал үнэ цэнэтэйг баталж, хайр хүндлэл, чин сэтгэл, талархал, баяр хөөр дүүрэн нэгэн өдөр дурсамж болон ард үлдлээ. Бидний талархал бол хогийг хогийн саванд хаях. Үүрийн таван жингээс үдшийн бүрий хүртэл нийслэлчүүдийн ая тухтай, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэхийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж буй Тохижилт үйлчилгээний төвийн нийт ажилчид, албан хаагчиддаа баярлалаа. Энэ хамт олны баярыг өнгө гэрлээр будаж, дуу хуураар чимж, урам зоригоор хөглөж, цаг заваа зориулсан бүх хүнд баярлалаа. Та бидний амьдрал баяр хөөр, аз жаргал, талархалд хөглөгдөж, амжилт бүтээл, итгэл найдвар, хичээл зүтгэлээр үргэлжилж байдаг. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
Нийтлэлийг П.Нарандэлгэр
Altan gadas baihdaa yadagiin yagaad Hudulmuriin baatar ugch boldoggui yum be? Ene l jiriin humuus jinhene baatruud yum bish uu arai yumaa shagnal ni bagadjeee noyon eronhiilegch ee!
yostoi zuv shiidver ulaanbaatard gants ajilaa hiideg humuus n hot tohijiltiinhon shuuuuuuu
Ямар гое мэдээлэл вээ Энэ сайхан хүмүүсийг шагнасан төр засаг дэмжин тусалсан ажлын хамт олон – ийм сайхан гэгээлэг буянтай ажлыг санаачилсан урлагынхан Буган Халиуны Тунгалаг захиралтай хамт олонд чинь… Цааш унших
Ажилч цэвэрч цэвэрлэгч нартаа баярлаж явдаг