Уул уурхайЗасгийн газарНийгэмЭдийн засаг

“Эрдэнэс МГЛ”-д “Багануур”-ийг шилжүүлэх бүртгэлийг хийж дууслаа

Төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн харьяанд эрчим хүчний нүүрс үйлдвэрлэгч “Багануур”, “Шивээ-Овоо” гэсэн хоёр компани байдаг. Төвийн болон аймаг, орон нутгийн дулаан, цахилгааны станцуудад эрчим хүчний нүүрс нийлүүлдэг эдгээр гол уурхайнуудын үйл ажиллагаа, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зорилгоор ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ дээрх уурхайнуудад очиж ажиллав. Түүнтэй хамт ЭХЯ-ны Дулааны хэлтсийн дарга Т.Батдондог, “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн дэд захирал О.Одбаяр, Ц.Батсайхан, ТЭЦ-4” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ү.Төмөрхуяг нар ажилласан юм.

Олон жил маргаан дагуулсан “Багануур” ХК-ийн лицензийг бусдад хууль бусаар шилжүүлсэн эсэх тухай маргаан эцэслэн шийдэгдэж, төрд буцааж авахаар болсонтой холбогдуулж “Эрдэнэс МГЛ” ХХК-д шилжүүлэх бүртгэлийн  ажлыг энэ удаа хийж дуусгав. 2012 оны 10 дугаар сарын 23-нд АМГ-ын даргын 615, 616 тоот тушаалаар “Багануур” ХК-ийн уурхайн лицензийг “Алтайн гянт” ХХК-д шилжүүлсэн байж. Уг компани нь “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар шилжүүлж авсан асуудалтай холбоотой “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн охин компани “Монголын нүүрс” компанийн  гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшингийг эзэмшилд байсан аж. Үүнээс үүдэж  “Багануур”-ын уурхайн үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд санхүүгийн хувьд доголдож эхэлсэн байна. Тиймээс энэ асуудлыг хууль бус гэж үзэн Засгийн газар анхааралдаа авч ажилласан бөгөөд энэ оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Улсын Дээд шүүх уг маргааныг хэлэлцээд эцэслэн шийдвэрлэсэн юм. Дээд шүүхийн мөн өдрийн 102 дугаар тогтоолоор Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 615, 616 тоот тушаалуудыг хүчингүй болгож, уурхайн тусгай зөвшөөрлийг сэргээхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 12959А тоот тусгай зөвшөөрлийг сэргээхийг  холбогдох газруудад даалгасан юм. “Багануур” ХК-ийн лицензийг төрд буцаах шүүхийн шийдвэр гарсан учраас энэ дагуу “Эрдэнэс МГЛ” ХХК-д тусгай зөвшөөрлийг шилжүүлэх бүртгэлийн ажил хийгдэж дуусч байгаа юм.

