ЯрилцлагаНийгэмНийслэл

Г.Ариунболд: Хувиараа такси үйлчилгээ эрхлэгчдийг цэгцэлнэ

Улаанбаатар хотын тулгамдсан асуудлын нэг бол такси үйлчилгээ. Орой ажил тарах үед болон бороо, цастайд такси гэдэг нүдний гэм. Зам дээр гар өргөөд таксинд сууна гэдэг бүтэшгүй мөрөөдөл болсон. Тэгвэл нийслэлийн ИТХ-ын 2019 онд баталсан “Нийслэл дэх төр, хувийн хэвшлийн түншлэл” дэд хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын такси үйлчилгээг хувийн хэвшлийнхэнтэй хамтарч шинэ шатанд гаргах төсөл хэрэгжүүлэхээр болсон. Энэ асуудлаар Нийслэлийн өмчит “Улаанбаатар такси каб” ХХК-ийн захирал Г.Ариунболдтой ярилцлаа.

Такси үйлчилгээг сайжруулснаар хотын түгжрэлийг 20-30 хувь бууруулна-Танай байгууллага 3-4 сарын өмнө такси үйлчилгээг шинэ шатанд гаргана гэж мэдэгдэж байлаа. Иргэд маш талархалтай хүлээж авсан хэдий ч нам гүм байлаа. Такси үйлчилгээг хөгжүүлэх ажил ямар шатандаа явж байна вэ. Ямар шинэ шийдэл эрэлхийлж ажиллаж байна вэ?

-Манай компани Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын харьяа 100 хувь төрийн өмчит компани. Бидний зорилго бол таны хэлсэнчлэн Улаанбаатар хотын такси үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулах юм. Энэ хүрээнд бид 2020 оны зургаадугаар сард хувиараа такси үйлчилгээ эрхлэгчдийг технологийн дэвшлийг ашиглан нэгдсэн зохион байгуулалтад оруулж, “Хот такси” брэндийг бий болгох ажлаа эхлүүлсэн. Нээлтийнхээ үеэр Сүхбаатарын талбайд эхний 50 таксиг бүртгэн, нэгдсэн тоноглолтой болгож үйлчилгээнд гаргасан. Нийслэлийн төсвөөс Улаанбаатар хотын такси үйлчилгээг сайжруулах зорилгоор 700 сая төгрөгийг төсөвлөсөн. Энэ төсвөөр хувиараа такси үйлчилгээнд явж байгаа иргэдийг бүртгэж, нэгдсэн зохион байгуулалтад оруулан, такси тоноглолоор тоноглох ажлыг энэ ондоо багтаан дуусгахаар ажиллаж байна.

-Одоогоор хэдэн такси бүртгэсэн бэ?

-Одоогоор албан ёсоор нэг ч такси бүртгээгүй байгаа. Одоо судалгаагаа хийгээд, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Арваннэгдүгээр сарын дундуур бүртгэлээ албан ёсоор зарлаад, жолооч нараа бүртгээд явна.

-Такси үйлчилгээг яг ямар болгох юм бэ?

-Такси симфор, стандартын шаардлага хангасан таксиметр, жолоочийн хувцас, хэрэгсэл, төлбөрийн ухаалаг систем, дижитал шийдэлтэй байх юм. Манай улсын хувьд такси үйлчилгээ стандартын шаардлага хангасан байх тухай асуудал олон жил яригдаж байна. Монгол Улсад таксины стандарт байдаг уу гэвэл байдаг. Харин түүнийгээ мөрдөж, үйлчилгээ үзүүлж байгаа юу гэвэл учир дутагдалтай. Хүн бүр үүнийг мэдэж, ярьж байгаа. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод албан ёсны бүртгэлтэй 11 компанийн 512 такси үйлчилгээнд явж байна. Түүний яг 200 орчим нь өдөрт иргэдэд үйлчилгээ үзүүлж байна. Энэ таксинууд маань нэгдүгээр эгнээгээр явдаг, шар дугаартай.

-11 өөр компанийн өөр өөр такси явж байгаа гэсэн үг үү.

-Тийм. Гэхдээ Монгол Улсын 2013 онд батлагдсан стандартын дагуу такси симфор, тээвэрлэгчийн дугаар, жолоочийн мэдээлэл гэх мэт тоноглолтой байдаг. Сүүлийн 27 жил такси үйлчилгээ хувийн хэвшлийн нуруун дээр явж ирлээ. 1990 оноос өмнө Улаанбаатар хотод такси үйлчилгээг төрөөс зохицуулж, хот маань такси баазтай байсан. Ингээд 1990 оны хувьчлалаас хойш ерөнхийдөө дампуурч, такси үйлчилгээ хувьд шилжсэн. Төрийн зүгээс километр тутмын үнэ, эхлэх үнэ болон такси үйлчилгээ эрхлэгчдийн стандартыг тогтоох зэргээр зөвхөн бодлогоор зохицуулах үүрэгтэй явж ирсэн. Гэвч такси үйлчилгээ маань хөгжсөнгүй. Төрийн нэгдсэн бодлого зохицуулалт, шинэчлэл хэрэгтэй нь харагдаж байна. Гараад такси барих гэхээр олддог билүү, хүйтэн бороотой, цастайд бол бүр олдохгүй шүү дээ. Учир юу гэвэл нөгөө 512 таксинаас яг бодитоор үйлчилж байгаа 200 гаруй такси нийслэлийн нутаг дэвсгэрт амьдарч байгаа 1.4 сая хүн амд хүрэлцэхгүй байгаа юм.  

