Таван шараас хотын төв орохын тулд автобусаар их удаан явдаг тул утасныхаа сэрүүлгийг тавиад унтчихдаг тухайгаа оюутнууд ярьдаг. Харин одоо оюутнууд автобусанд нойр авах биш, гэртээ 10-15 минут илүү хугацаагаар унтаж амрах боломжтой болно. Зөвхөн оюутнууд ч гэлтгүй, Таван шараас Зүүн дөрвөн зам руу, эсвэл Таван шараас Хөгжим бүжгийн коллеж хүртэл маш яаралтай ирэх гэсэн хэн хүнд нийтийн тээврийн экспресс чиглэл нээгдэж байгааг дуулгахад таатай байна.
Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах тухай” 01 тоот албан даалгавар, Улаанбаатар хотын Ерөнхий Менежерийн 2019 оны “Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёл, хариуцлагыг сайжруулах тухай” 02 тоот албан даалгаврын хүрээнд Нийтийн тээврийн үйлчилгээний газраас гурван экспресс чиглэл нээж байгаа юм.
Экпсресс 1 чиглэл нь “Таван шар-Зүүн зам” гэсэн чиглэл буюу Энхтайваны өргөн чөлөөгөөр Таван шараас Зүүн дөрвөн зам хүртэл ердөө 10-хан зогсоолд зогсох шинэ төрлийн үйлчилгээ гэсэн үг л дээ. Тодруулбал, Таван шар, Хархорин, Саппоро, 10 дугаар хороолол, 25 дугаар эмийн сан, Баруун дөрвөн зам, Улсын их дэлгүүр, Сүхбаатарын талбай, Өргөө амаржих газар, Зүүн дөрвөн зам гэсэн 10 зогсоолд л зогсож, иргэдэд шуурхай үйлчилнэ. Ингэснээр оргил ачааллын үеэр хамгийн их ачаалалтай байдаг зогсоолуудын ачааллыг 20 орчим хувиар бууруулж, ашиглалтын хурдыг нэмэгдүүлснээр иргэдийн зорчилтод зарцуулах хугацааг 15 минутаар багасгах юм байна.
Таван шар-Зүүн зам хүртэл “32 дугаар байр”, “Гуравдугаар эмнэлэг”, “ТБД андууд” гэх мэт тав, зургаан буудал дээр автобус зогсохгүй, алгасахад л иргэдийн цагийг ийн хэмнээд зогсохгүй оргил ачааллын үеэр Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулахад тодорхой хэмжээгээр хувь нэмэр оруулах байж шүү дээ. Яарч сандарсан үед тэр олон зогсоолыг “үзэн ядмаар” санагдах үе бишгүй гардаг. Тэгвэл одоо олон хүний хүсэл сонирхол, эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг хотын Захирагч С.Амарсайханы өгсөн 30 хоногийн хугацаатай албан даалгаврын дагуу нийтийн тээврийнхэн нэвтрүүлж эхэллээ. Ирэх даваа гаригаас нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрэх экспресс чиглэл бол үндсэн чиглэлээс гадна, нэмэлтээр явуулж байгаа шинэ үйлчилгээ гэдгийг иргэдэд сануулах нь зүйтэй болов уу.
Экпсресс 2 чиглэлийн автобус нь “Таван шар-Бөмбөгөр-Хөгжим бүжиг” гэсэн маршрутаар үйлчилнэ. Энэ нь Таван шараас хойгуураа буюу Самбуугийн гудамжаар зорчих чиглэл бөгөөд Таван шар, 32 дугаар байр, Саппоро, 10 дугаар хороолол, 25 дугаар эмийн сан, Элба дэлгүүр, Бөмбөгөр худалдааны төв, Чингэлтэй дүүрэг, МУИС, Хөгжим бүжгийн коллеж гэсэн 10 зогоолд зогсож, иргэдэд түргэн шуурхай үйлчлэх юм. Мөн л гурав, дөрвөн зогсоол алгассанаар Энхтайваны өргөн чөлөө болон Самбуугийн гудамжны ачаалал ихтэй цэгүүдийн ачаалал 25 орчим хувиар буурч, хамгийн их зорчилт, эрэлт үүсдэг их сургуулиудын бүсэд шуурхай хүрэх боломжтой болох юм. Мөн тухайн гудамж, замаар дайран өнгөрөхөд зарцуулах хугацаа бусад чиглэлүүдтэй харьцуулахад 10 минутаар багасна гэдэг судалгааг Нийтийн тээврийн үйлчилгээний газраас хэдийн гаргажээ.
Экпсресс 3 чиглэл нь “Зунжин-7 буудал-Ард кино театр-ТЭЦ3” гэсэн босоо чиглэл аж. Өөрөөр хэлбэл, Зунжин худалдааны төвөөс ТЭЦ-3 хүртэл ард иргэдэд шуурхай үйлчлэх бөгөөд 7 буудал, 17 дугаар сургууль, 32-ын тойрог, Хүнсний IV дэлгүүр, Хүнсний I дэлгүүр, Ард кино театр, Баянгол зочид буудал, 120 мянгат, Ажилчдын соёлын ордон, Таван богд компани, ТЭЦ-3 гэсэн 12 зогоолд л зогсох юм билээ. Ингэснээр босоо тэнхлэгтээ буюу Чингэлтэйн өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөний ачаалал ихтэй цэгүүдийн ачаалал 20 орчим хувиар буурахын зэрэгцээ зорчилтын хугацаа ч бусад чиглэлүүдтэй харьцуулахад 10 минутаар багасах гэнэ.
“Экспресс чиглэлд явж байгаа автобусыг яаж ялгах юм бол” гэж зорчигч та асуух гэж байна уу. “Экспресс 1: Таван шар-Саппоро-МУБИС-Зүүн дөрвөн зам”, “Экспресс 2: Таван шар-Саппоро-Бөмбөгөр-МУИС-Хөгжим бүжиг”, “Экспресс 3: Зунжин-7 буудал-Ард кино театр-120 мянгат” гэсэн том улаан бичигтэй хаягийг урдаа болон хажуудаа хадсан байгаа аж.
Үүнээс гадна нийтийн тээврийн үйлчилгээнд Ч:30 “Жанжин клуб-Дамдинсүрэнгийн гудамж-МУБИС-Ард кино театр”, Ч:70 “ТЭЦ3-Нарны гүүр– Бөмбөгөр – Ард кино театр” чиглэлийн өөрчлөлтүүд орсон байна. Мөн маргааш болох “Автомашингүй өдөр”-ийн үеэр иргэдэд троллейбус үйлчлэхгүй бөгөөд нийтийн тээврийн 40 чиглэлийн 344 тээврийн хэрэгслийн чиглэл, замналд өөрчлөлт орно.