ТББХ:УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолыг хэлэлцлээ


Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.
Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга С.Бямбацогт, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т “…Ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг Улсын Их Хурал урьдчилан хэлэлцэж тогтоол гаргах бөгөөд ээлжит чуулган эхлэхээс 7-оос доошгүй хоногийн өмнө Улсын Их Хурлын дарга ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоож захирамж гаргана…” гэж заасныг тодотголоо.
Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төсөлд оруулах хууль тогтоомжийн талаар хууль санаачлагчдаас урьдчилсан санал авахад Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 5, Улсын Их Хурал дахь МАН-ын намын бүлгээс 14, АН-ын зөвлөлөөс 23, Байнгын хороодоос 47, Засгийн газраас 82, УИХ-ын гишүүдээс 15, нийтдээ 186 хууль, тогтоомжийн төслийг хэлэлцүлэх санал ирүүлсэн байна.
Тогтоолын төслийг боловсруулахдаа хэлэлцэх хугацааг нь хуулиар тусгайлан заасан хууль тогтоомжуудыг эхэлж хэлэлцэхээр оруулах, цаашлаад хэлэлцүүлгийн шатанд байгаа болон Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бусад хууль тогтоомжийн төслүүдийг Байнгын хороодоос эхний ээлжинд хэлэлцүүлэхээр санал ирүүлснийг тусгасан. Түүнчлэн Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эрх зүйн орчинг бүрдүүлэх чиглэлээр тэргүүн ээлжинд хэлэлцэх хууль, тогтоомжийн төслүүдийг тусгасныг Байнгын хорооны дарга хэлсэн үгэндээ онцолж байлаа.

Тогтоолын төсөлтэй холбоглдуулан гишүүд асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд “Шүүхийн тухай, шүүхийн захиргааны тухай гээд шүүхтэй холбоотой хуулийн төслүүдийг боловсруулж, оруулж ирэх шаардлагатай” гэсэн бол УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Ард түмний хүсэн хүлээж байгаа хуулийн төслүүдийг дараалал харгалзахгүй оруулж, хэлэлцэх шаардлагатай” гэсэн саналуудыг хэлж байлаа. Ж.Мөнхбат гишүүний хувьд УИХ-ын нэр бүхий гишүүдийн хамт төрийн тендерт төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий компани оролцохгүй байхаар зохицуулсан хуулийн төслийг боловсруулаад Засгийн газраас санал авахаар явуулсан. Мөн УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Б.Бат-Эрдэнэ нарын хамт малын хулгайн ялыг чангатгах талаар Эрүүгийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хуулийн төсөл боловсруулсан тул намрын чуулганаар дараалал харгалзахгүй хэлэлцүүлэхийг хүсэв.



