Баянхонгор аймгийн гутал үйлдвэрлэгчид туршлага судлав
Баянхонгор аймгийн үйлдвэрлэгчид Улаанбаатар хотын гутлын үйлдвэр үйлчилгээний төвүүдэд туршлага судаллаа. Тус аймгийн Баянхонгор, Өлзийт, Эрдэнэцогт, Баянлиг, Богд, Шинэжинст, Баацагаан, Баянцагаан, Бөмбөгөр зэрэг есөн сумын гутал үйлдвэрлэгч 25 хүн туршлага судлах аялалд багтжээ.
Үйлдвэрлэгчид арьс шир боловсруулах, түүхий эд бэлтгэн нийлүүлэх “Булигар” ХК үйлдвэр, хүүхдийн болон цэрэг, цагдаагийн гутал үйлдвэрлэдэг “Хос аз” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцжээ. Мөн гутал арчилгаа, цэвэрлэгээ, бүх төрлийн засвар үйлчилгээний “Shoeslove” төвийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судалсан байна.
“Үйлдвэржилт 21:100” хөтөлбөрийн хүрээнд хийж буй тус ажил нь орон нутгийн онцлог, нөөцөд суурилан дэвшилтэт техник, технологи нэвтрүүлж, нэмүү өртөг шингэсэн, олон улсын чанар, стандартын шаардлага хангасан, өрсөлдөх чадвартай, эрэлт хэрэгцээнд нийцсэн, ажлын байр, гадаад, дотоод худалдааны эргэлт, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх зорилготой. Хөтөлбөр уул уурхайн олборлох, баяжуулах үйлдвэрлэлээс бусад салбарыг хамрах бөгөөд 2020 он хүртэл хэрэгжих аж.