Фото сурвалжлагаFocus

Б.Бат-Ундрал: Багын мөрөөдөл уралдах, уралдаанд амжилт гаргах

УИХ-ын гишүүн М.Чимэдцэрэн агсаны нэрэмжит бартаат замын “Чингис мастер кросс” уралдаан энэ сарын 17-нд Дархан хотод болсон. Тус уралдаанд 39 тамирчин оролцсоноос цор ганц эмэгтэй тамирчин нь мотоспортын мастер Бямбасүрэнгийн Бат-Ундрал байлаа. Хүн бүрийн сэтгэлийн гүнд мөрөөдөл байдаг. Багадаа хурдан морины унаач хүүхэд байсан. Тэр маань их нөлөөлсөн болов уу, хурдны спортод хүч үзэж амжилт гаргана гэж боддог байсан хэмээн даруухан ярих эр зоригт залуухан бүсгүйтэй “Чингис мастер кросс” тэмцээний шагнал гардуулах үеэр цөөхөн хором ярилцлаа.

Сайн байна уу? Юуны өмнө өөрийгөө танилцуулаач?

-Намайг Бямбасүрэнгийн Бат-Ундрал гэдэг.

-Тэмцээний нээлт дээр танд үзэгчид баяр хүргэж бас гайхсан хүмүүстэй их таарсан. Чухам яагаад энэ спортоор хичээллэх болсон бэ?

-Би багадаа хурдан морь унадаг хүүхэд байсан.Томроод жин тэнцэхээ болиод хасагдсан. Дахиж морь унаж чадахгүйгээс хойш нэг хурдны төрөлд хүч үзнэ дээ гэсэн мөрөөдөл тээж явсан.Тэгээд дээд сургуулиа төгсөөд ажил хийж мөнгө цуглуулаад мотоцикл худалдан авч мото спортоор хичээллэж эхэлсэн.

-Мотоспортоор хэдэн жил хичээллэсэн бэ? Хэн нэгэн хүнд, аюултай спорт гэж хориглоогүй юу?

-2014 оноос хичээллэж эхэлсэн. Багын мөрөөдөл уралдах, уралдаанд амжилт гаргах байсан. Шулуун дардан замаар мотоцикл унаж сураад амжилт гаргана гэж байхгүй. Бэртэх, гэмтэх зэрэг асуудал зөндөө тулгардаг байсан. Энэ спортод хөл тавихад багагүй хугацаа шаардсан. Мотоциклтой боллоо гээд шууд уралдахгүй. Тэр бүрт мөрөөдлийнхөө төлөө явж байсан болохоор амжилт гаргах, гаргасан амжилтаа бататгах түүнээс илүү ихийг хүсч бэлтгэлээ хийдэг байсан болохоор хориглоод байх хүн бараг байгаагүй. Зорьсондоо хүрье гэвэл тууштай хичээллэх хэрэгтэй. Энэ спортоороо спортын зэрэг хамгаалсан. Спортын мастер цолтой.

-Хэзээнээс автоспортод хөл тавьсан бэ?

-2018 оны 1 дүгээр сараас эхэлсэн.

-Хичнээн тэмцээнд оролцов. Чингис мастер кросст өмнө нь уралдаж байсан уу?

-Энэ миний 8 дахь уралдаан. Өмнө нь кросс уралдаануудад оролцож байсан. Хамгийн сүүлд өнгөрсөн оны 8 дугаар сард тэмцээнд оролцсон. Тэрнээс хойш оролцоогүй байж байгаад саяхан машинаа босгоод уралдлаа. Өнгөрсөн жил “Чингис мастер кросс”-т уралдаж байсан.

-Өнгөрсөн жилийн тухайд цас ихтэй, шавартай байсан. Энэ жил цасгүй шороо их босч замын харагдах байдал хүндхэн байсан. Уралдаж байгаа хүнд илүү их мэдрэгдсэн болов уу?

-Тиймээ. Энэ жил зам чийг багатай, шороо их босч байлаа. Үзэгдэх орчноос эхлээд замаа харахад хүндхэн. Олон машины хойно орсон зарим газар нүдээ аниад л хаазаа гишгэхээс өөр аргагүй эрсдэл жаахан байсан. Сүүлдээ цуваанд орсон хойноо гайгүй болж байсан. Өнгөрсөн жилийнхээ хийж чаддаг байсан зүйл, эргэдэг тугнууд дээр хангалтгүй муу эргэлээ.

-Уралдаан хэрхэн болж өнгөрөв таны хувьд?

-Энэ жилийн анхны тэмцээн. Автомашины хувьд мотоциклоос ялгаатай байдаг. Мотоциклдоо нэг засвар үйлчилгээ хийчихсэн тохиолдолд хэд хэдэн уралдаанд оролцох боломжтой болчихдог. Миний хувьд тэмцээний өмнөхөн машинаа босгож уралдаандаа оролцсон. Моторт маань жаахан техникийн саатал гараад финалынхаа гараанд гарч чадсангүй. Хэрвээ машинд маань гэмтэл гараагүй байсан бол цаашаа явах урам зориг их байлаа.

-Энэ спортоор хүч сорьдог хүнд авто механик чухал. Өөрийн авто механиктай юу?

-Өөрийн гэсэн механик байхгүй. Түмнийхээ буянд л явж байна. Өнгөрсөн 8 дугаар сард болсон тэмцээн шавар ихтэй байсан болохоор машинд маань нэлээн гэмтэл гарсан. Тэгээд дахиж мотор, кропоо боож 21 дэх удаагийн уралдаанд оролцлоо.

Баярлалаа танд.Спортын өндөр амжилт хүсье

-Баярлалаа

Эх сурвалж: Дархан

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close