Европ дахь хар тамхи, мансууруулах бодисын нөлөө эрчимжих төлөвтэй байна
Европын орнуудын хөгжилд дэлхийн мансууруулах бодисын чиг хандлага нөлөөлж байна. Европ нь MDMA /methylenedioxymethamphetamine/ зэрэг синтетик гаралтай эмийн үйлдвэрлэгч бөгөөд дэлхийн бусад улс орнуудад бүтээгдэхүүнээ экспортолж байна. Харин каннабисыг импортоор орлуулж, гадны үйлдвэрлэгчдийн бизнес загварын нөлөөнд автах хандлагатай байгаа нь каннабисын давирхайн импортыг өсгөх болов.
Кокаин болон героин нь ургамлын гаралтай гол мансууруулах бодист орох бөгөөд үйлдвэрлэл нь Латин Америк, Азийн орнуудад төвлөрч, дэлхийн хэмжээнд үйлдвэрлэл нэмэгдэж байна. Героин гудамжны түвшинд ч цэвэршил харьцангуй өндөртэй, шинэ хэрэглэгч бага учир хэрэглээний түвшин ерөнхийдөө тогтвортой байгаа бол кокаины хэрэглээ нэмэгдэж байна. Европт хоёрдогч боловсруулалт болон “тээгч материал”-аас гаргаж авсан кокаиныг нууцаар импортлох байдал үргэлжилж байна.
Европын зарим орнуудад морфиныг героин руу хувиргадаг лабораториудыг илрүүлж, хаасан байна. Европын Холбоо /ЕХ/ болон улс орнууд сэтгэцэд нөлөөлөх бодисын үйлдвэрлэл, тодорхой хэмжээний нөлөөлөл үзүүлдэг шинэ төрлийн бодис зэргийг хязгаарлахын тулд ЕХ-ны хилийн дотор эдгээр бодисын үйлдвэрлэл, эмийн хэлбэрт оруулж байгаа талаар мэдээлэл цуглуулдаг. Өнөөдрийн байдлаар шинэ эмд гарах өөрчлөлтүүд хязгаарлагдмал шинжтэй ч бүс нутагт гарч буй өөрчлөлтүүд хар тамхи, мансууруулах бодисын нөлөө эрчимжих төлөвтэйг харуулна.
Интернет худалдаа: Дэлхийн зах зээлд Европ
Интернет дэх мансууруулах бодисын худалдаанаас тухайн төрлийн бүтээгдэхүүнүүдийн зах зээлийн өөрчлөлт, одоогийн бодлого, хариу арга хэмжээ, мониторинг хийх зэрэгт тулгарч буй бэрхшээлийг тодорхойлж болно. Саяхан EMDDA /Еuropean Medical Device Distributors-Европын хэмжээнд эм, эмнэлгийн хэрэгсэл борлуулагч байгууллагууд/ болон Europol хамтран Европын эмийн нийлүүлэгч, хэрэглэгчийн дэлхийн зах зээлд гүйцэтгэж буй үүргийг судалж тайлан гаргасан. 2011-2015 онд дэлхийн зах зээл дэх далд мансууруулах бодисын худалдааны тэн хагасыг ЕХ-ны нийлүүлэгчид эзэлж байсан.
Мансууруулах бодисын “далд сүлжээ”-ний худалдаанд гол анхаарлаа хандуулах зуур харьцангуй жижиг гэгдэж байсан онлайн худалдаа хүрээгээ тэлэв. Сэтгэцэд нөлөөлөх шинэ төрлийн эм, эмийн гаж хэрэглээний талаар олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, вэб сайтаар эрэлхийлэх нь чухал болж байна. Бензодиазепин хамааралт бодис онцгой анхаарал татаж байгаа бөгөөд 2015 оноос ЕХ-ны урьдчилан анхааруулах системд 14 шинэ бензодиазепин бүртгэгдсэн байна. Эдгээр бодисууд ЕХ-нд зөвшөөрөгдөөгүй, одоогоор хор уршиг илрээгүй ч мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эмтэй хамт хэрэглэснээр эрсдэл нь нэмэгддэг.
