ОХУ-ын агаар, сансрын хүчний уран нислэгийн үзүүлэх тогтолт боллоо
Халх голын дайны ялалтын 80 жилийн түүхт ойн баярын хүрээнд ОХУ-ын Агаар, сансрын хүчний гвардын 234 дүгээр нисэх хорооны Русские Витязи багийнхан Монгол Улсад анх удаа ирж СУ-30СМ сөнөөгч онгоцнуудын үзүүлбэр үзүүлэв.
ОХУ-ын Агаарын нисэх хүчний харьяа агаарын үзүүлбэрийн Русские Витязи буюу Оросын баатрууд баг нь анх 1991 онд Москва хотын ойролцоох Кубинка агаарын баазад 6 ширхэг СУ-27 онгоцтойгоор байгуулагдаж байсан түүхтэй аж. Тус онд Англи улсын Лукарсын агаарын шоунд үзүүлбэрээ үзүүлэн, гараагаа эхэлж байсан бол АНУ зэрэг дэлхийн олон оронд үзүүлбэрээ үзүүлсээр ирсэн байна. Русские Витязи багийнхан парк шинэчлэлтийнхээ хүрээнд 2016 онд СУ-27 онгоцуудаа СУ-30СМ сөнөөгч онгоцоор сольжээ.
СУ-30СМ сөнөөгч онгоцыг 1990-ээд оны дундуур БНЭУ-ын Агаарын зэвсэгт хүчний захиалгаар ОХУ-д үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд анхны нислэгээ 2012 оны 9 сарын 21-ний өдөр хийж байсан аж. Хэсэгчилсэн радио электрон төхөөрөмжийн тусламжтайгаар нэгэн зэрэг 15 ширхэг нисдэг биетийг илрүүлж хянахаас гадна агаарын 4 ширхэг байг нэгэн зэрэг устгах чадвартай. Ерөнхий үзүүлэлтийн хувьд урт нь 21.9 метр, өндөр 6.36 метр, дээд хурд 2125 км/цаг, байлдааны үйл ажиллагаа явуулах радиус 1500 километр, экипаж 2 хүнтэйгээр нислэг үйлддэг ажээ.