Шинэ мэдээ

М.Энхболд: Би Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг дэмжиж байгаа

 

УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр үдээс хойш товлосон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанд орохын өмнө сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ  “Жагсаж байгаа иргэдийн төлөөлөл, УИХ-ын зарим гишүүд надтай уулзъя гэдэг хүсэлт тавьсан. Хүсэлтийн дагуу би уулзаж, тэдний санал бодол, шаардлагыг нь сонссон. Өмнөх буюу 2018 оны 12 дугаар сарны 27-ны өдөр болсон жагсаалаас надад ирүүлсэн 4-5 зүйл бүхий шаардлагын хариу тайлбарыг бичсэн хоёр бүтэн, нэг хагас хуудас бүхий шаардлагын хариуг танилцуулсан. Гэвч тэд шаардлагынхаа хариутай танилцахгүй, хариуг хүлээж авахгүй гэдэг зүйлийг ярьсан.

УИХ-ын даргыг огцруулах, чөлөөлөх асуудал хуулийн дагуу байх ёстой. УИХ-ын гишүүдийн тавьсан шаардлагыг Төрийн байгуулалтын байнгын хороо хуульд нийцээгүй учраас уг асуудлыг хэлэлцэж, ярилцах боломжгүй байна гэдэг дүгнэлт гаргасныг та бүхэн мэдэж байгаа байх. Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын даргыг чөлөөлөх, огцруулах асуудлаар хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг санаачлаад явж байгаа. Төслийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу УИХ-аар хэлэлцүүлээд явж байна. Би энэ хуулийн төслийг дэмжиж байгаа” гэв.

Энэхүү мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв.

-Сая таны өрөөнд яг юу болсон юм бэ?

-Орж ирсэн улсууд нэлээн бухимдалтай байсан. Би үүнийг ойлгож байгаа. Гадаа ч иргэд, олон нийт бухимдалтай байна. Иргэдийн амьдрал сайнгүй байна. Энэ тулгамдаж байгаа хүндрэл, бэрхшээлтэй эдийн засгийн нөхцөл байдлыг УИХ, Засгийн газар үйл ажиллагаагаа хэвийн тасралтгүй явуулж, түргэн шуурхай шийдэх хэрэгтэй. УИХ-аар шийдвэрлэх гээд 9 удаа хойшилсон хуулиудаа хэлэлцэж, иргэдийн бухимдлыг төрүүлж байгаа асуудлыг шийдэх ёстой. Тиймээс УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулахад гишүүд анхаараасай гэж хүсэж байна.

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр энэ асуудал яригдах уу?

-Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувьд хурал зарласан. Би тэр хурал руу орох гээд явж байна.

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close