Зөв талдаа рультэй 1000 таксыг тоноглож, үйлчилгээнд нэвтрүүлнэ

-Энэ байдлыг хэрхэн яаж арилгахаар төлөвлөж байна вэ?

-Таксины хүртээмжийг нэмэгдүүлэхээс гадна гар утасны аппликэйшнээр шийдэх эхний гарц байна. Өнөөдөр дэлхийн улс орнууд Uber, Grab, Hailo, Ola, DiDi Dache гэх мэт өөрийн гэсэн аппликейшнаараа дамжуулаад такси үйлчилгээг маш хурдан шуурхай, хялбар үзүүлдэг болсон. Энэ үйлчилгээ гэхдээ Монголд хэдийнээ нэвтэрсэн байгаа. Ub cab, Aba, Easy taxi гэх мэт хэрэглэгчдээ олсон аппликейшнууд байна. Манай компани такси үйлчилгээ үзүүлдэг 11 компани болон эдгээр аппликейшн бүтээсэн аж ахуйн нэгжүүдтэй хамтарч ажиллана. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшлээ дэмжиж, төрийн нэгдсэн бодлогоор зохицуулж, такси үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, сайжруулах чиглэлээр ажиллана. Улаанбаатар хотод олон улсын жишгээр 1000 хүн тутамд 3-4 такси үйлчлэх ёстой. Гэтэл одоо 512 такси байгаа нь 1.4 сая хүн амьд хүрэлцэхгүй байхаас аргагүй. Цаана нь 2000-5000 таксины эрэлт байгаа гэсэн үг.

-Энэ орон зайг “халтуурын” гэгддэг хувиараа таксинд явдаг хүмүүс нөхдөг байх.Эдгээр хүмүүстэй хэрхэн яаж хамтарч ажиллах вэ. Эсвэл шинэ такси оруулж ирээд энэ хүмүүсийг зах зээлээс шахах юм уу?

-2018 онд 40 мянга гаруй иргэн хувиараа такси үйлчилгээ үзүүлдэг гэж бүртгэгдсэн байна. Энэ тоо нэмэгдсэн байх. Эцэслэж тогтоосон тоо одоогоор алга. Тогтоох ч боломжгүй юм. Хувиараа такси эрхлэгчдийг бид шууд зах зээлээс шахахгүй. Тэдний ихэнх нь таксинд явсан орлогоороо амьдралаа залгуулж байгаа. Тэгэхээр бид эхний ээлжид мөрдөгдөж байгаа стандартын дагуу зөв талдаа рультэй тээврийн хэрэгслээр такси үйлчилгээ үзүүлж байгаа иргэдийг бүртгэж, нэгдсэн зохион байгуулалтад оруулан, нэг стандартын дагуу тоноглох юм. Мөн таксины жолоочийг ажлын байр гэсэн статустай, нийгмийн даатгал төлдөг болгоно. Жолооч өглөө бааздаа ирээд машинаа үзлэгт оруулж, хувцас хэрэгслээ өмсөөд, эрүүл мэндийн байдлаа шалгуулж, ажилдаа гарна. Ингэснээр иргэдэд хариуцлагатай жолооч, баталгаатай тээврийн хэрэгслээр аюулгүй, хурдан шуурхай үйлчилгээ үйлчилдэг болно.

-Иргэд ухаалаг утсаа ашиглан өөрт ойрхон яваа таксыг аппликейшн ашиглан дууддаг болно гэлээ. Иргэдийн утас унтарсан үед такси авах хэрэг гардаг шүү дээ. Энэ үед хаанаас такси дуудах вэ. Гадаадын улс орнуудад бол сүлжээ дэлгүүрүүдэд очоод ухаалаг машин болон утсаар эсвэл таксины нэгдсэн зогсоолууд дээрээс очоод л такси авчихдаг шүү дээ.

