НийгэмЭх сурвалжНийслэл

Д.Миняа: Энэ зун сайжруулсан түлшийг 94 цэгээр худалдаална

Улаанбаатарчууд энэ өвөл анх удаагаа “Сайжруулсан түлш” түлсэн. Үүний үр дүнд нийслэлийн утаа тодорхой хэмжээгээр багассанд иргэд ам сайтай байгаа. Харин энэ зун сайжруулсан түлшийг борлуулах эсэх, ажилчидаа цомхотгох, Зүүн бүсийн сайжруулсан түлшний үйлдвэр гээд олон асуудлаар “Тавантолгой түлш” ХХК-ийн Борлуулалт, маркетингийн хэлтсийн дарга Д.Миняагаас тодруулга авлаа.

-“Тавантолгой түлш” компанийн хувьд өнгөрсөн жилийг хэрхэн давсан гэж харж байгаа вэ?

-Засгийн газрын 62 дугаар тогтоол хэрэгжээд бид анхны өвлийг амжилттай давлаа гэж хэлж болно. Мэдээж эхний жил алдаа, оноо байсан. Гэхдээ ямар ч байсан бид түлшийг үйлдвэрлэлийнхээ хүчин чадалд тулгуурлан үйлдвэрлэж хэрэглэгчиддээ хүргэлээ. Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт 400 орчим цэг ажиллан түүхий нүүрсийг халж, шинэ хэрэглээг хүмүүст таниулан ойлгуулж сурталчилах, түлшийг хангалттай нийлүүлэх тал дээр ажилласан. Энэ жилийн хувьд илүү сайжруулахын тулд өвлийн бэлтгэл ажлыг эртнээс сайн хангаж ажиллахаар төлөвлөж байна.

-Нэг хэсэг түлшний хомсдол үүсч иргэд багагүй бухимдалтай байсан нь нууц биш. Тэгэхээр энэ алдааг хэрхэн засч сайжруулахаар төлөвлөсөн бэ?

-Өнгөрсөн өвөл аж ахуйн нэгжүүд түүхий нүүрсний оронд шахмал түлш хэрэглэсэн. Гэхдээ тэд маань өөрсдийн нөөцөө голдуу борлуулалтын цэгүүдээс авч байсан. Энэ нь айл өрхүүдэд очих ёстой түлшний нөөц багасахад хүргэсэн гол шалтгаан болсон. Харин энэ жилийн хувьд бид аж ахуйн нэгжүүдийг эртнээс буюу тавдугаар сараас эхлэн зуны турш, намраас өмнө түлшийг нь татуулах чиглэлээр ажил хийж байна. Нийслэлийн Захирагчийн ажлын алба, “Тавантолгой түлш” компани, аж ахуйн нэгжүүд гэсэн гурван талт гэрээ байгуулж зуны турш тэднийг түлшээр хангахаар болж байгаа. Ингэснээр намар борлуулалтын цэгүүдэд зөвхөн айл өрхүүдийн хэрэглээнд зориулсан түлш зарагдана. Нийтдээ 2800-аад аж ахуйн нэгж бий. Үүнээс гадна нийтийн байр, нийтийн халуун усны газар зэрэг томоохон байр эзэмшдэг хувь хүмүүс олон бий. Эдгээр хүмүүсийн хэрэглээ, нөөцийг энэ зундаа ингэж шийдэхээр болсон.

-Энэ зуны хэмжээнд нийт хичнээн борлуулалтын цэг ажиллах вэ?

-Ер нь бол зуны борлуулалт тодорхой хэмжээгээр буурах ч огт алга болохгүй. Зун бид нийслэлийн хэмжээнд 94 борлуулалтын цэг ажиллуулна. Хэрэглээ мэдээж харилцан адилгүй байх нь тодорхой. Тухайн цэгийн боруулалт, захиалга хэр байхаас шалтгаалаад л явна. Хэрэгцээ, шаардлага нь өндөр байвал манайхаас захиалахад л бид хүссэн хэмжээгээр нь өгнө. Захиалга дээр ямар нэгэн хэмжээ хязгаар байхгүй, бидэнд бүрэн боломж бий.

-Энэ жилийн өвөл нэг айлд долоо хоногт зургаан шуудай түлш өгөх гэсэн хязгаарлалт хэвээрээ байх уу? Эсвэл өөрчлөлт гарах уу?

