УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Татварын багц хуулийг олонхын саналаар батлав. Багц хуульд Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга багтаж буй юм. Татварын ерөнхий хууль нь татвар төлөгч болон татварын албаны хооронд үүсдэг маргааныг хянан шийдвэрлэх, одоо үйлчилж байгаа хуулийн хоёрдмол утга санаатай зохицуулалтыг ойлгомжтой болгох, олон улсын татварын шинэлэг зарчмуудыг өөрийн орны нөхцөлд нийцүүлэн нэвтрүүлэх, татварын бааз суурийг өргөжүүлэхэд чиглэж байна.
Одоо үйлчилж байгаа хуулиар аж ахуйн нэгжүүд татварын өр төлөх хугацааг хоёр сараар тогтоосон байна. Харин шинэчилсэн найруулгаар тухайн байгууллагын санхүүгийн асуудалд тулгамдсан асуудалтай уялдуулан 2 жил хүртэлх хугацаанд татварын өр төлөх хугацааг сунгаж буй юм. Харин Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль олон улсын татварын шинэлэг зарчмуудыг өөрийн орны нөхцөлд нийцүүлэн нэвтрүүлэх, сүүлийн үед гарч байгаа татвараас зайлсхийх явдлаас хамгаалах, татварын бааз суурийг өргөжүүлэх зорилготой юм.
Одоогийн хэрэгжиж байгаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль 2006 онд батлагдсан бөгөөд энэ хугацаанд манай улсын эдийн засаг, санхүүгийн орчин эрс өөрчлөгдөж, олон улсын бизнесийн харилцаанд орж, үндэстэн дамнасан компаниудын үйл ажиллагаа идэвхжиж буй юм. Иймд хурдацтай өөрчлөгдөж буй нөхцөлтэй уялдуулан орлого, зарлага тооцох зарчим, алдагдал шилжүүлэх хугацаа зэрэг татварын олон харилцааг орчин үеийн жишиг, шаардлагад нийцүүлэн шинэчлэх шаардлага тулгараад байгаа юм.
Шинэчилсэн найруулгын төсөлд 50-300 сая төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж 1 хувь, 300 саяас 1.5 тэрбум төгрөгийн орлоготой аж ахуйн нэгжүүд 10 хувийн татвар төлөөд 9 хувийг нь буцаан авдаг байх зохицуулалт тусгасан юм. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгад татварын хялбаршуулсан тогтолцоог нэвтрүүлэхээр тусгажээ. Одоогийн мөрдөж буй хуулиар аж ахуйн бүх төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг хувь хүн албан татвараа нэг тайлангийн маягтаар, ижил хугацаанд тайлагнаж, төлдөг байна.
Иймд хувиараа бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг хувь хүнийг дэмжих, тэдний татвар төлөхтэй холбоотой зардлыг бууруулах, тайлагнах ажиллагааг хялбарчлах зорилгоор хялбаршуулсан татварын тайлагнал, төлөлтийн заалтуудыг тусгасан байна. Үүний дагуу 50 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой хувь хүн орлогынхоо 1 хувьтай тэнцэх татварыг төлж, жилд нэг удаа тайлагнаж болохоор зааж буй юм байна. Мөн Улаанбаатар хотоос 500 км-ээс хол орон нутгийн хувиараа бизнес эрхлэгчид 50 хувь, 1000 км болон түүнээс хол бол 90 хувийн татварын хөнгөлөлт эдлэх заалт оруулэв.
Түүнчлэн Монгол Улсын иргэн бүр татварын мэдээллийн санд 11 оронтой дугаартай болох бөгөөд ингэснээр хувь хүний орлогыг тогтоох, татвар хураах болон буцаан олголтыг цахимаар хийх боломжийг бүрдүүлэх аж.