Латин Америк дахь кокаины үйлдвэрлэлийн өсөлт Европын зах зээлд нөлөөлж эхлэв. Кокаины үнэ нь хэрэглээтэйгээ уялдан нэмэгдэж байгаагийн зэрэгцээ нарийн мэргэжлийн эмчилгээнд анх удаа бүртгүүлэгчдийн тоо өсөж байна. Үйрмэг кокаины хэрэглээ нэмэгдвэл үр дагавар нь цаашид олон оронд нөлөөлөх магадлалтай.
Сэтгэцэд нөлөөлөх шинэ бодис нь нийтийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Сэтгэцэд нөлөөлөх шинэ бодист зориулсан ЕХ-ны урьдчилсан илрүүлгийн систем нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд хар тамхи мансууруулах бодисын аюулд хариу өгөх, илрүүлэх боломжоор хангаж байна. ЕХ-ны зүгээс энэ системийг өргөтгөсөн хууль баталж, мэдээлэх үйл ажиллагааны шуурхай байдлыг нэмэгдүүлэхэд анхаарч байна.
Систем 670 төрлийн бодист мониторинг хийдэг бөгөөд үүнээс жилд 400 орчим нь тогтмол мэдээлэгдэж байна. Европт долоо хоног бүр сэтгэцэд нөлөөлөх бодисын шинэ төрөл бүртгэгдэж байгаа нь хар тамхи, мансууруулах бодисын зах зээлд тухайн төрлийн бодисын нэр төрөл олширч буйг харуулна. Гэхдээ энэ үзүүлэлт 2015 онтой харьцуулахад бага ч, иргэдийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө өндөр хэвээр байна.
Европт синтетик мансууруулах бодис, синтетик каннабинойд үхэлд хүргэж, гүн хордлогод оруулж байгаагийн улмаас EMCDDA-н зүгээс нийтийн эрүүл мэндийг эрсдэлд оруулж байгаа олон тооны бодисыг үнэлэх, судлах үйл ажиллагааг явуулж байна. Үүнтэй холбоотойгоор ЕХ нэн яаралтай хууль эрхзүйн зохицуулалт хийх шаардлагатай болж байгаа аж.
ДЭМБ-ын 2017 оны мэдээлэлд эдгээр бодисын зарим нь олон улсын хяналтад орсон гэжээ. 2017 онд хамрын цацлага зэрэг шинэ хэлбэрээр гарсан фентанилийн таван уусмалыг шинжлэхэд героин, кокаин болон хуурамч эм хольсон байсан бөгөөд хэрэглэгч ийм төрлийн бодисуудын найрлагатай эм хэрэглэж буйгаа мэддэггүй байна. Гол төлөв онлайнаар худалдаж байгаа нь хууль хэрэгжүүлэгч болон эрүүл мэндийн байгууллагуудад бэрхшээл учруулдаг.
Бодисыг зөөж тээвэрлэх, нууж далдлах боломжтой хэмжээгээр савлаж байна. АНУ-д фентанилээс гаргаж авсан бодисууд хар тамхи мансууруулах бодисын хямралыг бий болгож, тун хэтэрсний улмаас үхэлд хүргэхэд нөлөөлж байна. Европт энэ бэрхшээл тулгараагүй ч фентанил болон хяналтаас гадуур байгаа фентанилийн гаралтай бодисуудтай холбоотой үхлийн ба үхлийн бус тун хэтрүүлэлтэд сэрэмжтэй байх талаар EMCDDA-н тайлан илтгэлүүдэд онцолжээ.
Синтетик каннабиноидын эрүүл мэндэд учруулах аюул нэмэгдэж байна.
Шинэ синтетик каннабиноидын эрүүл мэндэд учруулах хор хөнөөлийн талаар илтгэлүүд гарах болсноор EMCDDA 2017 онд эрсдэлийн дөрвөн үнэлгээ хийсэн. Синтетик каннабиноид нь үхэл, эсвэл гүн хордлогод хүргэж байна. Европын зарим шоронд эдгээр бодисыг нууцаар нэвтрүүлж, хэрэглэж байгаа нь эрүүл мэнд, аюулгүй байдлын асуудал үүсгэж байна.
