Дархан-Уул аймагт нярайн тусламжийн чанар сайжирч байна
Энэ онд эрүүл мэндийн салбарын хэмжээнд “Эрүүл мэнд 8/20” зорилтыг дэвшүүлсэн ба үүний 3 дугаар зорилтын хүрээнд нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээг сайжруулна гэж заасан. 6-р сард ашиглалтанд орсон 50 ортой Төрөх эмнэлэгт 10 ортой “Эмгэг нярайн” тасгийг шинээр зохион байгуулж, шаардлагатай хүний нөөц, тоног төхөөрөмжийг бүрдүүлэн 24 цагийн турш тасралтгүй, нярайн нарийн мэргэжлийн эмчийн тусламжийг үзүүлэх болсон нь эхчүүд, үйлчлүүлэгчид төдийгүй, эмч мэргэжилтнүүдийн сэтгэлд хүрсэн үйл ажиллагаа болжээ.
Төрөх эмнэлэгт эрүүл нярай, нярайн эрчимт эмчилгээ, эмгэг нярайн тасаг, нэгжүүдийг зохион байгуулж, нярайн мэргэжлийн 7 эмч, 8 сувилагч, өдрийн эмчилгээний 1 сувилагч ажиллаж байгаа ба Түрк улсын хамтын ажиллагааны нийгэмлэг болох ТИКА байгууллагын дэмжлэгтэй нярайн дулаацуулах ширээ, инкубатор, отсос, фото шарлагын аппарат, нярайн монитор, “Туул Ратори” ТББ-ын дэмжлэгээр нярайн сонсгол шалгах аппарат зэрэг шинэ тоног төхөөрөмжөөр хангагдсан юм.
Шинэ тасаг нээгдсэнээр 1000 гаруй нярайд амбулаторийн үзлэг оношлогоо хийж, эмгэг нярайн тасагт 47 нярайг эмчилж, нярайн түнхний оношлогоо 1604, сонсголын аппаратаар 103 нярайн сонсголыг шалгасан ба шинэ эмчилгээний технологи болох Сурфактант эмчилгээг 13 нярайд хийж үр дүн нь 70%, Коффейн цитрат эмчилгээ 65 ба үр дүн 98%, Кортиксин эмчилгээ 114 ба 100%-ийн үр дүнтэй эмчилж, тусламжийн чанар сайжирсан байна.
Нярайн тусламж үйлчилгээний зохион байгуулалтыг шинэчилсэн нь 90 секунтын дотор нярайн тусламжийг стандартын дагуу цаг алдалгүй үзүүлэх, 28 хүртэлх хоногтой нярайн шарлалтыг фото шарлагын аппаратаар эмчилэх, 60 хүртэлх хоногтой нярайн эмгэгийг хэвтүүлэн эмчилэх зэргээр хуучин нярайн үзлэг оношлогоог хийж байсан хүүхдийн тасгийн ачаалалыг эрс бууруулж, эцэг эхчүүд үйлчлүүлэгчдэд чирэгдэлгүй тусламжийг үзүүлэх болсон ба улмаар нярайг бусад өвчин эмгэгт өртөхөөс сэргийлэх халдвар хамгаалалын нөхцлийг бүрдүүлсэн зэрэг олон талын ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.
Ийнхүү нярайн тасгийг шинээр зохион байгуулж, удирдлага зохион байгуулалтын зөв шийдвэр гаргасан Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл, хүүхдийн мэргэжилтэн Д.Цэцэгээ, нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Б.Эрдэнэтулга, нярайн эмч Ц.Уранчимэг нарт эмч ажилтнууд, эхчүүдийн төлөөлөл талархаж байгаагаа илэрхийлж байна.
Цаашид нярайд үзүүлэх тусламж үйлчилгээг улам сайжруулахад эхчүүдийн эрүүл мэндийн асуудал чухал гэдгийг эмч мэргэжилтнүүд онцолж дурдаад, сүүлийн үед эхчүүдийн умай, үтрээний нянгын бохирдол, бэлгийн замын халдварт өвчин, эмгэгүүдээс болж нярай эндэгдэж байгааг анхаарах нь зүйтэй гэв.