НийгэмЭнэ сардОрон нутагФото сурвалжлага

“Тэмээ тэнгэрийн амьтан 2020” тэмээчдийн улсын зөвлөгөөн боллоо

Баянхонгор аймгийн Богд суманд “Тэмээ тэнгэрийн амьтан 2020” тэмээчдийн улсын зөвлөгөөн, тэмээний баяр зохион байгуулагдлаа. Өвлийн адаг сарын шинийн нэгэн буюу нэгдүгээр сарын 25-26-ны өдрүүдэд зохиогдсон тус наадамд Баянхонгор, Өмнөговь, Өвөрхангай, Говь-Алтай, Ховд аймгийн тэмээчид оролцов.

18 дахь жилдээ зохиогдсон тус арга хэмжээний ерөнхий ивээн тэтгэгчээр Bodio`s кашмер ХХК ажиллаж, Баянхонгор аймгийн ИТХ, ЗДТГ, “Говийн сэргэлт сан” ТББ, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо ТББ, Богд сумын Тэмээчдийн холбоо, Европын холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй “STEP ECOLAB” төсөл, Богд сумын Тэмээчдийн холбоо хамтран зохион байгууллаа.

Зөвлөгөөний үеэр өсвөр насны, хурдан атны, хурдан торомys, эрлийз тэмээний уралдаан зохиогдож, шилмэл буур, шилмэл ингэ, сайхан тэмээтэй хосыг шалгаруулж, буйл зорох, бурантаг томох зэрэг тэмцээн уралдаан зохиогдов. Мөн тэмээний гаралтай бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохиогдож, гадаад дотоодын жуулчдад тэмээ унуулж, Үндэсний дуу бүжгийн “Түмэн эх” чуулгын хамт олон дуу хуурын эгшигэн цэнхэр хадгаар бэлэг барисан юм.

Монгол Улсын аялал жуулчлалын салбарын анхны эвентүүдийн нэг болох тус зөвлөгөөн, наадам нь тэмээн сүргийн үүлдэр угсааг сайжруулах, тоо толгойг өсгөх, тэмээчид, малчдыг туршлага солилцуулах, тэдний хөдөлмөрийг үнэлэх, алдаршуулах, аялагч жуулчдыг татах зорилготой гэдгийг зохион байгуулагчид хэлж байлаа.

Тэмээчдийн улсын зөвлөгөөнийг Баянхонгор аймгийн ИТХ-ын Ц.Отгонбаяр нээж үг хэлэхдээ “18 жил тасралтгүй Тэмээний баяр зохион байгуулж ирсэн “Говийн сэргэлт сангийн тэргүүн” Ж.Өлзийбодьжавд талархал илэрхийлж байна. Тэмээн сүргийн тоо толгойг нэмэгдүүлэх зорилгоор эхлүүлсэн энэ ажил үр дүнгээ өгч чадсан” гэдгийг онцолсон юм.

Мөн энэ үеэр Богд сумын Засаг дарга Н.Эрдэнэболд “Богд сумын тэмээн сүргийн өнөөгийн байдал” сэдвээр, Говийн сэргэлт сангийн тэргүүн Ж.Өлзийбодьжав “Аймгийн тэмээчдийн холбооны тухай” мэдээлэл, ХХААХҮЯ-ны МАА-н Хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Г.Наранчулуун “Мал аж ахуйн өнөөгийн байдал, тэмээн сүргийн ашиг шимийн онцлог” сэдвээр, ХААИС-ын МААБТС-ийн багш, Шинжлэх ухааны доктор Ё.Доржбат “Тэмээн сүргийн үржлийн ажлыг зохион байгуулахад анхаарах асуудлууд” сэдвээр, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг “Европын холбооны санхүүжилттэй Монголын нэхмэлийн салбарын тогтвортой үйлдвэрлэл ба эко тэмдэг төслийн хүрээнд илрүүлсэн торомны ноос бэлтгэлийн сайн туршлага, түүхий эдийн мөшгих тогтолцоо” сэдвээр, Өмнөговь аймгийн Тэмээн соёл, уралдааны холбооны нарийн бичгийн дарга Н.Ариунсана “Монголын тэмээчдийн нэгдсэн холбоо байгуулагдсан тухай” сэдвээр тус тус мэдээлэл хийсэн юм.

“Говийн сэргэлт сангийн тэргүүн” Ж.Өлзийбодьжав хэлэхдээ “18 жилийн өмнө тэмээн сүргийн тоо толгой эрс багассан үед түүнийг өсөн нэмэгдүүлж, малчин түмний амьдрал ахуйг дээшлүүлж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор Тэмээн тэнгэрийн амьтан уралдаан, зөвлөгөөнийг Говийн сэргэлт сангаасаа санхүүжүүлэн зохион байгуулж ирсэн билээ. Өнөөдөр тэмээн сүргийн тоо толгой зохистой хэмжээнд хүрсэн, нөгөө талаар бэлчээрийн даацаас хэтрэхээр болсон байгаа нь миний зорьсон ажлын үр дүнг харуулахаар болсон байна. Тиймээс энэхүү баярыг ирэх жил зохион байгуулах ажлыг аймаг сум орон нутаг өөрсдөө хариуцан ажиллана гэдэгт итгэж байна. Миний бие малчдын амьдралын эдийн засгийн чухал хөшүүрэг болдог ямааны ноолуурын чанар гарцыг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажил хийхээр болсноо дуулгаж байна. Тэмээн сүргийг өсөн нэмэгдүүлэх, түүнийг олон нийтэд сурталчилан таниулахад чиглэсэн ажлыг дэмжин 18 жилийн хугацаанд идэвхи санаачлагатай оролцож ирсэн та бүхэндээ талархал илэрхийлж байна” хэмээн мэдэгдэл хийсэн юм.

Зөвлөгөөнд оролцогчид энэхүү зөвлөгөөн уралдааныг цаашид Баянхонгор аймаг дангаараа хариуцан зохион байгуулах уу аль эсвэл тэмээ бүхий долоо аймагт ээлжлэн зохион байгуулах уу гэдгийг асууж сонирхож байлаа. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Улаанбаатар хотод тэмээ бүхий долоон аймгийн удирдлага, тэмээчдийн төлөөлөл оролцсон нэгдсэн зөвлөгөөн зохиогщн байгуулж, нэгдсэн саналд хүрэх нь зүйтэй гэдэгт оролцогчид санал нэгдсэн юм.

“Тэмээ тэнгэрийн амьтан 2020” тэмээчдийн улсын зөвлөгөөн, тэмээний баяр амжилттай оролцсон шилдэгүүдийг алдаршуулж, шагнал урамшуулал гардуулах ёслолоор өндөрлөсөн билээ.

 

П.Нарандэлгэр

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

1 Comment
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 Жил

Гоё арга хэмжээ болж. Нарандэлгэр сэтгүүлч гоё ч бичжээ

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
Close