Синтетик каннабиноидыг байгалийн гаралтай каннабисын төрлийн бүтээгдэхүүний албан ёсны хувилбар гэж зах зээлд анх гаргасан ч олон талаараа ялгаатай. Нийгмийн эмзэг бүлгийнхэн буюу орон гэргүй хүмүүс амарч зугаацах зорилгоор синтетик каннабиноидыг хэрэглэдэг бөгөөд хэрэглээний түвшин өндөр биш ч үхэл болон гүн хордлогод хүргэж байна. Турк Улсад мансууруулах бодисоос шалтгаалах үхэлд синтетик каннабиноидын хэрэглээ нөлөөлж байгааг онцолжээ.
Синтетик мансууруулах бодис болон синтетик каннабиноид
Европт өргөн хэмжээгээр хэрэглэдэг, хууль бус мансууруулах бодисын тоонд каннабис ордог бол Америкийн зарим газар нутаг дээр хэрэглээг зөвшөөрсөн нь худалдаа хурдацтай нэмэгдэж, улмаар хэрэглээний хэлбэр, хүргэлт, тээвэрлэлтийн системд шинэлэг хэлбэрүүд гарахад нөлөөлөх болов. Үүнд каннабисын олс, электрон шингэнүүд, идэж болох бүтээгдэхүүн орж байна. Зарим муж газруудад зугаа цэнгээний хуулиар зөвшөөрөгдсөн зах зээлд каннабисыг эмчилгээний зориулалтаар хэрэглэхийг зөвшөөрсөн байдаг.
Каннабисын хэрэглээ Европт өндөр хэвээр, ЕХ-ны орнуудад нэмэгдэх хандлагатай бөгөөд өнгөрсөн 10 жилийн хугацаанд ургамал, давирхай аль аль нь өссөн үзүүлэлттэй байна. Хар тамхи, мансууруулах бодисын хууль бус зах зээл нь эрүүл мэнд төдийгүй олон нийтэд сөргөөр нөлөөлж, зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдэгдэхэд түлхэц болж байна. Европт эмийн тунг хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй үхэл өндөр хэвээр бөгөөд дийлэнх нь хар тамхи мансууруулах бодистой холбоотой.
Мансууруулах бодисын нийлүүлэлт болон зах зээл
Европ нь мансууруулах бодисын гол төв болж, дотоодын үйлдвэрлэл болон импортоор хангагдаж байна. Хар тамхи мансууруулах бодис хууль бусаар нийлүүлж буй гол газрууд нь Өмнөд, Баруун, Хойд Америк бол Хятад Улс сэтгэцэд нөлөөлөх шинэ төрлийн бодисыг анхлан нийлүүлэгч орон болж байна. Мөн зарим эм бэлдмэлийг Европоор дамжуулан бусад тив рүү гаргаж байна.
Европ нь каннабис, синтетик эмийн үйлдвэрлэлийн бүс бөгөөд каннабисын үйлдвэрлэл зөвхөн орон нутгийн хэрэглээнд зориулагдсан байдаг бол зарим төрлийн синтетик эмийг экспортолдог. 1970-1980 онд каннабис, героин, амфетамины зах зээл Европт бий болж, 1990-ээд оноос кокаин, MDMA зэрэг бодисыг үйлдвэрлэж эхэлсэн. Сүүлийн 10 жилийн хугацаанд хууль бус эмийн зах зээлд гарсан өөрчлөлтүүд нь глобалчлал, шинэ технологи буюу эмийн үйлдвэрлэлд гарсан инноваци болон эдгээрийг даган боловсронгуй болж буй нууцаар худалдах маршрут, онлайн худалдаа зэрэг болно.
