H1N1 гарсан тул олон нийтийн бүхий л үйл ажиллагааг цуцалжээ
Хэвтэн эмчлүүлэгчдээс ХӨСҮТ-д 18 сорьц шинжилгээнд явуулснаас 10 хүний сорьц шинжилгээгээр томуугийн H1N1 вирус илэрсэн нь аймгийн хэмжээнд олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахыг хориглосон шийдвэрийг Онцгой комиссын хурлаас гаргалаа. Уг хурлаар эмнэлэгийн байгууллагад хэрэгцээтэй эм, тариа, багаж тоног төхөөрөмж, хүний нөөц, эмнэлгийн ажилчдын илүү цагийн ажлын хөлс мөнгийг аймгийн Засаг даргын нөөцөөс шийдвэрлэхээр боллоо.
Мөн энэ сарын 24-26-ны өдрүүдэд тус аймагт зохиогдохоор товлоод байсан “Хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрлэлтийн жил”-ийн нээлт, “Малчдын зөвлөгөөн”, “Ингэний айрагны баяр”, аймгийн аварга шалгаруулах хурдан тэмээний уралдаан зэрэг олон арга хэмжээг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах шийдвэр гаргажээ.
Дашрамд дуулгахад, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл томуу, томуу төст өвчний өвчлөлийн талаар мэдээлэл өгөхдөө Улаанбаатар болон Говь-Алтай, Дундговь аймагт тус бүр нэг иргэн H1N1 вирусийн халдварын улмаас нас барсан гэдгийг хэлсэн бөгөөд тус аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчлөл ихсэж, H1N1 вирусын халдвар гарсантай холбогдуулан ийнхүү олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэсэн байна.