“Шилдэг харуулчин-2019” цогцолбор тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа
Дотоодын цэргийн штабаас дотоодын цэргийн анги, байгууллагын ахлагч бүрэлдэхүүний дунд “Шилдэг харуулчин-2019” цогцолбор тэмцээнийг энэ оны есдүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Тус тэмцээнд 05, 805 дугаар анги, Багануур, Багахангай, Баян-Өлгий, Ховд зэрэг тусгай салбар, салааны 21 алба хаагч хурд хүч, авхаалж самбаагаа сорин оролцсон байна.
“Шилдэг харуулчин-2019” цогцолбор тэмцээнийг хууль, эрх зүй, гадаад хэл, биеийн хүч хэрэглэх, 5 км-ийн марш, компьютер, мэргэжлийн ур чадвар гэсэн 6 төрлөөр зохион байгуулж аваргаа шалгаруулсан юм.
Ийнхүү нийлбэр дүнгээр 05 дугаар ангийн харуулчин дэд ахлагч, Д.Шижир тэргүүн байрт, 805 дугаар ангийн харуулчин ахлагч, А.Хуандых дэд байрт, Дорнод аймаг дахь Дотоодын цэргийн тусгай салааны харуулчин, дэд ахлагч Б.Баяртулга гуравдугаар байрт тус тус шалгарч цом, алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, дурсгалын цомоор шагнагдлаа.
Мөн Дотоодын цэргийн штабын даргын тушаалаар харуулчин, ахлагч А.Хуандыхыг хугацааны өмнө “Ахлах ахлагч” цолоор, харуулчин, дэд ахлагч Б.Баяртулга, Д.Шижир нарыг хугацааны өмнө “Ахлагч” цолоор, харуулчин ахлах ахлагч А.Түвшинбаяр, дэд ахлагч Б.Бахытбол нарыг Дотоодын цэргийн штабын даргын “Баярын бичиг”-ээр шагнаж урамшууллаа.
Энэхүү тэмцээнийг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болсон талаар ЦЕГ-аас мэдээллээ.