Монголын урлагийн байгууллагууд автобустай боллоо
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн үүрэг чиглэлийн дагуу Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Улсын Драмын Эрдмийн театр, Улсын Филармонийн Баян Монгол чуулга, Үндэсний Урлагийн Их театр зэрэг Монголын урлаг соёлын байгууллагуудын төлөөлөлд тус бүр нь 270 сая төгрөгийн үнэ бүхий гурван автобусыг хүлээлгэн өглөө.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд “Соёл урлагийн салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгож соёл урлагийг хөгжүүлэх бодлого, санхүүжилт, удирдлага зохион байгуулалтын шинэчлэлийг хэрэгжүүлнэ” гэж тусгасан байдаг.
Энэхүү зорилтын хүрээнд үндэсний болон сонгодог урлаг, нүүдлийн соёл иргэншлийг төрийн ивээлд байлгаж, бүх нийтийн соёл урлагийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, соёл урлагийн аялал жуулчлал, гадаадад монголын үндэсний соёл урлагийг сурталчлах үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгож, монгол контентийг хөгжүүлнэ гэж үзэж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх холбогдох байгууллагуудад үүрэг болгосны дагуу ийнхүү монголын урлагийн байгууллагууд автобустай боллоо.