Европын хууль бус мансууруулах бодисын зах зээл: цогц байдал болон олон түвшинд ангилагдах нь
Мансууруулах эмийн хууль бус зах зээл нь харилцан адилгүй түвшинд их хэмжээний мөнгө бий болгодог үйлдвэрлэл, түгээлтийн цогц систем юм. Зах зээлийн мөн чанарын үүднээс үүнд хяналт тавихад нэлээн төвөгтэй. ЕХ-ны зах зээл дээр 2013 онд 24 тэрбум еврогийн мансууруулах эмийг хууль бусаар худалдсан байна. Үүнд каннабис хамгийн өндөр буюу 38, героин 28, кокаин 24 хувийг тус тус эзэлж байна.
Сүүлийн жилүүдэд онлайн зах зээл хурдацтай хөгжиж байгаа нь хар тамхи мансууруулах бодисын зах зээлийн идэвхжлийг хянах боломжийг олгож байна. EMCDDA болон Europol хамтран дэлхийн 100 далд сүлжээг шинжлэн судлахад худалдагч болон худалдан авагч талууд өөрсдийгөө нууцлахын тулд төрөл бүрийн технологи ашиглаж байна. Онлайн зах зээл дээр явагдаж буй бүх төрлийн худалдан авалтын 2/3 нь мансууруулах бодистой холбогдож байна.
ЕХ-нд төвтэй нийлүүлэгчид 2011-2015 оны хооронд далд сүлжээний зах зээлээс олсон нийт ашгийн 46 хувийг эзэлж байгаагийн дотор Герман, Нидерланд, Их Британий худалдаачид дийлэнх хувийг эзэлж байна. Сэргээгч төрлийн мансууруулах эм Европын нууц сүлжээний худалдаанд дийлэнх хувийг эзэлж байна. Нууц зах зээл дээр хар тамхи мансууруулах бодисыг бага хэмжээгээр эсвэл шууд жижиглэнгээр худалддаг.
Европт 2016 онд хууль бус мансууруулах эм 1 сая гаруйг хураасны дийлэнх хэсгийг борлуулагч болон үйлдвэрлэгчээс хураасан бөгөөд үүний 70 орчим хувийг каннабис эзэлж байна. ЕХ-ны орнуудаас хураасан эмийн 60 хувийг Испани, Их Британи, Франц бүрдүүлж байна.
Каннабисын давирхай дийлэнх хувийг эзэлж байгаа ч ургамлын хэлбэр өсөх хандлагатай байна. Европын зах зээл дээрх каннабисын төрлийн гол бүтээгдэхүүн нь ургамал буюу марихуана, давирхай буюу гашиш юм. Каннабисын тос харьцангуй бага байдаг. Мансууруулах эмийн хууль бус худалдаанд каннабисын төрлийн бүтээгдэхүүн 38 хувийг эзэлж, доод тал нь 9.4 тэрбум евро болж байна. Европт марихуана, гашишийг үйлдвэрлэхийн зэрэгцээ гаднаас импортоор оруулж ирж байна, ялангуяа гашишийг Морокко Улсаас гол төлөв импортолж байна.
Дэлхий дээрх гашишийн худалдааны гол төв Ливи бол марихуана болон тосон каннабисын гол үүсвэр Баруун Балкан юм. 2015 онд Европт 11.5 сая суулгац хурааж авсан бол 2016 онд 3.3 сая болж буурч, 2017 онд энэ түвшин хэвээр байна. ЕХ-нд 2016 онд 763,000 каннабисын төрлийн бүтээгдэхүүн хурааж авснаас ургамал 420,000, гашиш 317 000, суулгац 22,000 байсан.
Каннабисыг худалдах маршрутад улс орны байршил чухал бөгөөд жишээ нь Мороккод үйлдвэрлэсэн гашишийг ЕХ руу оруулах гол улс нь Испани болдог байна.
Героиний тоо хэмжээ буурч байна. ЕХ-ны хар тамхи мансууруулах бодисын зах зээлд түгээмэл бодисын нэг нь героин бөгөөд 2013 оны судалгаагаар 6.8 тэрбум евротой тэнцэх хэмжээний героин зарагджээ. Европт өргөн Афганистанаас гаралтай бор героин, Афганистан болон хөрш зэргэлдээ орнуудаас гаралтай цагаан героинийг импортолдог. Хууль бус зах зээл дээр хар тамхи, морфин эм, мефадон, бупренорфин, трамодал, төрөл бүрийн фентанилийн гаралтай бодисууд мөн байна.