-Такси үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх асуудлыг нэг амьсгаагаар бид шийдэж чадахгүй. Цаг хугацаа хэрэгтэй. Таксины нэгдсэн зогсоол, такси бааз, автобусны зогсоолууд дээрээс Турк улс шиг кноп дараад такси дууддаг гэдэг ч юм уу дэд бүтцийн болон ухаалаг шийдлүүдийг үе шаттай нэвтрүүлэхээр төлөвлөсөн.Харин цаг хугацаа, төсөв, хөрөнгө оруулалт хүлээхгүйгээр хийх ажил бол одоо байгаа такси компаниуд, үндэсний такси аппликейшнуудтай хамтарч ажиллахын зэрэгцээ таксинд явж байгаа цэвэр өнгө үзэмжтэй, хариуцлагатай жолоочтой 1000 тээврийн хэрэгслийг бүртгэж, нэг стандартын дагуу тоноглоод үйлчилгээнд гаргах юм. Энэ ажил эхэлсэн. Цаашдаа 2000-3000 таксиг үйлчилгээнд гаргахаар төлөвлөөд байна. Зарим улс төрийн хүчнүүд Улаанбаатар хотын такси үйлчилгээг бүхэл бүтэн мөрийн хөтөлбөрөө болгож, улс төржүүлээд байгаа. Гэтэл энэ асуудлыг шийдэхээр 2018 онд төрийн нэгж байгуулагдаад ажилдаа хэдийнээ орсон. Хотын даргын мөрийн хөтөлбөрт Улаанбаатар хотын таксыг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлнэ гэж тусгасан байдаг. Энэ дагуу Улаанбаатар хотын хөгжлийн корпорацаас судалгаа хийж, урьдчилсан ТЭЗҮ боловсруулж, үе шаттай хөгжүүлэх төлөвлөгөө гаргасны дагуу 2017 онд Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас Улаанбаатар хотын такси үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөрийг баталсан байдаг. Энэ хөтөлбөрт Улаанбаатар хотын таксыг үе шаттай хөгжүүлэхээр тусгасан.  Энэ ажлын эхлэл болгож нийслэлийн өмчит “Улаанбаатар такси каб” ХХК, “Юби каб” ХХК-иуд хамтран хувиараа такси эрхлэгч нарыг бүртгэн, нэгдсэн зохион байгуулалтад оруулж, Монгол Улсын такси стандартыг хангуулан “ХОТ ТАКСИ” брэндийг бий болгохоор санамж бичиг байгуулсан. Санамж бичгийн хүрээнд талууд 2020 ондоо багтаан доод тал нь 1000 хувиараа такси эрхлэгчдийг нэгдсэн стандартад оруулахаар ажиллаж байгаа юм.  Ер нь бол эцсийн зорилт нь бид байгаль орчинд ээлтэй 100 хувь цахилгаан таксыг Монголд бий болгох зорилт тавьсан.

-Такси үйлчилгээг хөгжүүлснээр хотын түгжрэлийг 50 хувиар бууруулах боломжтой гэж ярьж байсан. Энэ хэр бодитой тооцоо вэ?

-Энэ тийм ч боломжгүй тооцоо биш. Гэхдээ 50 хувь биш юмаа гэхэд 20-30 хувь буурах боломжтой. Одоо 2, 3 дугаар эгнээнд хүнээ хайгаад түгжрээд яваа таксинуудыг албан ёсны бүртгэлтэй, нэг стандарттай, шар дугаартай нэгдүгээр эгнээгээр зорчдог, дээр нь онлайнаар буюу аппликейшн ашиглаж хүнээ авдаг болгочихвол замаар хүн хайж сул яваа олон мянган тээврийн хэрэгслүүд цэгцэрчих юм. Албан ёсны такси одоо байгаа стандартын дагуу бол нэгдүгээр эгнээгээр явах ёстой. Нэгдүгээр эгнээгээр автобус, такси, цагдаа, онцгой, түргэн тусламжийн машин л зорчих хуультай шүү дээ. Гэтэл өнөөдөр албан ёсны бүртгэлгүй буюу хувиараа таксинд явж байгаа хүмүүс 2, 3 дугаар эгнээгээр зарим үед нэгдүгээр эгнээ рүү орж ирж түгжрэл үүсгэх, гэнэт хүн авахаар зогсож осол аваар гаргах зэрэг эрсдэл их байгаа юм. Энэ бол хотын замд ачаалал өгч байгаа гол хүчин зүйлийн нэг.Такси үйлчилгээ нийтийн тээврийн салшгүй нэг хэсэг. Нийтийн тээврээ хөгжүүлж, авто замын түгжрэлийг бууруулъя гэвэл такси үйлчилгээг зайлшгүй ярьж, хөгжүүлэх шаардлагатай. Манай компани 100 хувь төрийн өмчит хэдий ч ХХК зарчмаар үйл ажиллагаагаа явуулдаг. Төсвийн мөнгөөр үйл ажиллагаа явуулахаас илүүтэй төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд энэ салбарт хөрөнгө оруулах сонирхолтой хувийн хэвшлийг дэмжиж ажиллана.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close