Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтНийгэмЭнэ сардОрон нутагФото сурвалжлага

Н.Алтанбагана: Ар Монгол, Өвөр Монгол малчид харилцан туршлага солилцох нь бидний зорилго

Н.Алтанбагана: Ар Монгол, Өвөр Монгол малчид харилцан туршлага солилцох нь бидний зорилго

Монгол Улс, БНХАУ хоорондын найрамдалт харилцаа үүссэний 70 жилийн ойг тохиолдуулан хоёр улсын малчдын соёлын харилцааг дэлгэрүүлэх, харилцан туршлага солилцох хоёрдугаар уулзалт 2019 оны 08 сарын 16-22 ны өдрүүдэд боллоо. Уг уулзалтыг Монгол талаас “Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо” ТББ, БНХАУ талаас ӨМӨЗО-ны Эрээн хотын “Сүлд” компани хамтран зохион байгуулсан юм.

Монгол Улс дахь энэ удаагийн соёлын харилцааг дэлгэрүүлж, туршлага судлах уулзалтын хүрээнд Архангай, Өвөрхангай аймгийн байгалийн үзэсгэлэнт газруудаар аялж, “Монгол сарлаг 2019” фестивальд оролцож, монгол ёс заншил, соёл, малчдын амьдрал ахуйтай танилцаж, өвс бордоо, газар тариалан эрхлэх талаар харилцан суралцах, мах, цагаан идээгээ аялал жуулчлалын бүсээр дамжуулан хэрхэн олон улсын зээлд гаргах талаар санал солилцсон билээ.

Холын зочдын аялал Төв аймгийн Лүн сумын залуусын “Адуучин” тэмцээнийг үзэж сонирхохоос эхэлсэн бөгөөд моринд эрэмгий монгол залуучуудын эр зориг, ур чадвар тэдний бахархалыг төрүүлж байсан юм. Дараа нь Төв аймгийн Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Бүрд, Булган аймгийн Гурванбулаг сумдын нутгийг дамнан Батхаан уулын баруун талаас эхэлж Хөгнө хаан уулын баруун талаар сунаж тогтсон Элсэн тасархайд очсон. Байгалийн өнгө төгс холсолон Элсэн тасархайд зураг авч багагүй хугацааг өнгөрөөгөөд, Архангай аймгийн Их тамир сум дахь Тайхарын талыг зорьсон  билээ.

Тайхар чулууны түүхтэй танилцаж, “Монгол сарлаг 2019” фестивалийг үзэж, сонирхон монгол малчдын амьдрал ахуйтай танилцсан энэхүү аялалын дараа зочид маань Чулуутын хавцал, Хоргын тогоог үзэж сонирхон байгалийн үзэсгэсэн төгс бүрдсэн Монгол орноор аялж, бахархал дүүрэн явж буйгаа илэрхийлж байв. Дараа нь Тэрхийн цагаан нуурыг үзэж, ойн гүнд ая тухтай, сэтгэл хангалуун амарч чадсан гэдгээ тэд энэ өдрүүдэд хэлж байлаа.

Ийнхүү холын зочдын төлөөлөл болгон ӨМӨЗО-ны Эрээн хотын “Сүлд” компанийн захирал Н.Алтанбаганаас Монгол оронд ирсэн сэтгэгдлийг сонссон юм.

Тэрбээр хэлэхдээ “Ганган байгальтай, гайхамшигтай ийм сайхан нутаг, уул усыг үзүүлэх боломж олгосон Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоотой хамтран ажиллах болсондоо үнэхээр сэтгэл өндөр байна. Би хэдийгээр хотод амьдарч, хувийн ажил хийж байгаа ч миний уг гарал, удам угсаа минь малчин. Тиймээс би ийм сайхан байгаль, уул усыг Өвөрмонголынхоо малчин ард түмэндээ харуулж таниулж мэдүүлье. Тэгээд дараа нь хоёр улсын малчдын соёлын солилцооны уулзалтын хүрээнд малын ашиг шимийг дээшлүүлэх ажлыг түлхүү хийе гэж бодож байна.

Ингэхдээ хоёр улсын малчдыг хооронд нь танилцуулж найз нөхдийн харилцааг бий болгосноор малчин хүний хөдөлмөрийг үнэлэх, малын гаралтай түүхий эдийн зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх ажлыг хийх юм. Монгол үнэхээр онгон байгалаараа байна. Монгол хүний дотоод сэтгэлийн мөн чанар ийм сайхан байгальдаа улам ихээр тодордог юм байна. Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал Н. Ганхуяг ахдаа баярлаж байна. Энэ аялалыг зохион байгуулсан бүх хүмүүстээ маш их баярлаж байна. Яагаад гэвэл ийм сайхан байгалийн төгс үзэмжийг олон түмэнд  үзүүлж, дэлхийд таниулах ажлыг эхлүүлсэн байна.

Монголчууд бид бүгд адил өдөр тутамдаа цагаан идээ, мах хэрэглэдэг. Ар Монгол, Өвөр Монгол хүмүүс энэ ижил шинжээрээ аялал жуулчлалыг харилцан өрнүүлж, туршлага солилцож, мэдэхгүй зүйлээ мэддэг болох нь бидний зорилго. Жишээ нь бид Монгол гэрийн тухай хүмүүст танилцуулдаг. Нарийн тайлбарлаж, жилийн дөрвөн улирлыг хэрхэн яаж шинжих, ханын толгойг хараад хэдэн цаг болж байгааг мэддэг тухай ярьдаг. Монгол хүн бүр мэддэг энэ зүйлийг өөр улс үндэстэн мэдэхгүй шүү дээ. Манай компани гэхэд Монгол соёлын талаар хойч үедээ зориулан сонсдог ном хийж байгаа. Өвөг дээдсийн үлдээсэн өв соёл, уламжлалаа хойч үедээ үлдээх нь бидний үүрэг.

Монголд амьдарч байгаа монголын ард түмэндээ баярлаж байна. Та нар жаргалтай ард түмэн шүү. Хүн ард нь жаргалтай баясаж байна. Мал нь ч гэсэн жаргалтай байна. Тансаг байгальдаа яаж идэх нь миний дур гэсэн маягтай байна. Тиймээс бид өвөрмонгол малчин түмнээ баярлуулж, энэ бүхнийг харуулахыг хүсэж байна.

Сэтгэлийн гүнээс үг холбох гэж хичээе…

“Эрт цагт галав юүлсэн ч гайхамшигт үзэмжийг бидэнд үлдээжээ

Хайлмал чулуун дээр ургасан моддыг нь харж гайхлаа

Хоргын тогоог бахдан биширч

Хосгүй сайхан Монгол нутгаар улам ихээр бахархлаа”

Энэ сайхан аялалыг хариуцан ажиллаж байгаа та бүхэндээ баярлалаа. Бидний хамтын ажиллагаа улам бүр дэлгэрэн, малчин түмний буян заяа нь тэгш байхыг ерөөж байна” гэсэн юм.

Холын зочдын аялал Цонжинболдог дахь Чингис хааны цогцолборыг үзэж сонирхсоноор өндөрлөсөн бөгөөд хоёр улсын малчдын хамтын ажиллагаа улам бүр өргөжихийн ерөөл тавин нутгийн зүг хөлгийн жолоо залсан билээ.

П.Нарандэлгэр

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close