Албан ёсны зөвшөөрөлтэй мансууруулах эм анхааралд өртдөггүй учир хууль бусаар үйлдвэрлэх явдал гарч байна. Сүүлийн жилүүдэд Нидерланд, Испани, Чех зэрэг орнуудад морфиныг героин руу хувиргадаг лабораториуд илэрсэн нь Европт героин үйлдвэрлэгдэж байсныг харуулав. Үйлдвэрлэл хэрэглэгчийн зах зээлд ойр байгаагийн улмаас түүнийг илрүүлэх, хаах боломжийг хязгаарлаж байна.
Европ тивд героин нь худалдааны 4 гол маршрутаар худалдагддаг бөгөөд эдгээрээс Балканы маршрут, өмнөдийн маршрут голлож байна.
Балканы маршрут: Туркээр дамжин, Балканы орнууд /Болгар, Румын, Грек/ болон, төв, өмнөд, баруун Европ руу орж байна. Сүүлийн үед Сири, Ирак энэ маршрутад холбогдох болсон.
Өмнөдийн маршрут: Иран, Пакистанаас гарсан тээвэрлэлт агаар болон далайн замаар Европт ирнэ.
Африкийн орнуудаар дамжих маршрут
Өмнөд Кавказ болон Хар далайгаар дамжих хойд маршрут
2002-2014 онд ЕХ-ны орнуудын хэмжээнд хураагдсан героиний хэмжээ тогтмол буурсан бөгөөд 2016 онд 4.3 тонныг хураасан бол Турк Улс Европын орнуудтай харьцуулахад герионийг их хэмжээгээр буюу 2015 онд 8.3 тонн, 2016 онд 5.6 тонныг тус тус хураасан байна. Бусад төрлийн мансууруулах бодисоос гол төлөв трамодал, бупренорфин, мефадонийг хураажээ.Кокаины зах зээл сэргэж байна.
Европт кокаины нунтаг болон үйрмэг 2 хэлбэрийг түгээмэл хэрэглэж байна. Кокаиныг Болив, Колумб, Перуд гол төлөв тариалж, Европ руу онгоцны зорчигч, агаарын ачаа, шуудангийн илгээмж, хувийн онгоц, дарвуулт онгоц, далайн контейнер зэргээр тээвэрлэдэг. 2013 онд Европ тив дэх кокаины зах зээл 5.7 тэрбум евротой тэнцсэн.Мансууруулах бодисын хэрэглээний тархалт ба хандлагууд
Европ тив дэх мансууруулах бодисын өнөөгийн хэрэглээ нь өнгөрсөн үетэй харьцуулахад илүү өргөжиж байна. Мансууруулах бодис хэрэглэгчдийн дунд хоёр ба түүнээс дээш мансууруулах бодис орсон эм хэрэглэгчид олширсон бөгөөд хэрэглээний онцлог хэв маяг нь турших маягаар хэрэглэж улмаар зуршил эсвэл бодисоос хамааралтай болох байдлаар илэрч байна.
Каннабисын хэрэглээний тархалт бусад бодисоос 5 дахин их байна. Героин болон бусад төрлийн мансууруулах бодисын хэрэглээ харьцангуй бага хэвээр байгаа бол тарьж хэрэглэдэг илүү хор хөнөөлтэй эмийг хэрэглэх хандлага үргэлжилсээр байна. Эрэгтэйчүүд бүх төрлийн мансууруулах бодисын хэрэглээнд зонхилж, тогтмол буюу эрчимтэй хэрэглэх хэв маягтай байна.
Сурагчдын дунд мансууруулах бодисын хэрэглээ тогтвортой буюу буурах хандлагатай байна. “Сургуулийн сурагчдын архи тамхи болон бусад мансууруулах бодисын хэрэглээний талаарх Европын судалгаа”-г 1995 оноос 2015 оныг хүртэл 6 дахь удаагаа явуулж байна. 2015 оны судалгаанд Европын 35 орны /үүнд ЕХ-ны 23 орон ба Норвеги хамрагдсан/ 15-16 насны сурагчдыг хамруулсан байна. 24 орны сурагчдын 18 хувь нь амьдралынхаа хугацаанд каннабисыг багадаа 1 удаа хэрэглэж үзсэн бол Чех хамгийн өндөр буюу 37 хувь, Франц 31 хувьтай байна.
