Нийслэлийн хүн амын ундны ус, хөрсөнд цацрагийн хяналт шинжилгээ хийв
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Улаанбаатар хотын ундны ус, суурьшлын бүсийн хөрснөөс хүний эрүүл мэндэд үзүүлэх цацрагийн сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, цацрагийн аюулгүй байдлын шаардлагыг хангаж буй эсэхэд хяналт тавих зорилгоор төвлөрсөн ус хангамжийн долоон эх үүсвэр, гүний 45 худгийн ус, нийслэл хотод 69 цэгээс хөрсний дээж авч, Цацрагийн хяналтын лабораториор байгалийн болон зохиомол цацраг идэвхт изотопын хувийн идэвхийг тодорхойлох шинжилгээг хийлгүүлжээ.
Хяналт шинжилгээний дүнгээр ундны ус нь Цацрагийн аюулгүй байдлын норм, стандартын шаардлагыг хангасан байна. Мөн хөрсний дээж дэх цацраг идэвхт изотопуудын хувийн идэвх нь Цацрагийн хамгаалалт аюулгүй ажиллагааны үндсэн дүрмийн үүсэж тогтсон шарлагын нөхцөлд хамаарах байгалийн цацрагийн шарлагын түвшинд байгалийн цацрагийн дэвсгэр түвшинд байгаа аж.