Гадаад харилцааУлс төр

Сергей Диордица: ДЭМБ-аас томуугийн вирусийн эсрэг дархлаа үүсгэдэг вакциныг Монгол улсад өгч байна

УОК, ЭМЯ, ГХЯ-аас хамтран зохион байгуулдаг COVID-19-ийн талаар хэвлэлийн бага хуралд өнөөдөр ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Др. Сергей Диордица оролцож томуугийн эсрэг вакцины талаар мэдээлэл өглөө.

ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Др. Сергей Диордица:
Томуу нь хүндэрсэн тохиолдолд хэвтэн эмчлүүлэх, цаашлаад нас баралтанд хүргэдэг өвчин билээ. Томуугийн улирлын дэглэлт нь жил бүр өөр, хүн амын бүлэгт харилцан адилгүй нөлөө үзүүлдэг боловч жил бүр хэдэн зуун сая хүн томуугаар өвдөж, олон зуун мянган хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж хэдэн арван мянган хүн томуугийн улмаас нас бардаг. Улирлын томуугийн дархлаажуулалт нь томуугаас сэргийлэх хамгийн сайн арга бөгөөд ялангуя COVID-19-ийн цар тахлын үед томуугаас хамгаалах нэн чухал арга юм. Улирлын томуугийн вакцин нь судалгаагаар ирэх саруудад хүн амын дунд хамгийн их эргэлдэх хэв шинжүүд бүхий томуугийн вирусээс хамгаалдаг. ДЭМБ-аас Бразил улсад үйлдвэрлэсэн (Butantan) гурван цэнт томуугийн эсрэг вакцин буюу томуугийн гурван вирус болох томуугийн А хүрээний H1N1 болон H3N2, томуугийн В хүрээний вирусийн эсрэг дархлаа үүсгэдэг вакциныг Монгол улсад дэмжлэг болгон гардуулан өгч байна. Энэхүү гардуулан өгч байгаа вакцин нь 717,000 ам долларын өртөгтэй бөгөөд 10 хүн тунгаар савлагдсан. Гардуулан өгч байгаа вакциныг эн тэргүүнд 6-аас дээш насны хүүхдүүд болон насанд хүрэгчид, тэр дундаа эрүүл мэндийн ажилчид, архаг хавсарсан өвчтэй хүмүүс болон 65-аас дээш насны хүмүүст хийх болно. Бидний зүгээс вакцинаас гадна 18,175 ам долларын өртөг бүхий бусад дагалдах хэрэгслүүд болох тариур, зүү, аюулгүй хайрцаг зэргийг гардуулж байна. Мөн томуугийн эсрэг дархлаажуулах аянг үндэсний болон орон нутгийн түвшинд аюулгүй, цаг хугацаанд нь зохион байгуулах үйл ажиллагааны зардалд 150,000 ам долларын дэмжлэгийг Засгийн газарт үзүүлж байна. Энэхүү зардал нь томуугийн нэмэлт дархлаажуулалтыг зохион байгуулах үндэсний болон орон нутгийн дархлаажуулалтын эмч, сувилагч нарыг сургах, 10 хоногийн дархлаажуулалтын аяны үеэр нэмэлтээр дүүрэг болон аймгуудад ажиллах явуулын багийн зардалд зарцуулагдана. Томуугийн вакцин нь хүүхэд, ажиллах насны насанд хүрэгчид болон ахмад настнуудын томуугийн улмаас хэвтэн эмчлүүлэх эрсдэлийг бууруулдаг бөгөөд 2018 оны судалгаагаар 2012-2015 онд насанд хүрэгчдийн томуугийн улмаас эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлэх эрсдэлийг 82% хүртэл бууруулсан байна гэсэн юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close