Каннабисаас бусад төрлийн мансууруулах эмийн хууль бус хэрэглээ /үүнд MDMA-ecstacy, amphetamine, cocaine, methamphetamine, hallucinogens/ бага буюу 5 хувийг эзэлж байна. ЕХ болон Норвегийн сургуулийн сурагчдын дунд inhalants, medicines, сэтгэцэд нөлөөлөх шинэ төрлийн бодисын хэрэглээний түвшин 8 хувь байна. Тайвшруулах, өвчин намдаах төрлийн эмийг эмчийн жоргүйгээр 6 хувь нь хэрэглэж үзсэн бол, сэтгэцэд нөлөөлөх шинэ төрлийн бодисыг амьдралынхаа хугацаанд хэрэглэж үзсэн нь 4 хувийг эзэлж байна.
ЕХ-ны насанд хүрэгчид буюу 15-64 насны 87.6 сая хүний 26.3 хувь нь каннабисыг хэрэглэж үзсэн байна. Сүүлийн үеийн судалгаагаар каннабисын хэрэглээ тогтвортойгоор нэмэгдэх хандлагатай байна.
Каннабисын хэрэглээ, хэрэглээний өндөр эрсдэл
Каннабисыг Европт навчин тамхитай хольж татдаг бөгөөд хэрэглэгчид нь тохиолдлын, тогтмол, эсвэл хамааралт хэв маягтай байна. Сүүлийн үеийн судалгаагаар залуучуудын каннабисын хэрэглээ тогтвортой хэмжээнд эсвэл нэмэгдэх хандлагатай байна.
Европын нийт хүн амын дунд явуулсан судалгаагаар насанд хүрэгчдийн 1 хувь нь өдөр бүр буюу сарын 20 өдөрт нь каннабис хэрэглэдэг бөгөөд тэдний 37 хувь нь 35-64 насныхан, эрэгтэйчүүд зонхилж байна. Европт 2016 онд каннабисын хэрэглээтэй холбоотойгоор 150,000 хүн мансууруулах бодисын эмчилгээнд орсны 83,000 нь амьдралдаа анх удаа орсон гэжээ.
Кокаины хэрэглээ ерөнхийдөө тогтвортой боловч нэмэгдэх хандлагатай
Европт түгээмэл хэрэглэгддэг сэргээгч, өдөөгч мансууруулах бодис болох кокаины хэрэглээ баруун, өмнө хэсгийн орнуудад өндөр байна. Тогтмол хэрэглэгчдийг дунд нь нийгмийн харилцаанд өргөн оролцдог хэрэглэгчид буюу нунтаг кокаин хэрэглэгчид, эмзэг хэрэглэгчид буюу тарилга болон кокаин суурьтай үйрмэгийг татаж хэрэглэгчид гэж ангилна.
Европт 15-64 насны хүмүүсийн 5.1 хувь нь буюу 17 сая нь амьдралынхаа хугацаанд кокаин хэрэглэж үзсэн байна. Европ даяар өмнөх жилүүдэд хэрэглээ буурах хандлагатай байсан ч сүүлийн судалгаагаар бууралт ажиглагдаагүй байна. 2016 онд Европт хар тамхи мансууруулах бодисын эмчилгээнд хамрагдсан хүмүүсийн 53,000 нь кокаиныг героин болон бусад төрлийн мансууруулах бодистой хамт хэрэглэсэн нь хэрэглээний эрсдэл өндөр байгааг харуулж байна.