-Яг энэ тал дээр гаргасан өөрчлөлт байхгүй. Тэгэхээр энэ зарчим одоо ч хэвээрээ байгаа. Намар болохоор ирэх өвөл хэр байх вэ гэдгийг судалж, халаалтын улирал эхлэхээс өмнө шийдвэр гаргаад хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэх болно.

-Өвлийн их ачааллыг “Тавантолгой түлш” компани олон хүний ачаар амжилттай давсан гэж ойлгож байгаа. Нийтдээ хичнээн ажлын байр шууд болон шууд бусаар бий болсон бэ?

-Тиймээ, маш олон хүний хүчин чармайлт, хамтын ажиллагаагаар энэ том ажлын ард гарч чадсан. Манай үйлдвэр дангаараа 1500 хүн 24 цагийн хугацаанд ээлжилж ажиллаж байсан. Дээрээс нь манай борлуулагч нар гээд 400-гаад цэг байснаас 200 орчим дээр нь савалгаа хийгдэж байсан. Нэг савалгааны цэг дээр гэхэд л 5-10 хүн савладаг. Эдгээр хүмүүс маань ажлын байртай, орлоготой болсон. Дээрээс нь 4000 гаруй хүн байнгын хяналт тавьж ажилласан. Сайн дурын эдгээр хүмүүс түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах, гарч байгаа асуудлуудыг нэгтгэж мэдээллэх, зөвлөмж өгөх зэрэг олон ажил хийсэн.

-Дулааны улиралд түлшний үйлдвэрлэл, борлуулалт буурч таарна. Тэгэхээр эдгээр ажилчдыг хааш нь “шингээх” вэ. Цомхотгол хийчих вий гэсэн хүмүүс нэлээд байх шиг байна.

-Үйлдвэр маань жилийн дөрвөн улиралд ажиллаж байх ёстой. Өвлийн цагтаа үйлдвэрлэсэн түлшээ шууд гаргаж байсан бол зуны цагт ирэх өвлийнхөө нөөцийг бэлдэнэ. Тэгэхээр үйлдвэрийн ажилчдын хувьд цомхотголд орох вий, урт хугацааны амралт өгөх вий гэсэн асуудал байхгүй. Дээрээс нь энэ жил манайх зүүн бүсийн шахмал түлшний үйлдвэр байгуулахаар болж, бүтээн байгуулалтын ажил нь эхэлж байна. Тэгэхээр энэ ажил дээр ажиллах хүчийг олноор авах, тэднийг сургах, дадлагажуулах гээд олон ажил бий. Энэ жилийн тухайд тэгэхээр хүн хүчний тоог нэмэхээс биш хасах, халах ямар ч зүйл байхгүй.

-Зүүн бүсийн шахмал түлшний бүтээн байгуулалтыг хэдий хугацаанд хийж, хүчин чадлаараа ажиллаж эхлэх вэ?

-Ер нь арван сар гэхэд үйлдвэрээ суурилуулаад туршилтынхаа үйлд­вэрлэлийг хийе гэсэн төлөвлөгөө байгаа. Энэ төлөвлөгөөгөө бүх л боломжоороо хангаж ажиллахыг хичээх болно.

-Түлшний чанарыг улам сайжруулах тал дээр ямар ажил, алхамууд хийгдэж байна вэ?

-Аливаа шинэ бүтээгдэхүүн цаашдаа улам сайжраад явах учиртай. Энэ дээр туршилт, судалгааны ажил хийгдэж байгаа. Түлшээ улам сайжруулж, чанаржуулахын тулд мэргэжлийн хүмүүс ажиллаж байна.

-Энэ жил борлуулалтын цэгийн тоог нэмэх үү?

Энэ жил сайжруулсан түлшийг түлэх хамрах хүрээ тэлж байгаа. Налайх дүүрэг, Гачуурт, Биокомбинат, Шувуун фабрик, Партизан, 61-ийн гарам зэрэг газрууд нэмэгдэх байх гэж харж байгаа. Үүнийгээ дагаад борлуулалтын цэгүүд нэмэгдэж таарна. Хэрэглэгчиддээ улам ойртож, чирэгдэлгүй үйлчлэхийн тулд цэгээ зөв, оновчтой газар байгуулж ажиллах шаардлагатай гэсэн судалгаа гарсан. Энэ бүхнийг харгалзаад цэгүүд тавь орчим хувиар нэмэгдэх магадлалтай.

Холбоотой мэдээ

Back to top button
Close