Ирэх сараас томуугийн вакцин хийж эхэлнэ гэв
Томуугийн дэгдэлт эхлэхээс урьтаж вакцинжуулах ажлыг жил бүр зохион байгуулдаг. Хувийн эмнэлгүүд томуугийн вакцин хийгээд эхэлсэн бол ХӨСҮТ-өөс ирэх сараас эхлэн 40 мянган хүн тун вакциныг хийж эхэлнэ.
Энэ жилийн хувьд Монгол Улсын Засгийн газраас 159 гаруй мянган хүн тун вакцин, Даян дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас манай улсад 89 мянган хүн тун вакцин гээд нийт 240 мянган орчим хүн тун вакцин авах юм. Эхний ээлжид зорилтот бүлэг буюу 0-5 насны хүүхдүүд, өндөр настан, жирэмсэн эмэгтэйчүүд, архаг суурь өвчтэй хүмүүс, эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн ажилтнуудад хийх юм. Мөн сайн дурын вакцинжуулалтад хамрагдах хүсэлтэй иргэдэд хийнэ. Энэ жилийн томуугийн вакцины үнэ одоогоор тодорхойгүй байгаа ч өнгөрсөн жилийн 15 мянган төгрөгийн түвшинд байна гэсэн хариултыг албаны хүн өгч байна.
Хувийн эмнэлгүүдэд томуугийн вакциныг 35-80 мянган төгрөгийн хооронд хийж эхэлжээ. Чанарын хувьд улсын ХӨСҮТ-д хийгдэх вакцин хувийн эмнэлгүүдтэй адил, шингэсэн өртгийн зардлаараа үнийн зөрүү байгаа гэдгийг албаны хүн хэлж байна. Томуугийн вакциныг хувийн эмнэлгүүд эрт хийж байхад улсын эмнэлэгт ирээгүй байна гэх гомдол эцэг эхчүүдийн дунд байдаг. Тухайн жилийн томуугийн вакцинд агуулагдах омог нь 2-3 сард зарлагдаж, вакциныг үйлдвэрлэхэд 6 сарын хугацаа зарцуулдаг байна. Улсын эмнэлгийн хувьд их хэмжээний тун вакцин захиалдаг болохоор хувийн эмнэлгээс цаг хугацааны хувьд хоцордог аж. Сургууль, цэцэрлэгийн хичээл эхэлснээс хойш хүүхдүүдийн дунд ханиад ихсэж, вирусын гаралтай ханиад их байна гэж эцэг эхчүүд ярьж байгаа ч одоогоор томуугийн вирус бүртгэгдээгүй гэж эмч нар хэллээ.