MDMA-н /methylenedioxymetheamphetamine/ хэрэглээ тогтвортой байна. MDMA-г шахмал, кристал, нунтаг хэлбэрээр залгих, уух, хамрын гэсэн төрлүүдээр хэрэглэдэг. 15-64 насны иргэдийн 4.1 хувь буюу 13.5 сая хүн амьдралынхаа туршид MDMA-г доод тал нь нэг удаа хэрэглэсэн. Гэхдээ энэ бодисыг хэрэглэсэн хүмүүс мансууруулах бодисын эмчилгээнд ордоггүй нь 2016 онд энэ төрлийн бодисын эмчилгээний дөнгөж 1000 тохиолдол бүртгэгдсэнээс харагдана.
Amphetamines-н хэрэглээнд өөрчлөлт гарч байгаа бөгөөд тогтворжих хандлагатай. Amphetamine ба metheamphetamine нь төстэй сэргээгч бодисууд бөгөөд аmphetamine-г илүү өргөн хэрэглэж байна. Чех, Словак орнуудад metheamphetamine-г хэрэглэхийг хориглосон бол бусад орнуудад хэрэглээ нэмэгдэж байна. Зарим тохиолдолд уг бодисуудыг ялгах боломжгүй, аль аль нь амаар болон хамраар хэрэглэгддэг бөгөөд мetheamphetamine-г татаж болдог.
Европт 15-64 насны иргэдийн 3.6 хувь буюу 11.9 сая хүн аmphetamine-г амьдралынхаа туршид хэрэглэж үзсэн байна. 2016 онд Европт ойролцоогоор 35,000 хүн тусгайлсан эмийн эмчилгээ хийлгэсний 15,000 нь анх удаа эмчилгээнд орсон нь аmphetamine-ий эмчилгээний түвшин өндөр бөгөөд эрсдэл дагуулж буйг харуулна.
Мансууруулах эмийн хууль бус хэрэглээ дэлхий нийтийг хамарч байна. Архаг болон хурц хордлогын гаралтай эрүүл мэндийн асуудлууд мансууруулах эмийн хууль бус хэрэглээтэй холбоотой. Архаг эмгэг гэдэгт эмийн хамааралт байдал болон тухайн эмтэй холбоотой халдварт өвчнүүдийг хамаатуулан ойлгох бөгөөд тун хэтрүүлснээс үүдэлтэй хүнд хэлбэрийн хор уршиг өндөр байна.
Хар тамхи мансууруулах бодисын тарилга хэлбэр нь өндөр эрсдэлийг дагуулж байна. Урьдчилан сэргийлэлт болон эрүүл мэнд, хууль хэрэгжүүлэх байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх замаар эмийн хэрэглээ, түүнээс учруулах хор нөлөөг бууруулж болно. EMDDA-ийн хяналтад байдаг 30 орны бараг тэн хагас нь эмийн бодлогодоо хууль бус эм, мансууруулах бодисыг дагаад зан үйлийн донтолт болон бодисын хамааралд орох асуудлыг тусгасан байдаг.
Хамгаалалтын талаар
Европын эмийн стратеги бодлогод залуу үеийнхнийг хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ, хэрэглээтэй холбоотой эрүүл мэндэд гарах сөрөг үр дагавраас хамгаалах нь чухал бөгөөд үүний тулд төрөл бүрийн арга хэрэгслүүдийг ашиглахаар тусгасан байна. Хүрээлэн буй орчны болон нийтлэг арга хэмжээ нь нийт хүн ам руу харин сонголттой хамгаалалтын арга хэрэгслийг хэрэглээний өндөр эрсдэлтэй эмзэг бүлэгт тус тус чиглүүлж байна.
Европт баримтад суурилсан хамгаалалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд бүртгэл, сургалт, чанарын стандартаар дэмжиж байна. Нийгмийн бүлэгт суурилсан үйлчилгээ болох ухаалаг утасны “M-health” эрүүл мэндийн аппликейшнүүдийг гаргаж байна. Энэ нь нэгэн зэрэг олон хүнийг хамрах, газарзүйн байршлаас үл хамааран үйлчилгээ зөвлөгөө авах зэрэг давуу талтай. Одоогийн байдлаар хар тамхи мансууруулах бодисын холбогдолтой 60 орчим аппликейшн гарсны хагасыг Европын орнууд нэвтрүүлжээ.
Эх сурвалж: ТЕГ