Үүнээс гадна сүүлийн жилүүдэд “Багануур”, “Шивээ-Овоо” ХК-иудын хувьд  цахилгаан станцуудаас авах авлага, ханган нийлүүлэгч, зээлдэгч нарт өгөх өр, авлагын асуудал үүссэн байна. Урт болон богино хугацаанд үүссэн өр, авлагын асуудлыг холбогдох байгууллагууд өөрсдийн байгаа боломжоор шийдвэрлэж ирсэн ч зайлшгүй ЗГ, УИХ-ын түвшинд анхаарах асуудлууд байгааг удирдлагууд нь тайлбарлаж байсан юм. Байгууллага хоорондын санхүүгийн өр, авлага зэрэг нь менежментээс гадна эрчим хүчний тарифын өөрчлөлт, үнийн болон вальютын ханшийн зөрүү зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг байна. Багануурын уурхайн тухайд техник, технологийн шинэчлэл, хөрс хуулалт, түлш, тэсэлгээтэй холбоотой зардлуудаас гадна 1 тонн нүүрс олборлолтын өртөг нь 34,969 төгрөг байгаа хэрнээ цахилгаан станцуудад 31,500 төгрөгөөр борлуулж алдагдал хүлээж байгаа аж. Дээр нь ингэж борлуулсан мөнгөө авч чадахгүй, өр, авлага хуримтлагддаг байдал жил бүр давтагддаг гол шалтгааныг тус компанийн Тэргүүн дэд захирал Д.Түвшинжаргал  дэлгэрэнгүй тайлбарласан. “Багануур” ХК-ийн хувьд 1978 онд байгуулагдаад 1995 онд хувьцаат компани болсон, манай эрчим хүчний нүүрсний 58 хувийг дангаараа нийлүүлдэг хамгийн том уурхай юм. Нүүрсний нөөц ихтэй буюу 812 сая тонн боловч өөр нэг санаа зовоож байгаа зүйл нь уурхайн гүнзгийрэлт аж. Өвөлжилтийн бэлтгэл ажлын явц харьцангуй сайн буюу 88 хувьтай байгаа бөгөөд үлдсэн хугацаанд хийх ажилд багагүй хөрөнгө шаардлагатай байгаа юм байна.

Тиймээс тус уурхайгаас ДЦС-уудад нийлүүлсэн эрчим хүчний нүүрсний төлбөрийг хугацаанд нь төлүүлэх, ЗГ-ын 2018 оны 132-р тогтоолын 1, 2-р заалт, 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 270 дугаар тогтоолын 3-р заалтуудад тусгасан асуудлын хэрэгжилтэнд анхаарч өгөхийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс хүссэн юм.

“Шивээ-Овоо” ХК-ийн хувьд мөн л ДЦС-уудад нийлүүлсэн нүүрсний төлбөрөө цаг хугацаанд нь авч чаддаггүй хүндрэл жил бүр үүсдэг байна. Одоогийн байдлаар 8 тэрбум төгрөгийн авлага байгаа бөгөөд нийтдээ 124 тэрбум төгрөгийн өр, төлбөр байгаа аж. Үүний 82.2 тэрбум төгрөг нь урт хугацаанд үүссэн бол 41.8 тэрбум нь богино хугацаат өр төлбөр аж. 580 гаруй ажилтантай тус уурхайн хувьд хүрэн нүүрсний 300 жилийн нөөцтэй. Мөн л олборлолтын өртгөөсөө доогуур үнээр ДЦС-уудад нүүрс нийлүүлдэг гэдгийг тус уурхайн гүйцэтгэх захирал Ц.Энхтүвшин танилцуулсан. Тухайлбал, 1 тонн нүүрсний  бодит өртөг 32,550 төгрөг байгаа бол 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс борлуулалтын үнийг тонн тутамд 2000 төгрөгөөр  нэмэгдүүлж 29,060 төгрөг болгосон байна. Гэсэн ч тонн тутамд 3490 төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа аж. Үннэс болж хоногт 20 гаруй сая төгрөгийн алдагдал хүлээж байгаа аж.

“Багануур”, “Шивээ овоо” ХК-удтай холбоотой цаг үеийн тулгамдсан энэ мэт асуудлуудыг шийдэхийн тулд холбогдох яам, агентлаг, байгууллагуудын удирдлагуудыг багтаасан ажлын хэсгийг яаралтай байгуулж, тулгамдаж буй асуудал бүрийг тал талаас нь ярилцаад ирэх 7 хоногийн Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлнэ гэдгийг Л.Оюун-Эрдэнэ сайд энэ үеэр илэрхийлсэн юм.

Ер нь жил бүр нүүрсний уурхайнууд болон дулаан, цахилгаан үйлдвэрлэгчдийн хооронд үүсдэг өр, авлагын асуудал, санхүүгийн доголдол нь урт хугацааны төлөвлөлтгүй олон жил явж ирсэнтэй холбоотой учир энэ тал дээр хаана, хаанаа анхаарах цаг болсон гэлээ.

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close