Нийслэлд хэрэглэгчтэй хамааралгүй асуудал гэж байхгүй
Монгол улсын хүн амын тал гаруй хувь нь оршин суудаг Нийслэл хотын хэрэглэгчийн тулгамдсан асуудлуудыг “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий зөвлөлийн ээлжит хуралдаанаар хэлэлцлээ.
“Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий зөвлөлийн энэ оны анхны хуралдаан зөвлөлийн дарга, гишүүд, нийслэлийн төр захиргааны байгууллагуудын удирдлагууд, дүүргийн Засаг дарга нар оролцсон өргөн бүрэлдэхүүнтэйгээр 4 дүгээр сарын 30-ны өдөр Төрийн ордонд Шадар сайдын албан өрөөнд боллоо.
Тус зөвлөлийн хуралдаанаар:
1. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, тогтоомж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар 2018 онд хийсэн ажлын тайлан, цаашдын чиглэл, зорилт,
2. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомж, үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр 2019 оны эхний улиралд хийсэн ажлын тайлан зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.
Хуралдааны үеэр зөвлөлийн гишүүд нийслэлийн иргэд, хэрэглэгчдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломж, ундны ус, хөрсний бохирдол, бараа, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах, энэ тал дээр төрийн байгууллагууллагууд уялдаа холбоотойгоор хамтран ажиллах шаардлагатай талаар олон чухал саналуудыг гаргалаа.
Мөн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон хуралдаанд оролцогч Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хэрэглэгчдийн гомдол саналын дийлэнх хувийг эзэлдэг Сууц өмчлөгчдийн холбоо, орон сууцтай холбогдох асуудлууд, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох ажлуудын талаар зөвлөлд саналаа танилцуулав.
Монгол Улсын Шадар сайд бөгөөд “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий зөвлөлийн дарга Ө.Энхтүвшин хуралдааныг дүгнэж “Нийслэлд хэрэглэгчтэй хамааралгүй асуудал гэж байхгүй. Тиймээс энэ өргөн далайцтай ажилд Засгийн газар, төрийн байгууллагуудаас гадна иргэдийн оролцоог хангаж ажиллах хэрэгтэйг дурдлаа. Мөн хэлбэрийн, ерөнхий зүйлүүдийг больж, харин илүү тодорхой, агуулга талруугаа хандан, маш тодорхой зүйлүүдийг төлөвлөн үр дүнд хүрэх, гаргасан шийдвэрүүдээ цаасан дээр биш бодитой, тодорхой ажил болгон ажиллахыг Нийслэлийн Засаг дарга, удирдлагууд, төр захиргааны байгууллагуудад үүрэг болголоо.
УТАС: 1800-1284
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР