ВидеоНийгэмХууль эрх зүй

“Гал түймрийн гамшгийн хохирлыг бууруулахад бүх нийтийн оролцоо чухал”

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний ивээл дор “Гал түймрийн гамшгийн хохирлыг бууруулахад бүх нийтийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа.

Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх, гал түймрийн гамшгийн хохирлыг бууруулахад бүх талын оролцоог хангах, олон нийтийн оролцоо, үүрэг, хариуцлагыг өндөржүүлэх, гал түймэртэй тэмцэх бэлтгэл, бэлэн байдал, чадавхийг сайжруулах, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар хамтран зохион байгуулсан уг хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, үг хэлэв.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ:
“Та бүхэнд өглөөний мэндийг хүргэе.

Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах гадаад, дотоод таатай нөхцлийг бүрдүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын хамтын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах чиглэлээр миний бие онцгойлон анхаарч, дээрх байгууллагуудын удирдлагуудад 2017 оны 12 дугаар сард үүрэг, чиглэл өгсөн. 2018 онд тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагууд хамтран хэрэгжүүлэх нэгдсэн төлөвлөгөөг гаргаж ажилласнаар тодорхой үр дүн ажиглагдаж байна.

Өнөөдрийн энэ хэлэлцүүлэг нь үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын хамтран хэрэгжүүлэх нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсан цуврал хэлэлцүүлгийн хоёр дахь хэлэлцүүлэг юм.

Болзошгүй аливаа гамшгаас урьдчилан сэргийлэх, учрах хохирлыг бууруулахад үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагын үүрэг оролцоо, тэдгээрийн хамтын ажиллагаа онцгой чухал гэдгийг тэмдэглэн хэлье.

“Гал түймрийн гамшгийн хохирлыг бууруулахад бүх нийтийн оролцоо” сэдвийг хөндөн энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа нь цаг үеэ олсон асуудал гэж үзэж байна.

Монгол Улсад өнгөрсөн таван жилийн хугацаанд жилд дунджаар 3520 удаа аюулт үзэгдэл, осол тохиолдож, 200 гаруй хүн амь насаа алдаж, 80 гаруй тэрбум төгрөгийн эдийн засгийн хохирол учирсан статистик байна. Гал түймэр нь эдгээр нийт тохиолдлын 90 гаруй хувийг (объектын гал түймэр 84%, ой хээрийн түймэр 3.2%), гамшиг осолд өртөж амь насаа алдсан хүний 33 хувийг (объектын галд 31.7%, ой хээрийн түймэрт 1.5%) эзэлж байна. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, хүн амын өсөлт, хотжилтын нөлөөгөөр гал түймрийн давтамж, хамрах хүрээ улам бүр нэмэгдэх болсныг мэргэжлийн байгууллагууд сануулах болсон.

ОХУ-ын Гал эсэргүүцэх албанаас 2012-2016 онд хийсэн гал түймрийн судалгаагаар Монгол Улс 1000 хүнд ногдох галын тоогоор 57 орноос 40-д, 100 мян.хүн тутамд нас барсан хүний тоогоор 9-д, түлэгдэж бэртсэн хүний тоогоор 42 орноос 34-д жагсаж байна.

Монгол Улсад зонхилон тохиолдож байгаа гал түймэр нь ихэвчлэн иргэдийн санамсар болгоомжгүй, хэнэггүй үйлдэлтэй холбоотой байна. Учир нь обьектын түймэр гарч буй шалтгааны 60 шахам хувь, ой хээрийн түймрийн тэн хагас нь хүний буруутай үйлдлээс үүдэж гарснаас тодорхой харагдаж байна. Гал түймэрт өртсөн нэг га ойг нөхөн сэргээхэд 2500 орчим суулгац шаардлагатай. Энэ нь ой болоход 90 жилийн хугацаа зарцуулагдана.

Гамшиг осол, гал түймрээс урьдчилан сэргийлэх, гарч болзошгүй хохирлыг бууруулах чиглэлээр техник, технологийг ашиглах шаардлагатай. Нэн ялангуяа шатахуун бага зарцуулдаг, эдийн засгийн үр ашигтай, байгаль, цаг агаарын хүнд нөхцөлд нислэг үйлдэх чадвартай бага оврын нисэх онгоцыг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд ашиглах нь зүйтэй байна. Тухайлбал, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсон хүчнийхээ мэдлэг, боловсролыг ашиглан Монгол Улсад угсрах гэж буй “ТВС-2 МС” агаарын хөлгийг ой хээрийн гал түймэр унтраах, шүхэрчдийг тээвэрлэх, агаараас эрэн хайх ажиллагаанд ашиглах боломжтой юм.

Иймээс иргэн хүний санаатай, санамсаргүй буруутай үйлдлээс урган гарч буй гал түймрийн гамшгийн хохирлыг бууруулахад бүх нийтийн оролцоог хангахад анхаарлаа хандуулж, цаашид энэ чиглэлээр хэрэгжүүлэх тодорхой арга хэмжээ, шийдлийг энэ хэлэлцүүлгээс гаргаж, бүх түвшинд хариуцлагатай хэрэгжүүлж ажиллана гэж найдаж байна.

Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй хөндүүр сэдвүүдээр миний бие хэлэлцүүлэг санаачлан хэлэлцүүлж, хэлэлцүүлгээс гарсан санал зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн.

Ингээд “Гал түймрийн гамшгийн хохирлыг бууруулахад бүх нийтийн оролцоо” сэдвийн хүрээнд зохион байгуулж буй хэлэлцүүлэг нээснийг мэдэгдэж, хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд амжилт хүсье!” гэв.

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments

Танд таалагдах

Close
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close