БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён-ы айлчлал өндөрлөлөө
Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ли Наг Ён-ы Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал 27-ны өдөр амжилттай өндөрлөж, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тэргүүтэй албаны хүмүүс “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас үдэж мордуулав. Монгол Улсын “гуравдагч хөрш” БНСУ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлж, дараагийн шатанд дэвшүүлэн гаргахад энэхүү айлчлал чухал ач холбогдолтой боллоо.
Тэрбээр айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхий сайдтай хэлэлцээ хийж, Монгол Улс, БНСУ хоёр улсын иргэд алсдаа харилцан визгүй зорчих асуудлыг судлан шийдвэрлэнэ гэдгээ хэлсэн. Мөн БНСУ-ын 300 сая ам.долларын буцалтгүй тусламжаар нэр бүхий 10 аймагт дулааны цахилгаан станц барих төслийг эрчимжүүлэх, 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр “Солонго-1”, “Солонго-2” орон сууцны хороолол барих төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр тохиролцсон юм. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхах үеэр БНСУ-ын Ерөнхий сайдаас визийг хүндрэлгүй гаргаж өгөх асуудалд анхаарал тавихаа мэдэгдсэн билээ.