Улсын Их Хурлын Тамгын газар 2018 оны тайлангийн хурлаа өнөөдөр (2018.12.31) хийлээ. Тайлангийн хуралд УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Амгалан, Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн болон хэлтэс, нэгжийн дарга нар, Тамгын газрын нийт ажилтнууд оролцлоо.
УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн дарга нар өөрсдийн эрхлэх асуудлын хүрээнд харьяалагддаг хэлтэс, нэгжийн ажилтнуудад УИХ-ын Тамгын газрын 2018 оны үйл ажиллагааны тайланг танилцуулж, ирэх онд анхаарах асуудлын талаар үүрэг чиглэл өгсөн юм.
УИХ-ын Тамгын газраас өнгөрч буй 2018 оныг “Сахилга, хариуцлагыг сайжруулах” жил болгосон. Энэ үндсэн дээр өмнөх жилүүдийн ололт амжилтаа бататган, үйл ажиллагааны чанарыг дээшлүүлэх зорилт дэвшүүлж 2019 оныг “Чанарыг сайжруулах жил” болгон зарлалаа.
“УИХ-ын хууль тогтоох, төрийн бодлого тодорхойлох, хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, ажиллах нөхцөлөөр хангах үүргээ УИХ-ын Тамгын газар амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүний нэг илрэл нь УИХ-ын Тамгын газар өмнөө тавьсан зорилтоо бүрэн биелүүлж, нийт ажилтны 73 хувь нь үр дүнгийн гэрээгээ “А” үнэлгээтэй дүгнүүлсэн.
Түүнчлэн УИХ-ын үйл ажиллагаанд техник, технологийн дэвшил нэвтрүүлэх, ажиллагсдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, ажиллах нөхцөл боломжийг сайжруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр нэлээд ажил хийж гүйцэтгэсэн. Тухайлбал, УИХ-ын Тамгын газрын дотоод сүлжээг шинэчлэх, шинэ IPTV-г нэвтрүүлж, дотоод мэдээллийн өөрийн гэсэн сувагтай боллоо. Нийт ажилтнаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд болон томуугийн эсрэг вакцинд хамруулав.
Мөн давхардсан тоогоор 34 ажилтныг олон улсын хурал, семинар, сургалт, туршлага судлах аялалд хамруулж, орон сууцны дэмжлэг үзүүллээ” хэмээн УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Амгалан, Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн хэлсэн үгэндээ онцоллоо.
УИХ-аас 2018 онд нийтдээ 112 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, бие даасан 27 хууль, УИХ-ын тогтоол 89-ийг тус тус баталсан. Ингэснээр УИХ нь төрийн бодлого, эрх зүйн актуудыг шинэчлэх, нийгмийн харилцааг зохицуулах хүрээнд үр бүтээлтэй ажилласан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.