Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор төрийн далбааны өдөртэй болох хуулийг нэр бүхий УИХ-ын гишүүд 2008 онд санаачлан батлуулсан. Ингэснээр Төрийн далбааны өдрийг жил бүрийн долдугаар сарын 10-нд, тэмдэглэж байхаар хуульчилж, 2009 оноос эхлэн тэмдэглэж эхэлсэн бөгөөд энэ жил 10 дахь удаа тэмдэглэн өнгөрүүлж байна.
Үүний хүрээнд Орхон аймагт Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зэвсэгт хүчин, Цагдаа, дотоодын цэрэг, Онцгой байдал гэх мэт байгууллагуудын алба хаагчдын цэргийн ёслолын жагсаал дөнгөж сая А.Амарын талбайд боллоо. Тус ёслолд Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут үг хэлсэн бол бусад удирдлагууд, бэлтгэл болон чөлөөнд байгаа хурандаа нар оролцлоо.
Ийнхүү цэргийн ёслолын жагсаалаар тулгар төрийн 2228, Их Монгол улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Орхон аймгийн баяр наадам эхэллээ. Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалыг Эрдэнэт цэргийн хүрээний дарга, Маршал Г.Дэмидийн нэрэмжит Зэвсэгт хүчний 186-р ангийн захирагч, хурандаа н.Жигжидсүрэн командаллаа.